Зураг
Зураг

Тупак Шакурын аллагатай холбоотой гэмт хэргийн бүлгийн толгойлогч асан АНУ-ын шүүхээс бүх насаар хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мягмар гарагт Лас-Вегас хотын шүүх хип-хоп од Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэм буруутай гэж үзээд гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч асан этгээдэд 40 жилийн хугацаанд заавал хоригдох нөхцөлтэй бүх насаар хорих ял оноолоо. Өөрөөр хэлбэл тухайн этгээд 40 жилийн хугацаанд заавал хоригдсоны дараа өршөөл гуйх эрхтэй болох юм.

Ингэснээр рэп хөгжмийн "алтан үе"-ийг тодорхойлсон, олон жилийн турш шийдэгдээгүй байсан уг аллагын хэргийн шүүх ажиллагаа эцэслэн шийдэгдэж байна.

Наймдугаар сард санаатай хүн амины хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон 63 настай Дуэйн "Keffe D" Дэвис энэхүү ялыг сонссон юм.

Тэр 2023 онд баривчлагдаж байв.

Хөгжмийн продюсер Мэрион "Suge" Найтын жолоодож явсан SUV загварын автомашины зорчигчийн суудалд сууж байхдаа буудуулж амиа алдсан Шакурын хэрэг нь Америкийн хамгийн дуулиантай, шийдэгдээгүй хэргүүдийн нэг байсаар ирсэн юм.

Рэп хөгжмийн салбарын хамгийн амжилттай, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгийг үгүй ​​хийсэн энэхүү аллага нь 1990-ээд оны хип-хоп соёлд хүчирхийллийн дүр төрхийг улам бүр бэхжүүлж, тухайн үеийн Зүүн болон Баруун эргийн "гангста" рэп урсгалынхны хоорондох алдарт зөрчил мөргөлдөөнийг хурцатгасан билээ.

Дэвис гэм буруутайд тооцогдсон хэдий ч 25 настай домогт одын амийг хөнөөсөн халдлагын үеэр “хэн бууны гох дарсан бэ” гэдэг асуулт эцэслэн шийдэгдээгүй хэвээр үлдэж байна.

Дэвисийг 1996 оны есдүгээр сарын 7-ны өдөр Лас-Вегасын "MGM Grand" казинод Шакур болон түүний багийн гишүүд өөрийнх нь зээ дүүг зодсоны хариуг авах зорилгоор уг аллагыг зохион байгуулсан хэргээр шүүж, ял оноосон юм.

Дэвис шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Казинод болсон зодоон нь Лос-Анжелес орчмын гудамжны хоёр гэмт хэргийн бүлэглэлийн хоорондох дайсагналаас үүдэлтэй байв. Эдгээр нь Дэвисийн тэргүүлдэг байсан "South Side Compton Crips" болон Шакур, Найт, тэдний "Death Row Records" студитэй холбоотой байсан "Mob Piru" бүлэглэлүүд байжээ.

Хоёр бүлэглэлийн гишүүд тухайн орой Майк Тайсон болон Брюс Селдон нарын хооронд болох хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах боксын тулааныг үзэхээр Лас-Вегаст ирээд байсан юм. Казинод болсон зодооны дараахан Дэвис өөрийн зээ хүү болон бусад хоёр хамсаатнаа цагаан өнгийн "Cadillac" машинд суулгаж, өшөө авах зорилгоор Шакур, Найт нарыг хайхаар явсан тухай тэрбээр хожим өөр хэргийн мөрдөн байцаалтын үеэр цагдаа нарт ярьж, прокурорууд түүнийг хүн амины хэргээр шалгахдаа энэ мэдүүлгийг ашигласан байна.

Дэвис машинд өөрийнх нь ард сууж явсан хоёр хүнд буу дамжуулж өгсөн бөгөөд тэдний нэг нь Найт, Шакур нарын машиныг гүйцэж очоод хажууд нь зэрэгцэн зогсох үед цонхоор гал нээжээ.

Шакур дөрвөн удаа буудуулж, зургаа хоногийн дараа эмнэлэгт нас барсан байна. Толгойг нь шүргэсэн сумны хэлтэрхийгээс болж хөнгөн шархадсан Найт одоогоор өөр хэргээр буюу санаатайгаар хүний ​​амь хөнөөсөн хэргээр 28 жилийн хорих ял эдэлж байгаа аж.

Эрх баригчид Шакурын амийг хөнөөх хэрэгт холбоотой гэж Дэвисийг удаан хугацаанд сэжиглэж байсан ч түүнийг яллахад хангалттай нотлох баримт дутагдалтай байжээ.

Харин тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дурсамж номдоо өөрийн түүхийг ил болгосноор нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Энэхүү ном болон мөрдөн байцаагчидтай нууцаар уулзсан бичлэгүүд нь прокурорын хүн амины хэргийн нотлох баримтын гол хэсгийг бүрдүүлжээ.

Дэвис "Compton Street Legend" дурсамж номдоо Шакур болон түүний өрсөлдөгч рэппер Кристофер Уоллес нарын хэн хэнийх нь амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байснаа бичсэн байдаг.

Нью-Йорк хотод төвтэй "Bad Boy Entertainment" студийн харьяанд "Notorious B.I.G." нэрээр уран бүтээлээ туурвидаг байсан Уоллес 1997 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотод буудуулж амиа алдсан юм.

Уоллесын амийг хөнөөсөн хэрэг одоог хүртэл илрээгүй байгаа ч түүнийг хэдэн сарын өмнө Шакурыг хөнөөсөн хэргийн хариу болгон буудаж алсан гэх таамаглал удаан хугацаанд яригдсаар ирсэн байдаг.

Хэдийгээр Шакурын амийг Дэвис өөрөө буудан хөнөөсөн гэж буруутгаагүй ч Невада мужийн хуулиар гэмт хэрэгт оролцсон этгээдийг хүн амины хэргээр яллах боломжтой байдаг юм.

Тэр шөнө Дэвистэй хамт "Cadillac" машинд явсан бусад гурван хүн бүгд хожим нас барсан тул гэрч үлдээгүй байна.

 

Эх сурвалж: Reuters