Инфляц есдүгээр сард 12.9 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс хүнсний бүлгийн үнэ 20.8 хувиар өслөө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Инфляцын түвшин 2025 оны есдүгээр сард 9 хувь байсан бол 2026 оны есдүгээр сард 12.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар өслөө. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (15.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (34.3%) тус тус нөлөөлжээ.
2026 оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.5 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 20.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.0 хувиар тус тус өссөн байгаа юм.
Харин тус сард Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 16.3 хувь, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийн үнэ 11.5 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 27.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 11.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Инфляцын түвшин 2026 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 12.9 хувь гарсны 5.6 (43.8%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2.2 (17.3%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 1.2 (9.1%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 0.9 (7.2%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
