Баавгайн дайралтад өртөж амиа алдсан болон хүнд гэмтсэн иргэний ар гэрт хандивын гараа сунгахыг хүслээ
Баавгайн дайралтад өртөж хүндээр гэмтсэн болон амиа алдсан иргэний ард гэрт хандивын гараа сунгах, суурин газарт олонтаа үзэгдэж, олон нийтийг айлгах болсон баавгайг агнах зөвшөөрөл өгөхийг уриалж өнөөдөр гэр бүл нь Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хүнд гэмтсэн иргэн н.Нарангэрэл ухаан орсон ч биеийн байдал хүнд, шокноос гараагүй, зөвхөн эм, тарианы нөлөөгөөр унтаж байгааг ар гэрийнхэн нь хэлж байв. Олон удаагийн мэс засал, эмчилгээнүүд хийлгэх шаардлагатайгаас гадна гэр нь бүрэн сүйдэж, амьдрах газаргүй болсон тул олон нийтээс тусламжийн гараа сунгахыг ар гэр нь хүссэн юм. Мөн амиа алдсан иргэний гэр бүлд туслахыг уриаллаа.
Хүнд гэмтсэн иргэний эгч н.Сарангэрэл "Миний дүүд хандивын гараа сунгахыг хүсье. Сая тархины хагалгаанд орсон. Хавирга, эрүү хугаралттай, дал мөрнөөс доош оёдол тавьсан. Олон дахин хагалгаанд орно гэдгийг эмч нар хэлсэн. Тархины хагалгааны шарх эдгэсний дараа эрүүний хагалгаанд орно. Мөн тархины нэг хэсэгт үхжилт явагдаж байгаа гэсэн. Өвдөлт их, унтуулах эм тариа байнга хэрэглэж байгаа. Та бүхэн минь туслаач" гэлээ.
Тухайн иргэний эмчилгээний хугацаа болон гарах зардлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.
Баавгайн халдлага болсон айлын талаарх дуудлага мэдээллийг анх өгсөн иргэн Ш.Одонгоо "Амиа алдсан хүн маань хорхойд хоргүй, үргэлж хүмүүст тусалдаг мундаг залуу байлаа. Байгаль нь л аваад явлаа гэж гэрийнхэн нь хэлж байсан. Гэр бүлд нь маш хэцүү байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдоод ах дүүстэй нь уулзаж туслахыг та бүхнээс хүсье. 6-7 дугаар ангийн нэг охинтой. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, ярьж чаддаггүй, хараа муу хүн байдаг. Тэдний амьдардаг газрыг нь бид мэдэх учраас биднээр дамжуулаад өнчирч үлдсэн үр хүүхдэд нь туслаасай гэж хүсэж байна" гэв.
Түүнчлэн баавгай суурин газарт үзэгдэх болсноор айлуудад айдас төрөөд байгаа тул квот тогтоож, агнах зөвшөөрөл өгөх санал гаргаж байгаа талаараа Улсын харцага Г.Ганхуяг "Хүнд гэмтсэн иргэн н.Нарангэрэлийг өчигдөр гэр бүлийнх нь хамт Гэмтлийн эмнэлэгт эргэж очсон. Ухаан орсон байгаа. Гавлын яс нь цөмөрсөн, хуйхны яс гэмтсэн, цээж нь бэртсэн. Хүнд гэмтэлтэй тул шөнөжин ёолж хонож байна.
Тиймээс ичээнд орохоосоо өмнө юу ч хамаагүй хийдэг. Мал барина, хүн барина. н.Нарангэрэл эгчийнд бие гүйцсэн баавгай халдсан байсан. Тугалын хашаа гэртэй нь бараг залгаа шахам ойрхон байхад тугалын хажуугаар өнгөрч гэр рүү нь дайрч хүн барьж байгаа нь маш аюултай дохио өгч байна. Монголчууд бид нэг хүнээ баавгайд алдлаа.
Монгол Улс энэ онд 30 буга, 100 гаруй угалз, 140 янгирын тэх агнуулах зөвшөөрөл гаргаж, агнуулсан. Гадаад анчид ирж агнасан.
Сибирийн түймрээс хойш маш олон том баавгай ирсэн. Оросын хөвчид самар нь том тул баавгай нь ч том байдаг. Ийм том баавгай нь монгол баавгайнуудыг хөөж, нааш нь оруулсан гэж анчид ярьж байгаа. Анчдын хувьд квот өгөөд байгаль хамгаалагчийн хяналт дор баавгай агнуулаач гэж хүсэлт тавьж байгаа. Баавгайгаа мөнгөөр үнэлээд, улсдаа ч орлого оруулъя гэж байгаа. Баавгайг үзээгүй хүмүүс бамбарууш шигээр хайрлаж, өрөвдөөд байна. Энэ бол маш хүчтэй араатан. Нас бие гүйцсэн том баавгай 10 км-ын радиус газрын өөрийн эзэмшил болгон амьдардаг. Хэрэв тэр баавгайг агнавал тухайн газарт нь таван жижиг баавгай амьдрах боломжтой болж, суурин газарт орж ирэхгүй" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
