Зураг
Зураг

Трамп гал зогсоох тохиролцоо зарласнаас хойш Украины эрчим хүчний зургаан байгууламж Оросын цохилтод өртсөн гэнэ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улс эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа Орос улс Украины эрчим хүчний зургаан байгууламжид агаараас довтолсныг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Ням гарагт Трамп уг тохиролцоог зарлахдаа "нэн даруй хэрэгжиж эхэлнэ" гэж амлаж байсан юм.

Оросын агаарын цохилтын улмаас цахилгаан дамжуулах сүлжээ гэмтэж, Изюм хотод цахилгаан хангамж тасарсан тухай Украины төрийн мэдлийн агентлаг "Укринформ" мэдээлсэн бол баруун Украинд ч мөн шөнийн цагаар эрчим хүч, төмөр замын дэд бүтэц агаарын цохилтод өртсөн байна.

Даваа гарагт Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоосноор бий болох "түр амсхийх боломжийг" Украин улс хүртэх эрхгүй гэж мэдэгджээ.

Зеленский тус улс даяар эрчим хүчний байгууламжууд агаарын цохилтод өртсөний улмаас нийтдээ 33 хүн шархадсаныг мэдээлсэн байна.

Тэрбээр "Fox News" сувагт өгсөн ярилцлагадаа "Бид халдлага үйлдээгүй байхад Орос улс манай хийн станцууд, эрчим хүчний дэд бүтэц болон бусад байгууламжуудад халдлаа" гэж хэлжээ.

"Үүнийг Путиний зүгээс ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд өгсөн хариулт гэж би бодож байна" гэж тэр нэмж хэлсэн юм.

Дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүд АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө түлш шатахууны үнийг өсгөөд байгаа бөгөөд Трамп үүнийг шийдвэрлэхийн тулд Баасан гарагт Оросын дизель түлшийг АНУ-ын зах зээлд импортлох төлөвлөгөөгөө зарласан билээ.

Даваа гарагт Украины төрийн өмчит түгээх сүлжээний оператор "Укрэнерго" компани Оросын халдлагын улмаас эрчим хүчний тоног төхөөрөмж гэмтэж, Харьков, Донецк, Запорожье мужуудад "цахилгаан тасрах шинэ тохиолдлууд" гарч эхэлснийг мэдээлжээ.

Гэмтсэн тоног төхөөрөмжид хэт ачаалал өгөхөөс сэргийлэхийн тулд Украины зарим хэсэгт цахилгааны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.

Зеленский үүнийг Орос улс "эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоог хүлээн зөвшөөрөх сонирхолгүй" байгаагийн нотолгоо гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

Даваа гарагийн орой Киев хотын дарга Виталий Кличко Телеграм сувгаараа дамжуулан Дарницкий дүүрэгт байрлах 25 давхар орон сууцны барилга дроны цохилтод өртсөн тухай мэдээлжээ.

Тус барилгын хашаанд байсан хэд хэдэн машин шатсан бөгөөд энэ үеэр нэг хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна.

Ням гарагт Трамп гал зогсоох тохиролцоог зарлахад Зеленский үүнийг мэдээгүй, анх удаа сонсож байгаагаа илэрхийлж байв.

Даваа гарагт энэ талаар сэтгүүлчид асуухад Трамп "би зөвшөөр гэж тулгасан учраас" тэд зөвшөөрсөн гэж мэдэгдээд уг дайныг яралтай "шийдвэрлэх шаардлагатай" байгааг нэмж онцолсон байна.

"Тоо баримтаас харвал энэ дайн бол жинхэнэ гамшиг" гэж тэрбээр хэлжээ.

Украин болон Орос улсууд олон сарын турш харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцэд довтолж байгаа бөгөөд сүүлийн үед аль аль тал нь өвлийн улирал эхлэхээс өмнө халдлагаа эрчимжүүлээд байна.

BBC Verify албаны тооцоолсноор 2026 онд Оросын хяналтад буй газрын тос, байгалийн хийн байгууламжуудад 273 удаагийн цохилт бүртгэгдсэн нь 2025 оны мөн үед бүртгэгдсэн 124 удаагийн цохилттой харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт юм.

Үүнээс гадна мөргөлдөөнийг хянадаг олон улсын байгууллага болох "Зэвсэгт мөргөлдөөний байршил, үйл явдлын мэдээллийн төсөл" (ACLED)-ийн цуглуулсан мэдээллээр энэ онд Украины эрчим хүчний сүлжээг чиглэсэн Оросын халдлага өмнөх жилээсээ 2.4 дахин олон бүртгэгджээ.

Оросын газрын тосны дэд бүтцэд довтлохоо зогсоохыг Украин улсад Трамп уриалж байгаа бөгөөд ингэснээр Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх тухай саяхан байгуулсан хэлэлцээрээ биелүүлэх боломжтой гэж тэр үзэж байна.

Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Оросын эрчим хүчний импортод тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг түр хугацаанд цуцалсан бөгөөд Зеленский үүнийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд өгсөн "бэлэг" гэж тодорхойлсон юм.

Их Британи, Франц, Канад болон Европын Холбоо эрчим хүчний салбарт гал зогсоох Трампын санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн ч бодитой хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байна.

Тухайлбал Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоо "хэрэгжиж эхэлбэл" талархан хүлээн авах болно гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC