Бүгд Найрамдах намыг аврахын тулд Илон Маск завсрын сонгуулийн хамгийн том хандивлагч болж, $276 саяыг зарцуулжээ
Дэлхийн цорын ганц их наядтан болох Илон Маск ирэх сард болох Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдахчуудын олонхын байр суурийг хадгалахын тулд долдугаар сараас хойш $276 сая гаруйг зарцуулж, энэ сонгуулийн хамгийн том хандивлагч болжээ.
Энэхүү тоон мэдээллийг "New York Times" сонин анх мэдээлсэн бөгөөд үүнийг Маскийн "super PAC" гэгддэг улс төрийн үйл ажиллагааны хорооны хэвлэлийн төлөөлөгч Эндрю Ромео баталсан байна.
Уг санхүүжилтэд Сенатад өрсөлдөж буй Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмждэг гол байгууллага болох "Senate Leadership Fund"-д хандивласан $158 сая багтаж байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн том улс төрийн хандив, санхүүжилтүүдийн нэгд тооцогджээ.
Мөн $76 саяыг Маск өөрийн үүсгэн байгуулсан "America PAC” байгууллагад шилжүүлсэн нь тодорхой болсон байна.
Тус байгууллага нь 2024 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг сонгогдоход туслах зорилгоор айл өрхүүдээр явж, сурталчилгаа хийх замаар сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх томоохон ажиллагаа явуулж байсан бол энэ удаа дахин ийм арга хэмжээ зохион байгуулжээ.
Түүнчлэн Маск бас Техас мужаас Сенатад өрсөлдөж буй Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Кэн Пакстоныг дэмждэг "Lone Star Liberty PAC" байгууллагад $10 саяыг хандивласан байна. Техас муж нь энэ сонгуулиар Маскийн хамгийн их анхаарал тавьж байгаа өрсөлдөөний талбар юм.
Өнгөрсөн оны тавдугаар сард Маск ирээдүйд улс төрийн зорилгоор зарцуулах хөрөнгөө танахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан бол өнөөдөр ийнхүү эсрэгээрээ эргэж байна.
Тэр үед Маск "Би улс төрд хангалттай зүйл хийсэн гэж бодож байна" хэмээн залхсан өнгөөр мэдэгдэж байжээ.
Энэ удаа их хэмжээний хөрөнгө зарцуулж буй хэдий ч Маск олны өмнө гарах нь харьцангуй бага байна. Жишээлбэл тэр өмнө нь Трамптай хамт сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцож, тайзан дээр гарч байсан бол ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхэн үед засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг удирдаж байв.
Тэрбээр засгийн газрын албан тушаалаа орхих үедээ Трамптай зөрчилдөж байсан ч хожим эвлэрсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Трамп шинжлэх ухааны үндэсний медалиар Маскийг шагнаж байлаа.
Маскийн хөрөнгийн хэмжээ энэ онд хувьцааны үнийн өөрчлөлтөөс шалтгаалан их наяд долларын босго орчимд хэлбэлзэж байсан ч өнгөрсөн долоо хоногт түүний хөрөнгийн хэмжээ дахин $1 их наядыг давсан тухай "Forbes" сэтгүүл мэдээлжээ.
Бүгд Найрамдахчууд энэ сонгуулиар Ардчилсан намынхантай харьцуулахад санхүүгийн хувьд маш том давуу талтай байгаа.
Гэсэн хэдий ч Трампын гүйцэтгэлд сонгогчдын өгч буй тааруу үнэлгээ, амьжиргааны өндөр өртөг, Ирантай хийсэн дайны улмаас өссөн эрчин хүчний үнэ зэрэг нь тус намын хувьд томоохон дарамт болж байна.
"Бүгд Найрамдахчууд энэ сонгуулийг худалдаж авахыг хүсэж, олон арван сая долларыг нэр хүндгүй нэр дэвшигчид, нэр хүндгүй ерөнхийлөгч, нэр хүндгүй эдийн засгаа авч гарах уралдаанд цацаж байна" гэж Ардчилсан намын Сенат дахь хорооны хэвлэлийн төлөөлөгч Лорен Фрэнч хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
