Онгоцонд бясаа илэрсэн шалтгаанаар Австралийн агаарын тээвэрлэгч Qantas компани нислэгээ цуцалжээ
Бямба гарагт Италиас Австрали руу нисэхээр төлөвлөгдсөн Qantas компанийн нислэг цуцлагджээ. Онгоцон дотор бясаа илэрсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
"Sydney Morning Herald" сонинд мэдээлснээр өмнөх өдөр нь буюу Баасан гарагт Пертээс Ром руу хийсэн 17 орчим цагийн урт нислэгийн үеэр зарим зорчигч уг шавжид хазуулсан тухай гомдол гаргасан байна.
Тэдний хазуулсан газрын загатнааг намдаахын тулд нислэгийн багийнхан харшлын эсрэг эм (антигистамин) өгсөн боловч эмийн нөөц нь хүрэлгүй дуусаж байжээ.
Qantas компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ийм шалтгаанаар Boeing 787 Dreamliner загварын уг онгоцонд "нарийвчилсан цэвэрлэгээ" хийх зорилгоор ашиглалтаас түр гаргахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Тус төлөөлөгч "Энгийн ангиллын цөөн тооны суудалд асуудал илэрсний дараа инженер, засвар үйлчилгээний баг онгоцонд нарийвчилсан цэвэрлэгээ хийх болсон тул Бямба гарагт Ромоос Перт рүү хийх нислэгийг цуцлахад хүрсэнд үйлчлүүлэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэжээ.
Аялал нь саатсан бүх зорчигчийг байрлах газраар хангаж, анх төлөвлөсөн нислэгийн цагаас хойш 48 цагийн дотор өөр нислэгт шилжүүлэн суулгасныг Qantas компани мэдэгдсэн байна.
Бясаа нь хувцас, тавилга, ор дэрний хэрэгсэл дунд амьдрах чадвартай, далавчгүй, жижиг хэмжээтэй шимэгч хорхой юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр тэдний хазалт загатнаа үүсгэдэг ч эрүүл мэндэд ноцтой асуудал учруулах нь ховор байдаг гэнэ.
Гэвч бясаанаас салах хэцүү бөгөөд зардал ихтэй ажил байдаг.
Тэдгээртэй тэмцэхдээ ор дэрний хэрэгсэл, хувцас, хөшиг зэрэг гэрийн эд зүйлсийг халуун усаар угааж, хатаагчаар хатаах, эсвэл гялгар уутанд хийн хөлдөөгчид 3-4 хоног байлгах зэрэг арга хэрэглэдэг юм.
Бясаанаас болж аялал жуулчлал, тээврийн үйл ажиллагаа саатах явдал өмнө нь гарч байсан. Тухайлбал хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Англид галт тэрэгний жолооч нар бүхээг дотроосоо ийм шавж олсны улмаас Southeastern компанийн хэд хэдэн галт тэрэгний аялал цуцлагдаж байв.
2017 онд Ванкуверээс Лондон руу зорчсон гэр бүлээс British Airways компани уучлалт гуйж байсан удаатай. Учир нь уг шөнийн нислэгийн үеэр тус гэр бүлийнхэн бясаанд олон удаа хазуулж байжээ.
Мөн өнгөрсөн жил Turkish Airlines компани онгоцны суудлаас нь бясаа илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан ч хариу арга хэмжээ аваагүй гэсэн шүүмжлэлд өртөж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
