Пиццаг ханборгоцой жимсээр амтлахыг эсэргүүцсэн итали тогооч Австралийн нэг ресторанаас халагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Австралийн Брисбэн хотын нэгэн ресторанаас итали тогооч халагдсан нь пиццан дээр хан боргоцой тавихаас татгалзаж, үүнийг "өөрийн үндэсний соёлыг доромжилсон хэрэг" гэж үзсэнтэй холбоотой байжээ.

Одоо хаагдаад буй "La Costa" ресторанд ажиллаж байсан Давид Тамбуреллаг тавдугаар сард халсан юм байна.

Үүнээс хоёр долоо хоногийн өмнө рестораны удирдлага түүний зан авиртай холбоотой хэд хэдэн гомдлыг хэлэлцэхээр уулзаж байжээ.

Гомдлуудын нэг нь Тамбурелла хүлээн авалтын үеэр зочдод зориулан хиам, хан боргоцойтой пицца бэлтгэхээс татгалзсан явдал байв. Тухайн үед тогооч хэлэхдээ удирдлагын өгсөн зааварчилгааг "өөрийнх нь үндэсний соёлыг доромжилсон хэрэг тул түүнийг дагах албагүй" гэж байжээ.

Тогооч өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн Австралийн "Шударга Хөдөлмөрийн Комисс”-т хандсаны дараа энэ хэргийн талаар мэдээлэл нийтэд ил болж байгаа юм байна.

Мягмар гарагт гаргасан шийдвэртээ тус комисс Тамбурелла пиццан дээр хан боргоцой тавихаас татгалзсан шалтгааныг "Итали хүний ​​хувьд тэрээр пиццан дээр хан боргоцой тавихыг өөрийн соёлыг доромжилсон хэрэг гэж үздэг" хэмээн тайлбарлажээ.

Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Тамбурелла пиццаг хан боргоцойгоор амтлахаас гурав дахь удаагаа татгалзсан тохиолдол энэ болохыг дурдсан байна.

Тэрбээр өмнө нь удирдлагаасаа "Итали хүмүүсийн хувьд пиццан дээр хан боргоцой тавихгүй байх нь хэр чухал болохыг судалж, ойлгохыг" хүсэж байжээ.

Тус ресторан байрладаг Күинсленд муж нь Австралид хан боргоцой хамгийн ихээр тариалагддаг бүс нутаг бөгөөд тус улсын арилжааны зориулалттай бүх хан боргоцойг энд тариалдаг байна.

Энэ мужийн "Sunshine Coast" бүсэд жуулчдад үзүүлэх зорилгоор "The Big Pineapple" хэмээх 16 метрийн өндөртэй ханборгоцойн хөшөөг шилээр босгосон нь соёлын өвд бүртгэгдсэн байдаг.

Комиссын дүгнэлтэд Тамбуреллагийн бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг, харилцаа муутай байдал, мөн "ажлын байран дахь бухимдал нь хурцдаж байсан" зэрэг асуудлууд ч хөндөгджээ.

Шийдвэрт мөн энэ оны дөрөвдүгээр сард ажлын байран дээр болсон нэгэн явдлыг дурдсан байна. Тухайлбал бухимдсан Тамбурелла төмөр бариул цохисны улмаас баруун гарынхаа ясыг хугалж байжээ.

Тамбурелла тус ресторанаар дамжуулан Австрали улсаас мэргэшсэн ажилтны виз (байнгын оршин суух эрх олгох боломжтой) авах зорилготой байсан гэнэ.

Гэвч ажлаасаа халагдсан нь уг үйл явцыг зогсоожээ.

Тус рестораны гүйцэтгэх захирал Эллиот Инграм хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ маргааныг "зүгээр нэг пиццаны орц найрлагаас илүү учир шалтгаантай" гэж тайлбарласан байна.

Тогооч өөрийн LinkedIn хуудсанд өөрийгөө карьерынхаа туршид "онцгой чанартай хоол бэлтгэх", "бизнесийн үр ашгийг дээшлүүлэх" тал дээр анхаарч ирсэн нэгэн хэмээн тодорхойлжээ.

Гурван сарын өмнө тэрбээр "Орц найрлагыг хүндэтгэх нь" сэдвийн дор "тогооч нарт хандсан захидал" нийтэлж байсан байна.

LinkedIn хуудсанд нь дурдсанаар тэр одоо Брисбэн хотын өөр нэг ресторанд ажиллаж байгаа ажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус рестораны цэсэнд хан боргоцой орсон хоол байдаггүй юм байна.

 

Эх сурвалж: BBC