Рио Тинто компани Аргентинд нийт $1.4 тэрбумын хөрөнгө оруулалттай литийн төслүүдээ албан ёсоор нээжээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто нийт $1.4 тэрбумын хөрөнгө оруулалттай литийн төслүүдээ Аргентин улсын Катамарка мужид албан ёсоор нээжээ.
Нээлтийн арга хэмжээнд Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Катамарка мужийн захирагч Раул Халил, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт нар оролцож, тус улсын литийн салбарт томоохон ахиц дэвшил гарсныг онцлон тэмдэглэсэн байна.
Нийт $1.4 тэрбумын хөрөнгө оруулалтын үр дүнд Катамарка мужид Рио Тинто компанийн “Fénix 1B” өргөтгөл болон “Sal de Vida” төслүүд албан ёсоор нээлтээ хийж байгаа юм.
Эдгээр төслүүд хоёулаа төлөвлөсөн хугацаанаасаа өмнө буюу энэ оны хоёрдугаар улиралд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоо үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна.
Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед эдгээр төслүүд нь жилд 25,000 тонн литийн карбонатын эквивалент (LCE) үйлдвэрлэх хүчин чадалтай болж, Рио Тинто компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Аргентин улсын дэлхийн тэргүүлэх лити нийлүүлэгч орнуудын нэг болох байр суурийг улам баталгаажуулах юм.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд ерөнхийлөгч Х.Милей, захирагч Р.Халил нар “Fénix” төслийн талбайд зочилж, Рио Тинтогийн гүйцэтгэх захирал С.Тротттой уулзжээ. Энэ үеэр улс болон орон нутгийн эрх баригчид, ажилтнууд, ханган нийлүүлэгчид, нутгийн уугуул иргэдийн төлөөллийг оролцуулсан албан ёсны нээлтийн арга хэмжээ болж өнгөрсөн байна.
Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей “Fénix төслийн өргөтгөл нь Аргентины уул уурхайн салбарын нөөц бололцоог харуулсан түүхэн чухал үйл явдал юм. Орчин үеийн ертөнцөд нэн шаардлагатай нөөц баялгийг олборлох, үйлдвэрлэхэд чиглэсэн урамшууллын тогтолцоог манай улс дахин бүрдүүлснээр энэ бүхэн боломжтой боллоо.
Ийм том цар хүрээтэй компани Аргентиныг дахин найдвартай түнш гэж үзэн манай улсад хөрөнгө оруулж байгаад бид баяртай байна. Энэ нь бидний сүүлийн хэдэн жилийн хугацаанд гаргасан шийдвэрүүд зөв байсныг баталж байна” гэж хэлжээ.
Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт хэлэхдээ “Өнөөдөр бол Рио Тинтогийн хувьд бахархалтай мөч төдийгүй Аргентины литийн салбарын хувьд чухал үе шат юм. Бид дэлхийн хэмжээнд тэргүүлэх нийлүүлэгч байх байр сууриа улам бэхжүүлж байна. Ерөнхийлөгч Х.Милей, захирагч Р.Халил болон засгийн газар, орон нутгийн эрх баригчидтай уулзсандаа баяртай байна. Мөн ‘Fénix 1B’ болон ‘Sal de Vida’ төслүүдийн ард өрнөж буй ажил үйлсэд ач холбогдол өгсөн тэдэнд талархаж байна” гэсэн юм.
“Эдгээр төсөл нь Катамарка мужид сүүлийн гучин жилийн турш үргэлжилж буй литийн олборлолт болон Аргентин ажилтнуудын маань хуримтлуулсан туршлагад тулгуурлан хэрэгжиж байна. Бид 2028 он гэхэд жилд 200,000 тонн литийн карбонатын эквивалент (LCE) үйлдвэрлэх хүчин чадалд хүрэх дэлхийн хэмжээний зорилтоо биелүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.
Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй нь манай ажилтнуудын хичээл зүтгэл, Аргентины ханган нийлүүлэгчдийн чадавх, мөн орон нутгийн иргэд болон засаг захиргаатай тогтоосон түншлэлийн үр дүн юм. Одоо бид үйлдвэрлэлийн хэмжээг аюулгүйгээр нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ найдвартай, өндөр чанартай литээр хангах, улмаар хувьцаа эзэмшигчид болон Аргентин улсын хувьд урт хугацааны үнэ цэнийг бий болгоход анхаарлаа хандуулж байна” гэжээ.
“Fénix” төсөл нь 1997 онд Аргентин улсын анхны арилжааны зориулалттай литийн үйлдвэрлэл болон эхэлж байсан юм. “Fénix 1B” өргөтгөлийн төсөл нь одоо ажиллаж буй үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 10,000 тонн LCE-ээр нэмэгдүүлж, нийт үйлдвэрлэлийн зорилтот хүчин чадлыг жилд ойролцоогоор 40,000 тонн LCE-д хүргэж байна.
“Sal de Vida” нь “Fénix”-ээс зүүн хойд зүгт ойролцоогоор 20 километрийн зайд байрлах литийн карбонатын шинэ үйлдвэрлэл бөгөөд жилд 15,000 тонн LCE үйлдвэрлэх зорилттой юм.
Эдгээр төслүүд нь Рио Тинто компанийн Аргентинд өргөжин тэлж буй литийн бизнесийн нэг хэсэг бөгөөд үүнд Катамарка, Хухуй, Салта мужуудад хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа “Rincon” литийн төсөл багтаж байна.
Рио Тинтогийн Аргентин дахь өсөлт нь тус улсын ханган нийлүүлэгчдийн сүлжээг бэхжүүлж байгаа бөгөөд литийн төслүүдэд зориулахаар төлөвлөж буй нийт $4 тэрбумын хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг орон нутгийн ханган нийлүүлэгчдээс бараа, үйлчилгээ худалдан авах замаар зарцуулах төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: Business Wire
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


