Украин, Оросын төлөөлөгчидтэй Цагаан ордонд уулзсан Меланиа Трамп тэдэнд урт хугацаанд дайны галаа зогсоохыг уриалав

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өнгөрсөн долоо хоногт Украины өмнөд хэсгийн Херсон бүс нутагт тогтоосон түр эвлэрлийг зуучилж, дайнд нэрвэгдсэн Олешки хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл Пүрэв гарагт тэр уг ажиллагаанд оролцсон Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа "илүү урт удаан" гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалжээ.

Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украины Олешки хотын олон зуун оршин суугч өлсгөлөн, байнгын бөмбөгдөлтөд нэрвэгдээд байсан бөгөөд зургаан өдрийн турш үргэлжилсэн гал зогсоох хугацаанд тэднийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн юм.

"Гэм зэмгүй хүмүүсийн амь нас нь дайны улмаас үүссэн хуваагдлаас илүү үнэ цэнтэй байх ёстой. Олешки хотод болсон үйл явдал илүү өргөн хүрээтэй энх тайвныг авчрах урам зориг болно гэж найдаж байна" хэмээн хатагтай Трамп хэлжээ.

Цагаан ордонд болсон энэхүү онцгой ховор арга хэмжээний үеэр Орос, Украины өндөр албан тушаалтнууд нүүр тулан уулзсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс хойш АНУ-ын зуучлалтайгаар үргэлжилж буй албан ёсны энхийн яриа хэлэлцээнүүдээс тусдаа болсон үйл явдал байлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украины хүний ​​эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч Дмитро Лубинец, ОХУ-ын ижил албан тушаалтан Яна Лантратова, мөн Украины парламентын гишүүн Давид Арахамия, Кремлийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар багтсан байв.

Гал зогсоох хэлэлцээрт Меланиа Трамп чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, Орос болон Украины ерөнхийлөгч нарын талархлыг түүнд дамжуулсан байна.

"Өнгөрсөн долоо хоногт Олешки хот болон Херсон мужийн хөрш зэргэлдээх бүс нутгийн иргэд 2022 оноос хойш анх удаагаа хэвийн амьдралын аз жаргалыг мэдэрлээ" гэж Меланиа хэлээд "Тэд дэлбэрэлтээс айх айдасгүйгээр танил дасал болсон гудамжаараа алхаж чадсан юм" хэмээн онцолжээ.

Тэрбээр Володимир Зеленский, Владимир Путин хоёрт хоёулд нь талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр Оросын төлөөлөгч Дмитриев хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэргүүн хатагтайд Олешки хотоос нүүлгэн шилжүүлэгдсэн 11 настай хүүхдийн зурсан жаазтай зургийг бэлэглэсэн юм.

Харин Украины төлөөлөгчид Зеленскийн зарлигаар олгосон төрийн дээд одонг Меланиад гардуулсан байна.

Украины парламентын гишүүн, Зеленскийн намын бүлгийн дарга бөгөөд хэлэлцээрийн багийн гишүүн Арахамия хэлэхдээ Олешки дахь гал зогсоох үйл явц нь "2022 оноос хойших хурцадмал байдлыг намжаах хамгийн том алхам” болсныг онцолжээ.

Тэрбээр мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрийн "улс төрийн тал" нь "нарийн төвөгтэй" болохыг хүлээн зөвшөөрсөн ч Меланиа Трампаас "энэ ажлаа үргэлжлүүлж, шинэ зорилтууд тавьж, хурцадмал байдлыг улам бүр намжаахыг" украинчууд хүсэж байгааг илэрхийлсэн байна.

Арга хэмжээний төгсгөлд Дмитриев, Арахамия хоёрт тус тусын ерөнхийлөгчдөө дамжуулан өгөх хоёр захидлыг Меланиа гардуулжээ.

Цагаан ордноос мэдээлснээр Меланиа Трамп дараа нь зочдодоо өөрийн сонгосон "энх тайвны хүчирхэг бэлгэдэл” болсон түүхэн хоёр үзмэрийг үзүүлсэн байна.

Үүний нэг нь 1812 онд Цагаан ордныг Британичууд шатаах үед тэндээс авч гарсан, 18-р зууны үеийн эмийн хайрцаг байв. Цагаан ордноос "Нэгэн цагт дайсан байсан АНУ болон Их Британи улсууд эцэстээ бат бөх холбоотон болсон" хэмээн үүний утгыг тайлбарлажээ.

Хоёр дахь үзмэр нь Испани-Америкийн дайныг дуусгавар болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1899 онд Францын элчин сайдад бэлэглэсэн аяга байлаа.

Меланиа Трамп гадаад бодлогын асуудалд төдийлөн оролцдоггүй бөгөөд Москва, Киевийн аль аль нь түүний энэхүү нарийн төвөгтэй гал зогсоох үйл явцыг зохицуулахад ямар үүрэг гүйцэтгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Цагаан ордны уулзалтын дараа ерөнхийлөгч Зеленский мэдэгдэлдээ Олешки дахь гал зогсоох хэлэлцээрийн амжилт нь "маш энгийн нэг зүйлийг батлан харууллаа. Путин байлдааны ажиллагааг зогсоохыг хүсвэл тэр нь хэрэгждэг юм байна" гэжээ.

"Орост олзлогдоод буй манай иргэдийн хувьд ч мөн адил. Путин хүсвэл тэд гэртээ харьж чадна” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Зарим шинжээчид үнэн хэрэгтээ энэ нь Путиний шийдвэр байсан, тэр энэ алхмаараа Трампын нэр хүндийг өргөж, Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдах Намыг ялахад туслах зорилготой байсан гэж дүгнэжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Эх сурвалж: BBC