Зураг
Зураг

Хатанбаатарын гэгдэж байсан элэг судлалын төв ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрөгч онд нийслэлийн өмчид буцааж авсан. Уг эмнэлгийг хүүхдийнх болгохоор шинэчлэн засварлаж буй.

Засварын ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 1-нд эмнэлгийг ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосноо хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ" гэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд 24 цагаар ашиглах аж.

Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм байна.

Харин өмнө нь Элэг судлалын төв байхад нь эмнэлгийн хяналтад байсан эмчлүүлэгчдийн тусламж, үйлчилгээг хэвээр хадгалахаар тооцоолжээ.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн барилгыг ₮3.9 тэрбумаар 2025-2026 онд засварлаж дуусгахаар нийслэлийн 2026 оны төсвийг баталжээ.