Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг өнгөрсөн гуравдугаар сард томилсон. Гэтэл түүнийг тус төвийн байр руу нэвтрүүлэхгүй байгаа юм байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Сүүлийн 30-аад жил Хатанбаатарын нэртэй эмнэлгийн асуудал яригдаж байна. Энэ эмнэлэг нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Элэг судлалын үндэсний төв бөгөөд нийслэлийн өмч, урсгал зардал нийслэлээс гардаг.
Тус эмнэлгийг засварлаж нэг жигүүрт нь уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвийг нөгөө жигүүрт хүүхдийн эмнэлгийг оруулж, шинээр захирал томилон үйл ажиллагааг үргэлжлүүлж, өмчөө авна.
Бодит байдал дээр бонуст нь эмийн үйлдвэр, Зайсангийн хуучин халдвартын эмнэлэг, Гачууртад 20 га газартай эмийн үйлдвэрийг бүгдийг үнэгүй авна гэж ах, дүү, хамаатан саднаа гаргаж орилуулаад байна" гэв.
Эргэн сануулахад "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Нийслэлийн Засаг даргын 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний 468 дугаар захирамжаар "НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" гэж өөрчилсөн байдаг.
2008 оны есдүгээр сарын 8-ны өдөр Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь нийслэлтэй менежментийн гэрээ байгуулсан. Менежментийн гэрээг Ж.Хатанбаатар ахлагчтай багтай гурван жилийн хугацаатай байгуулж ажиллаж байна. Одоо гэрээний хугацаа дууссан. 2011-2014 онуудад аудитын комисс байгуулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. Нийслэлийн Өмч Хувьчлалын Комиссын/НӨХК/ 2012 оны нэгдүгээр сарын 17-ны тогтоолоор тус менежментийн гэрээг хангалттай гэж дүгнэсэн бол 2014 оны гуравдугаар сарын 5-ны тогтоолоор гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэж, хаахаар шийдвэрлэсэн гэж Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын Өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин өмнө нь мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!