Нийслэлийн Өмч хувьчлах комисс өчигдөр хуралдаж, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах тогтоолыг хүчингүй болгов.
Тодруулбал холбогдох хууль тогтоомжийг зөрчин Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн хувьчлах үнийг 876,011,000 төгрөгөөр тогтоож, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай менежментийн гэрээ байгуулах тухай 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн нийслэлийн Өмч хувьчлах комиссын 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.
Уг тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэн, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 67 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан нийслэлийн өмчийг хувьчлах тухай 1.5, 6.2-т заасныг тус тус үндэслэн тогтоосон бөгөөд нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Х.Нямбаатар болон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Энэхүү тогтоолын талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаад нарт даалгав гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-д дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс их засвар хийж, тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид/иргэдийн нэрлэж заншсанаар 10 буудлын амбулатори/ түр хугацаагаар шилжүүлэхээр болоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!