НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг найман объект байдаг байна. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга.
Тус эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Тиймээс барилгыг өчигдөр шөнө албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэлсэн байна.
Энэ тухай НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Нийслэлийн өмчийн барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх арга хэмжээг авч байна. Тодруулбал Дашчойлин хийдийн хойд талд байрших хуучнаар Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. Уг барилгад иргэд амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг нэрийн дор хууль бусаар эзэмшиж байсан. Ж.Хатанбаатарын эмнэлэг гэх нэртэй хууль бус хувьчлалын улмаас нийслэлийн өмчийг ашиглаж байсан явдлыг таслан зогсоож байна.
2025 оны хоёрдугаар сард НИТХ-аас ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийслэлийн өмчийн уг барилгыг нурааж, бүртгэлээс хасах шийдвэр гарсан ч бүтэн хоёр сарын хугацаанд объектыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч иргэд гараагүй. Иймд НЗД-ын захирамж гарч барилгыг нураах, газрыг чөлөөлөх үйл ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ.
Хотын А бүс дэх Эмийн үйлдвэрийн барилгыг нураасны дараа нийслэлийн эзэмшлийн 3,150 ам.метр газрыг дуудлагаар худалдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|