Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-д их засвар хийж, шинэчлэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулан тус төвийн тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид/иргэдийн нэрлэж заншсанаар 10 буудлын амбулатори/ түр хугацаагаар шилжүүлэхээр болжээ.
Энэ талаар НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим эмнэлгийн засвар болон шаардлагатай тоног төхөөрөмжийг авах хөрөнгийг 2025 оны төсвийн тодотголоор баталсан. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг засварлах ажил. Дөрөвдүгээр сарын 28-наас тус эмнэлгийн засварын ажлыг дуусах хүртэл тусламж үйлчилгээг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбарт шилжүүлнэ.
"Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг орчин үеийн загвараар засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч уламжлалт анагаах ухааны дотрын болон хүүхдийн чиглэлийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх юм. Эмнэлгийн үйл ажиллагааг бүр зогсоохгүй. Тус эмнэлгийн менежментийн хувьчлалын талаар аудитын байгууллага болон ажлын хэсгээс ямар нэгэн дүгнэлт гараагүй, нийслэлийн өмчид байгаа.
Эмнэлгийн даргаар А.Дэлгэрбаярыг томилсон ч хуучин ажилтан, албан хаагч нар шинэ захирлаа хүлээж авахгүй гэдэг асуудал үүсгээд байгаа. НЗДТГ-ын дарга өчигдөр "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-д ажиллаж А.Дэлгэрбаяр даргатай хамтарч ажиллахгүй гэсэн албан хаагч нарыг ажлаас чөлөөлсөн" гэж өнөөдөр мэдээллээ.
"Сүүлийн 30-аад жил Хатанбаатарын нэртэй эмнэлгийн асуудал яригдаж байна. Энэ эмнэлэг нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Элэг судлалын үндэсний төв бөгөөд нийслэлийн өмч, урсгал зардал нийслэлээс гардаг. Нийслэл өмчөө авна" гэж хотын дарга өчигдөр мэдэгдсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!