Зураг
Зураг

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавих шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. 

Шүүхийн энэхүү шийдвэрийг Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны хурлаар хэлэлцжээ. Тус хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Дэлхийн 170 гаруй улсын парламентыг нэгтгэдэг Олон улсын парламентын холбооны (ОУПХ) Парламентын гишүүдийн хүний эрхийн хороо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар албан ёсоор хэрэг нээжээ. Хороо түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэгт санаа зовж байгаагаа илэрхийлж, хилийн хоригийг нь цуцлахыг холбогдох байгууллагуудад уриалсан байна. ОУПХ Монгол Улсын парламентын гишүүний асуудлаар хэрэг нээсэн нь ховор тохиолдол юм.

Хороо гомдлыг хүлээн авахдаа уг асуудал заналхийлэл, айлган сүрдүүлэх үйлдэл, мөрдөн шалгах шатанд хуулийн зохих журам зөрчигдсөн, шударга шүүхээр шүүлгэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон зорчих эрх чөлөө зөрчигдсөн, парламентын гишүүний халдашгүй байдлыг хүндэтгээгүй, мөн парламентын бүрэн эрхийн хэрэгжилтэд саад учруулсан бусад үйлдлийн тухай гомдол бөгөөд эдгээр нь хорооны бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн байна. Хороо шийдвэрээ ОУПХ-ны Удирдах зөвлөлд батлуулахаар зөвлөмж болгожээ.

ОУПХ юу гэж үзэв:

  • Э.Болормаагийн эсрэг нэгээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэж болох ноцтой зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэнд, ялангуяа тухайн үйлдлийг анх захиргааны зөрчил гэж үзэж байсан тул гүнээ санаа зовж байна,
  • Монгол Улсын хуулиар гишүүний халдашгүй байдлыг урьдчилан цуцлахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж болох ч ийм ажиллагаа нь парламентын гишүүний статусаас үүдэх процессын баталгаа, хамгааллыг хүндэтгэх ёстой,
  • Түүнд хилээр гарах хориг хэвээр байгаад санаа зовниж, холбогдох байгууллагуудыг Э.Болормаагийн эрхийг хангаж, хилийн хоригийг цуцлан зорчих эрх чөлөөг нь сэргээхийг уриалсан.
  • Хэргийн жендэрийн хэмжээсийн талаар санаа зовж, энэ хэрэг эмэгтэйчүүд парламентын бүрэн эрхээ чөлөөтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болох орчныг бий болгож болзошгүй гэж үзээд, түүнийг бүрэн эрхээ аюулгүй, хууль бусаар саад учруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжийг хангахыг уриалсан.

Хороо уг хэргийг үргэлжлүүлэн хянан шалгаж, Удирдах зөвлөлд тайлагнана.

Хэргийн баримтууд:

  • Анх захиргааны зөрчил гэж үзэж байсан асуудлыг 2025 оны зургаадугаар сарын 4-нд шинэ нотлох баримтгүйгээр, Э.Болормаад мэдэгдэлгүйгээр "сонгогчийн санал худалдан авсан" гэх эрүүгийн хэрэг болгосон (Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2.3).
  • Түүнийг "сонгогчийн санал худалдан авсан" гэж буруутгасан ч санал худалдан авсныг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй. Яллах тогтоолд нэг ч сонгогч мөнгө, эд хөрөнгө авсан гэж заагаагүй.
  • 2025 оны зургаадугаар сарын 13-нд Э.Болормаа шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ намын дотоод ардчиллыг хангаж, эмэгтэйчүүдийн төлөөллийг 30-аас доошгүй хувьд хүргэх шаардлагыг өөрийн бланк дээр, 30 гишүүний гарын үсэгтэйгээр МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа буюу долоодугаар сарын 9-нд түүнийг яллагдагчаар татсан.
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2.3-т яллах дүгнэлт үйлдэхээс өмнө Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулахаар заасан. Энэ шаардлага хүчин төгөлдөр болохыг Улсын ерөнхий прокурорын газар 2025 оны аравдугаар сарын 3-ны албан бичгээр өөрөө баталсан ч Э.Болормаагийн хувьд ийм санал УИХ-д оруулаагүй.
  • 2026 оны гуравдугаар сараас хилээр гарахыг нь хязгаарласан. Хоригийг цуцлуулах хоёр хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тул тэрээр УИХ-ыг төлөөлсөн хоёр албан томилолтод оролцож чадаагүй.

ОУПХ болон хорооны тухай:

1889 онд байгуулагдсан Олон улсын парламентын холбоо нь 170 гаруй улсын үндэсний парламентыг нэгтгэдэг. Түүний Парламентын гишүүдийн хүний эрхийн хороо 1976 оноос хойш эрх нь зөрчигдөх эрсдэлтэй парламентын гишүүдийн асуудлыг хянан шалгаж ирсэн байгууллага юм.