"Баавгайнаас болж хохирсон, гэр орноо сүйтгүүлсэн иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэнэ"
Баавгайд бариулаад амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал өнгөрсөн долоо хоногт Улсын онгой комиссын хурал болон Ерөнхий сайдын шуурхай хурал дээр яригдсан байна. Мөн орон нутагт гэр нь баавгайд сүйтгэгдсэн, эд хөрөнгийг нь гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарсан учраас хохирол нөхөн төлүүлэх, төлбөр барагдуулахтай холбоотой асуудлууд яригдсан гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.
Уг асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу зохицуулах боломжгүй учраас Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон холбогдох өөр бусад хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэх шийдвэр гарчээ.
Түүнчлэн Монгол орны хүрэн баавгайн тархалт, популяцын төлөв амьдрах орчны судалгаа, мониторингийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа талаар Биологийн хүрээлэнгээс мэдээлэв. Уг ажил хэрэгжсэнээр автоматжуулсан камераар систем бий болгож, зөвхөн баавгай гэлтгүй биологийн олон янз байдлын судалгааг давхар хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
