Зураг
Зураг

НАСА-гийн Ангараг гарагт илгээсэн Perseverance хөлөг дэлхийгээс бусад гараг дээр туулсан замын дээд амжилтыг тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА-гийн мэдээлснээр тэдний Perseverance робот машин 2021 онд Ангараг гараг дээр газардсанаасаа хойш нийт 45.2 км замыг туулж, дэлхийгээс бусад гарагийн гадаргуу дээр аялсан бусад бүх тээврийн хэрэгслээс илүү хол зам туулсан дээд амжилтыг тогтоожээ.

Суудлын автомашины хэмжээтэй, зургаан дугуйт энэхүү робот нь дэлхийн хөрш гараг дээр бичил биетний амьдрал оршин тогтноход таатай нөхцөл байдал урьд өмнө нь байсан эсэхийг судлах даалгаврынхаа хүрээнд энэхүү дээд амжилтад хүрсэн байна.

Ингэхдээ уг төхөөрөмж нь нарны аймгийн хамгийн эртний газар нутгуудаар аялж байгаа юм.

Калифорни дахь НАСА-гийн “Jet Propulsion Laboratory” лабораторийн ажилтан Стивен Ли "Perseverance-ийн инженерчлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд маш сайн нөхцөлд байгаа бөгөөд нөөц системүүд нь бүгд ашиглахад бэлэн байна" гэж хэлжээ.

НАСА-гийн Perseverance болон Curiosity гэсэн Ангараг гарагийн хоёр роботын төслийн менежер Ли нэмж хэлэхдээ "Бүх системд хийсэн саяхны үнэлгээгээр тэдгээр нь 2030 он хүртэл, магадгүй түүнээс ч цааш хугацаанд хэвийн ажиллах чадвартай болох нь тогтоогдсон" гэсэн юм.

Perseverance нь НАСА-гийн Opportunity роботын 2004-2018 оны хооронд Ангараг гарагийн гадаргуу дээр туулсан 45 км-ийн өмнөх дээд амжилтыг эвдсэн байна. Эдгээр хоёр робот хоёулаа сарны гадаргуу дээр аялсан бүх роботын туулсан зайнаас илүү хол замыг туулжээ.

Шинжлэх ухааны олон төрлийн багаж хэрэгслээр тоноглогдсон Perseverance нь одоо Ангараг гарагийн хойд хагаст байрладаг, тэрбум жилийн өмнө усаар дүүрэн, нуурын сав газар байсан гэж үздэг "Jezero"тогооны бүсэд голлон ажиллаж байгаа.

Тус робот нь тогооны баруун захын ойролцоох "Lac de Charmes" хэмээн нэрлэгдсэн бүсээр дамжин “Idubi" гэгддэг газар руу чиглэсэн аяллынхаа явцад энэхүү амжилтыг тогтоожээ.

Түүний хамтрагч болох Curiosity робот нь Ангараг гарагийн экваторын ойролцоох "Gale" тогоонд аялж байна.

Perseverance роботын ажиллагаа удаашрах шинж тэмдэг огт ажиглагдахгүй байгааг Ли нэмж хэлжээ.

Түүний мэдээлснээр уг роботын хөдөлгөөний 90 хувь нь хүний ​​оролцоогүйгээр, бүрэн бие даасан байдлаар явагддаг байна.

Одоо судлаачид Preservance роботын хөдөлгөөний системийн механизмыг 100 км ба түүнээс дээш зам туулах чадвартай эсэхийг ачаалал нэмэх замаар турших гэж байгаа гэнэ.

Perseverance нь өмнө туулсан замынхаа стерео зургийг буулгаж, гурван хэмжээст (3D) дижитал газрын зураг үүсгэж, улмаар зорьсон цэгтээ хүрэх хамгийн аюулгүй замыг тооцоолдог болохыг Ли тайлбарлажээ.

Роботын өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол "Vision Compute Element” систем гэнэ. Энэ нь хурдан ажиллагаатай туслах процессор бүхий компьютер бөгөөд хөлөгт дүрс бичлэгийг боловсруулах, өөрөө явах программ хангамжийг ажиллуулах боломжийг олгодог, ингэснээр хөдөлгөөн бараг тасралтгүй явагдах боломж бүрддэг ажээ.

Өөрөөр хэлбэл хөдөлгөөний үе шат бүрийн өмнө "бодож" зогсох шаардлагатай байсан өмнөх үеийн хөлгүүдээс эрс ялгаатай болсон юм байна.

Робот хөлгийн анхны даалгаварт ердөө 20 км зам туулах төлөвлөгөө тусгагдсан байжээ.

Perseverance нь плутонийн түлшээр ажилладаг. Эрчим хүчний уг систем төлөвлөгөөний дагуу бүрэн ажиллаж буй бөгөөд "олон жилийн турш ашиглах хангалттай эрчим хүчний нөөцтэй" хэвээр байгааг Ли мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters