Зураг
Зураг

Г.Тэмүүлэн: Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа аваад ШШГЕГ болон ЦЕГ-ын зургаан дэд даргыг бүгдийг нь чөлөөлсөн

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны есдүгээр сарын 14-нд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар(ШШГЕГ)-ын удирдлагууд хэвлэлийн хурал зохион байгуулж, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайханыг эргэн тойрны хүмүүсээ албан тушаалд томилуулахаар шахаж сүрдүүлдэг гэж ярьсан.

Харин маргааш нь сайд асан С.Амарсайхан ШШГЕГ болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд өөрсдөө гэмт хэрэгт холбоотой хэмээн хэвлэлийн хурал зарлаж байв.

Улмаар есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй" хэмээгээд С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлж, оронд нь Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм.

Ажлаа хүлээн авсныхаа дараа Г.Тэмүүлэн сайд ШШГЕГ болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) нь зургаан дэд даргыг чөлөөлсөн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр "Хууль зөрчсөн эсэх асуудлаар хяналт шалгалт явуулж байгаа. ШШГЕГ, ЦЕГ, Төрийн тусгай эмнэлэг, мөн сүүлд үүссэн Хил Хамгаалах Ерөнхий Газартай холбоотой зэрэг асуудлыг хууль зөрчсөн эсэхийг нь хянан шалгаж байна. Эргэлзээ үүсгэсэн эдгээр асуудалд цэг тавьж, хуулийн дагуух шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би ажлаа аваад ШШГЕГ болон ЦЕГ-ын зургаан дэд даргыг бүгдийг нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулиараа сайд нь харьяалах агентлагуудынхаа дэд дарга нарыг томилох, чөлөөлөх эрх байдаг. Хууль сахиулах байгууллагын удирдлагууд хууль бус зүйлтэй нэр холбогдох нь байж болохгүй" хэмээв.