С.Амарсайхан: Хар тамхины ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, урлаг соёлын одод, төрийн өмчит компанийн захирлууд байгаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн.
Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна. Төв аймгийн Баян сумын албадан эмчилгээний төвд очиход тэнд буй 17 настай хүүхдээс чиний ард хэдэн хүүхэд байна гэж асуухад 200-300 хүүхэд хар тамхинд орсон гэж байсан.
Өнөөдөр хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим ялзарсан, илжирсэн удирдлага, хурандаа, генералууд дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасаж ирсэн.
Намайг ажлаа авахад бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд хар тамхины тест 24 ширхэг байна гээд шинээр тест авч өгөх цагдаагийн байгууллагаас хүсэлт ирүүлсэн. Хар тамхийг зориуд эзэнгүй болгож, албаны орон тоог хасаж, цаашилбал алба хаагчдыг чадавхгүй болгосон.
Монгол Улс эхлээд дамжуулагч байсан бол хэрэглэгч болсон. Зүүн өмнөд Азийн улс орон Монголыг үйлдвэрлэгч болгохоор онилсон. Улсыг зориуд зохион байгуулалттай сүйрүүлэх асуудал бий. Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, тодорхой аж ахуйн нэгж компаниудын захирал, урлаг соёлын одод, төрийн өмчийн компанийн захирлууд байгаа.
Хар тамхины хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн байгууллага дотроос хэргийг битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
