"Одоогийн байдлаар нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар дүүжин тээврийн ачааллыг туршиж байна"
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2,300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.
Дүүжин замын тээврийн туршилтын ажил үргэлжилж байна.
Туршилтын эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан. Үүний дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан туршиж, дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийж байна.
Энэхүү туршилт амжилттай дууссаны дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулна.
Үүний дараагаар олон улсын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болох “Bureau Veritas” техникийн аудит хийж, холбогдох дүгнэлт гарсны үндсэн дээр Улсын комисс хүлээн авах ажиллагааг зохион байгуулах юм.
НТУГ-аас дүүжин тээврийн төсөлтэй холбоотой иргэдээс ирж буй асуултад дараах хариултыг өгчээ.
- Дүүжин тээврийн ган татлага нь тасрах уу?
- Ган татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Татлага нь механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан.
- Өвлийн улиралд тросс хөлдөж, мөстөх үү?
- Тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог.
Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж, техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянана. Дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл юм.
- Эрс тэс уур амьсгалтай оронд зохицох уу?
- Францын Пома групп нь Францын Альпийн нурууны цанын баазууд буюу өндөр уулын цас, мөс, хүчтэй салхи зэрэг эрс тэс нөхцөлд ажиллах зориулалттай технологийн шийдлүүдийг хөгжүүлсэн. Мөн хүйтэн, цастай уулын бүсээс гадна халуун, чийглэг болон далайн эргийн орчинд төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал Австри, Швейцар, Франц, Канад, Япон зэрэг орны уулын бүсийн хотуудад өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй.
Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлэх юм.
- Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
- Дүүжин замын тээвэр нь үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.
- Дүүжин тээврийн кабин зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангасан бэ?
- Дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр талын буудалд даац мэдрэгч болон суудлын халаалтын систем суурилуулжээ. Кабины зөвшөөрөгдөх даац хэтэрсэн тохиолдолд систем автоматаар зогсож, аюулгүй ажиллагааг хангах зориулалттай.
Мөн унадаг дугуй болон тэргэнцрийг бэхлэх тусгай тоноглолтой тул иргэд хүртээмжтэй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж буй. Кабин салхины ачаалалд тэсвэртэй, аюулгүй ажиллагааны хяналтын системээр тоноглогдсон. Дүүжин тээврийн систем нь 70 км/ц хүртэлх салхины хурдны нөхцөлд ажиллах зориулалттай.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



