Зураг
Зураг

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хамрагдсан оюутны тоо 1,500-г давлаа

ikon.mn
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Оюу толгой” компанийн 2026-2027 оны хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутан батламжаа гардан авлаа.

Энэхүү тэтгэлэгт:

  • Сургалтын төлбөр 100%;
  • Сар бүрийн амьжиргааны зардал;
  • Орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардал багтаж байна.

Ингэснээр “Оюу толгой” компани 2011 оноос хойш давхардсан тоогоор 1,514 оюутанд нийт 5.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлээд байна.

зураг
 

“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лори Ирвин батламж гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

““Оюу толгой” компани оюутан, залуусын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд 15 жилийн ойтойгоо золгож байна. Миний хувьд ч мөн олон жилийн өмнө тэтгэлгийн дэмжлэгээр суралцах завшаан тохиож байсан. Тэтгэлэг бол зөвхөн санхүүгийн туслалцаа биш.

Өөрийгөө нээн хөгжүүлэх, мэдлэг чадвараа тэлэх, сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулан бүтээлчээр ашиглах олон боломжийн үүд хаалгыг нээдэг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Энэ бол та бүхний ирээдүйн карьер,  цаашид Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд оруулах бодит хувь нэмрийн зөвхөн эхлэл юм шүү. Сониуч байж, улам илүү хичээгээрэй” хэмээн онцоллоо.

зураг
 

Эрэлт өндөртэй мэргэжлийн чиглэлүүдийг дэмжиж байна

Энэ удаагийн тэтгэлгийг уул уурхайн салбарт эрэлт өндөртэй мэргэжлүүд болох уул уурхайн инженер, цахилгааны инженер, геологи, геотехник, өгөгдлийн шинжлэх ухаан, байгаль орчны инженер, механик инженер, барилгын инженер, агааржуулалт, ашигт малтмал боловсруулалт зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр суралцаж буй оюутнуудад олголоо. Үүнд:

  • 2011 оноос хэрэгжиж буй Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан;
  • 2024 онд “Оюу толгой” компани 2 үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо байгуулсан “Хамтын гэрээ”-ний хүрээнд хэрэгжиж эхэлсэн ажилтнуудын хүүхдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан тус тус шалгарсан юм.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Залуусын хөгжилд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Оюу толгой” компани нь Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна олон төрлийн санаачилга, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан залуусын суралцах, хөгжих боломжийг дэмжин ажиллаж байна. Эдгээрт:

  • Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр - Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр суралцах оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
  • “Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөр - “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй Өмнөговь аймгийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.
  • Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр - Их сургуулиа төгсөөд удаагүй залууст хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлэх, сонирхсон баг, хэлтэстээ ажиллах, туршлагатай мэргэжилтэн, ментор, коүчүүдээс зөвлөгөө авч ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломж олгодог.
  • Дадлагажигч оюутны хөтөлбөр - Оюутнуудад өөрийн мэргэжлийн чиглэлээр цалинтай дадлага хийх боломж бүрдүүлдэг.

Залуу үеийн боловсрол, хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь улс орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийн суурь болдог. “Оюу толгой” компанийн тэтгэлэгт болон хөгжлийн хөтөлбөрүүд нь олон зуун залууст чанартай боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэн, өөрсдийн хүсэж мөрөөдсөн ирээдүйгээ бүтээх боломжийг нээж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.