Өмнөд Солонгост хутгаар зэвсэглэсэн халдлага гарсны улмаас найман хүн шархаджээ
Өмнөд Солонгосын Инчон хотын нэгэн худалдааны төвд хэд хэдэн хүнийг хутгалсан халдлага гарч, сэжигтэн этгээдийг баривчилсан талаар цагдаагийн албаныхан Лхагва гарагт мэдээлжээ.
Тус улсад хутгаар зэвсэглэсэн ийм төрлийн халдлага ховорт тооцогддог юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Мягмар гарагийн үдээс хойш болсон уг хэргийн улмаас найман хүн шархаджээ.
Инчон хотын Намдон дүүргийн цагдаагийн хэсгийн мэдээлснээр 59 настай сэжигтэн орон нутгийн цагаар 13:40 цагт хоёр гартаа бэхэлсэн хутгаар тааралдсан хүмүүс рүү довтолж эхэлсэн байна.
Уг халдлага Өмнөд Солонгосын хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох "Homeplus"-ын салбар байрладаг барилгад болсон бөгөөд хууль сахиулах байгууллагынхан одоо сэжигтний энэ үйлдлийн сэдэл, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Сэжигтэн "Homeplus" дэлгүүр байрладаг давхраас урсдаг шатаар бууж явахдаа тааралдсан хүмүүсийг хутгалж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Орон нутгийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн зураг, дүрс бичлэг түүний хоолны газарт (food court) хүмүүс рүү дайрч байгааг харуулжээ.
Ойролцоо байсан хүмүүс түүний замыг сандлаар хааж, тогтоон барьсан бөгөөд улмаар цагдаагийн албан хаагчид ирж баривчилжээ.
Хохирогчид болох зургаан эмэгтэй, хоёр эрэгтэй бүгд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэдний нэг нь "зүрхний үйл ажиллагаа зогсох" эрсдэлд орсон бол бусад нь нуруу, мөр зэрэг биеийн хэсэгтээ шархаджээ.
Халдлагын улмаас олон хүн хохирсон тул эрх баригчид тус барилгын нэгдүгээр давхарт яаралтай тусламжийн түр цэг байгуулсан байна.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр халдлага үйлдэх үед сэжигтэн хөлдөө хяналтын цахим гав зүүсэн байжээ.
Тэрбээр өмнө нь хуучин эхнэрээ хутгалж, "хүн амины хэрэг үйлдэхийг завдсан" гэх үндэслэлээр ял шийтгүүлж, дөрвөн жил шоронд хоригдож байсан түүхтэй хүн байсан гэнэ.
Мөн өнгөрсөн сард тэрбээр Инчон хотын нэгэн эмнэлгийн гадаа эмчилгээтэй холбоотой асуудлаар ганцаарчилсан эсэргүүцлийн суулт хийхдээ хутга авч явсан хэргээр цагдаад шалгагдаж байжээ.
Олон нийтийн аюулгүй байдлын өндөр стандарттай гэгддэг улсад ийм зэвсэгт халдлага гарсан нь нэлээд анхаарал татаж байна.
Өмнөд Солонгосын статистикийн газрын мэдээллээр 2024 онд тус улсад 100,000 хүн тутамд 0.5 хүн амины хэрэг бүртгэгдэж байжээ.
Энэ нь дэлхийн дунджийн аравны нэгтэй тэнцэх бага үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч 2023 онд тус улсад олон хүний амь насыг хохироож, бие махбодыг гэмтээсэн халдлагууд хэд хэд гарсан нь нийгэмд айдас түгшүүр төрүүлж байв.
Ийм халдлагуудыг "Мужима" буюу "Яагаад гэж бүү асуу" төрлийн гэмт хэрэг гэж нэрлэдэг. Энэ нэр томьёо нь хохирогчтой ямар ч хувийн холбоогүй, мөн тодорхой сэдэлгүй этгээдүүдээс үл таних хүмүүсийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн үйлдлүүдийг тодорхойлоход хэрэглэгддэг.
2025 оны дөрөвдүгээр сард 30 орчим насны нэгэн эрэгтэй супермаркетад танихгүй хүмүүс рүү дайрсны улмаас 60 орчим насны нэгэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

