Украины ашигладаг Starshield системийн тасалдалд компани нь биш, АНУ-ын засаг захиргаа буруутайг Илон Маск мэдэгдэв
Украин улсын дайнд ашиглаж буй "Starshield" хиймэл дагуулын холбооны системд гарсан аливаа доголдолд компани нь бус, харин АНУ-ын засгийн газар хариуцлага хүлээх ёстойг SpaceX компанийн тэргүүн Илон Маск өчигдөр мэдэгджээ.
"Starshield систем нь АНУ-ын засгийн газрын өмч бөгөөд тэдний хяналтад байдаг. Хурд эсвэл ашиглалтын хязгаарлалтыг АНУ-ын цэргийнхэн, эцсийн дүндээ АНУ-ын ерөнхийлөгч шийдвэрлэдэг" гэж Маск хэлсэн нь ерөнхийлөгч Дональд Трампыг хэлсэн хэрэг байв.
Маск уг мэдэгдэлдээ Украины цэргийнхэн байлдааны талбарт харилцаа холбоо тогтооход ашигладаг "Starshield" систем болон иргэний зориулалттай "Starlink" хиймэл дагуулын системийн ялгааг тайлбарласан юм. Украин улс "Starlink"-ийг мөн ашигладаг боловч үүнийг байлдааны ажиллагаанд ашиглахыг нь зөвшөөрдөггүй.
Эдгээр хоёр системийг хоёуланг нь Маскийн SpaceX компани бүтээсэн юм.
Украины батлан хамгаалахын сайд асан Михайло Федоровын сошиал сүлжээнд бичсэн зүйлийн улмаас Маск ийм мэдэгдэл гаргахад хүрсэн байна.
Федоров “Starlink систем 160 км/цаг хүртэлх хурдтай үед ажилладаг болсон" ч "Starshield-ийн хурдны хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах нь Украины батлан хамгаалах үйл ажиллагаанд нэн чухал байна" гэж мэдэгджээ.
Ингэж бичсэнийхээ дараа Федоров "үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж байгаад" нь SpaceX-ийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна.
Украины батлан хамгаалах яамны албаныхны таамаглаж байгаагаар Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт довтлох, дайсны пуужин, дроныг амдан устгах зориулалттай интернэт терминалуудын ажиллагаа удааширч байгаагийн цаана Вашингтон байгаа аж.
Мөн Украин улс Оросын пуужингийн цохилтын талаар урьдчилан анхааруулахаа больсон гэж АНУ-ыг буруутгаж байна. Тухайлбал, Киев хотод хоёр шөнө дараалан баллистик пуужингаар довтлоход агаарын цохилтоос сэрэмжлүүлэх дохио дуугарахаас өмнө пуужингууд хотод тусжээ.
Ирэх сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө Дональд Трамп дизель түлшний үнийг бууруулахыг зорьж байгаа бөгөөд Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд явуулж буй цохилтууд түлшний нийлүүлэлт хомстоход хүргэж, шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж буруутгаж байгаа.
Киевийн өндөр албан тушаалтны баталж буйгаар АНУ сүүлийн өдрүүдэд Оросын пуужин харвасан тухай тагнуулын мэдээллээр хангахаа зогсоохоор сүрдүүлсэн гэнэ. Украин улс уг мэдээллийг ашиглан Оросын халдлагыг няцаадаг байжээ.
Харин Мягмар гарагт Трамп ийм зүйл хийснээ үгүйсгэж байв.
Ямартай ч Бүгд Найрамдах нам завсрын сонгуулиар Конгрессын хоёр танхим дахь олонхын байр сууриа алдаж болзошгүй болсон нь Трампыг нэлээд тэвдүүлж, Украинд дарамт шахалт үзүүлэхэд хүргэж буй бололтой.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

