“Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт хилийн хориг тавьж, суллах шийдвэр гаргалаа
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг энэ аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтэд үндэслэн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, суллахаар болсон байна.
Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн шүүгч Д.Дарьсүрэнгийн бичсэн тоймыг хүргэж байна.
Яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана.
Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

