OpenAI компанийн Саудын Араб гаралтай инженерийн удирдлагаа тагнаж чагнасан хэргийг АНУ-ын эрх баригчид шалгаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

OpenAI компанид ажилладаг байсан Саудын Арабын иргэн тус компанийн хурлын өрөөнүүдийн нэгэнд ярианы бичлэг хийх төхөөрөмж нууцаар байрлуулсан хэргээр энэ долоо хоногт шүүхэд дуудагджээ.

Холбооны Мөрдөх Товчоо саяхан 35 настай инженер Абдулрахман Алфозаныг "яриаг нууцаар сонсох" зориулалттай төхөөрөмж ашигласан буюу ашиглахыг завдсан хэрэгт буруутган баривчилсан байна.

Тэрбээр уг бичлэгүүдийг юунд зориулан ашиглахаар төлөвлөж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Шүүхэд гаргасан баримтад дурдсанаар тус инженер хиймэл оюун ухааны туслагчаас наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 16-ны өдрүүдэд компанийнхаа хурлын өрөөнүүд болон тэдгээрийн ашиглалтын байдлын талаар хэд хэдэн асуулт асууж байжээ.

Тухайлбал "гадаад түншүүдийн тухай, тэд ихэвчлэн OpenAI-тай хаана уулздаг вэ", "энэ өрөөнд өнөөдөр болох хурлуудыг жагсааж өгч чадах уу" гэх зэргээр асууж байсан байна.

Мөн есдүгээр сард Алфозан эхнэрийнхээ ашигладаг чатботыг ашиглан дуу бичлэгийн төхөөрөмжийг хэрхэн угсарч, суурилуулах, түүнд хэрхэн алсаас хандах талаар асууж байжээ.

Алфозан бичлэг хийх төхөөрөмж байрлуулахаасаа өмнө тус компанид нэг жил орчим хугацаанд ажилласан юм байна.

Төхөөрөмж олдсон уулзалтын өрөөг "техникийн, арилжааны болон стратегийн маш нууц мэдээлэл", түүнчлэн OpenAI-ийн "засгийн газартай харилцах харилцаа болон арилжааны түншлэл"-ийн талаар хэлэлцэх хуралд тогтмол ашигладаг байсныг шүүхэд гаргасан гомдолд тэмдэглэжээ.

Алфозан тус өрөөнд болох хуралд оролцох болон нэвтрэх эрхгүй байсныг уг гомдолд дурдсан байна.

Гэвч есдүгээр сарын хяналтын камерын бичлэгт тэрбээр хурлын өрөөний ойролцоо найман удаа харагдсан нь бичигджээ.

Есдүгээр сарын 30-ны өдөр OpenAI компанийн ажилтнууд уулзалтын өрөөний зурагтын ар талд ариун цэврийн цаасаар ороосон "дуу бичлэг хийх нууц төхөөрөмж” байрлуулсныг олж илрүүлсэн юм байна.

Хурлын өрөөнд байрлуулсан камерт аравдугаар сарын 5-ны өдөр Алфозан тус өрөөнд орж ирээд, төхөөрөмж байрлуулсан зурагтын ар тал руу өнгийж байгаа нь бичигджээ.

Тухайн өдөр тэр бас өөр нэг өрөөнд барьж явсан цүнхээ орхисон байна.

Аюулгүй байдлын ажилтнууд  цүнхийг нээж үзэхэд дотроос нь өмнө илрүүлсэнтэй ижил төстэй "өөр нэг бичлэг хийх төхөөрөмж", мөн Алфозаны түрийвч, иргэний үнэмлэх зэрэг зүйлс гарч иржээ.

OpenAI компани "Одоогоор тухайн этгээд манай хөгжүүлж буй загварын параметрүүд, эх код, хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эсвэл тэдгээрийг хууль бусаар авсан гэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" гэж мэдэгдсэн байна.

Алфозан нь 2025 оны долдугаар сараас хойш OpenAI компанид инженерээр ажиллаж байсан бөгөөд гомдолд дурдсанаар тэрбээр АНУ-д боловсрол эзэмшиж, 2020 оноос хойш тус улсад хууль ёсны байнгын оршин суугчийн статустай амьдарч байжээ.

Түүнийг аравдугаар сарын 9-ны өдөр Холбооны Мөрдөх Товчооныхон баривчилсан бөгөөд OpenAI компани түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ мөн энэ өдөр цуцалсан байна.

Өмгөөлөгч Уильям Перник хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Олон тооны америкчуудын нэгэн адил ноён Алфозан олон жилийн өмнө залуу насны мөрөөдлөө даган энэ улсад ирж байсан.

Эдгээр буруутгалууд нь түүний зан чанартай огт нийцэхгүй зүйлс мэт санагдаж байна. Бид юу болсон, хэн хариуцлага хүлээх ёстой, мөн үүний шалтгаан юу байж болохыг ойлгохын тулд эрх баригчдын гаргасан бүх нотлох баримтыг нарийвчлан шалгах болно" гэж мэдэгджээ.

Перник нэмж хэлэхдээ "Энэ хооронд бид нөхцөл байдал бүрэн тодорхой болох хүртэл ямар нэгэн дүгнэлт хийхгүй байхыг бүгдээс хүндэтгэлтэйгээр хүсэж байна. Бид бүгдийн нэгэн адил ноён Алфозаныг одоогоор гэм буруугүй гэж үзэх ёстой бөгөөд олон нийтэд ил болсон мэдээлэл бол зөвхөн буруутгал төдий зүйл болохоос гэм буруутай нь тогтоогдсон хэрэг биш юм" гэсэн байна.

Түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал аравдугаар сарын 19-ны өдөр товлогджээ.

Холбооны Мөрдөх Товчооны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Алфозан таван жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох болон $250,000-ын торгууль хүлээх магадлалтай юм.

 

Эх сурвалж: BBC