А.Энхчимэг: Тогтвортой байдал бол зардал биш стратегийн хөрөнгө оруулалт

ikon.mn
56 минутын өмнө
Редакцын бус нийтлэл

Өнөөдөр Юнител группийг бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн компани гэдгээр нь мэднэ. Гэхдээ тус группийн сүүлийн үеийн тайлангуудаас харахад технологийн ололт амжилтаас гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой байдалд чиглэсэн хөтөлбөрүүд нь онцгой анхаарал татах болов.

Дата, сүлжээ, дижитал шилжилт, экосистем, технологийн хурд ярьдаг компани яагаад байгаль хамгаалал, "цахим хуваагдал"-ыг бууруулах асуудлыг бизнес стратегийнхаа цөмд тавих болов? Технологийн тусламжтайгаар нийгэмд хэрхэн бодитой нөлөө үзүүлж болох вэ?

Бид энэ удаа Юнителийн олон талт үйл ажиллагаанаас байгаль орчин, хүнд чиглэсэн цөөн хөтөлбөрийг нь онцолж, тогтвортой хөгжлийн бодлогынх нь талаар Юнител группийн Маркетинг, тогтвортой байдал хариуцсан дэд захирал А.Энхчимэгтэй ярилцлаа.

зураг
 

- Юнителийн тайланд мод тарьсан, шувуу хамгаалсан, электрон хаягдлаа устгасан, дахин боловсруулсан гэх мэт байгальд чиглэсэн төслүүд нэлээдгүй байна. "Технологийн компани байж яагаад ийм зүйлд цаг, мөнгө зараад байгаа юм бэ? гэх эргэлзээ надтай адилхан олон хүнд төрж байгаа байх. Танай энэ олон төсөл маркетингийн нэг хэсэг үү, эсвэл Юнителийн бодит бизнес стратеги уу?

- Хэрэглэгчид маань тэгж гайхаж, эргэлзэж байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ хэрвээ бид зүгээр л компаниа гоё харагдуулах гэж хичээсэн бол хүний хөл хүрдэггүй байгальд зэрлэг амьтдад зориулж хөв цөөрөм барих, хэнд ч харагдахгүй хөдөө хээр газар шувууны үүр барихгүй шүү дээ.

Бид үйл ажиллагаа явуулж байгаа л бол хүлэмжийн хий ялгаруулж, тодорхой хэмжээний хог гаргаж байгаа нь үнэн. Үүнийг үгүйсгэх биш харин хүлээн зөвшөөрөөд бодитоор хэмжээд, "яаж хамгийн бага байлгах вэ", түүнээс давсан "эерэг үр дүн"-г байгаль орчин, нийгэмд хэрхэн үлдээх вэ гэдэг дээр төвлөрөөд, үйл ажиллагааныхаа алхам бүрд тусгаад явдаг. 

Тиймээс энэ бол маркетингийн ажил биш, Юнителийн баримталдаг стратегийн нэг хэсэг. 

- Тантай ярилцах гээд тайлангаас нь  судалгаа хийтэл технологийн маш олон шинэ шийдэл, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун, апп гээд маш олон ажлууд байсан. Ярилцвал хугацаа ч их орох байх. Гэхдээ тек компанийн хэрэгжүүлж байгаа “Махчин шувууны үүр” төсөл гэхээр хамгийн их анхаарал татлаа. Яагаад заавал махчин шувуу гэж?

- Юнител группийн тогтвортой байдлын бодлогод БОНЗ бүхэлдээ, тэр тусмаа байгаль орчны асуудлыг тэргүүлэх чиглэл болгож ажилладаг. Нөгөө талаас манай улсын байгаль орчинд тулгамдаж байгаа нэг асуудал нь цөлжилт. Мод тарих нь хамгийн оновчтой шийдэл мөн ч бодит үр дүнгээ өгөх гэж урт хугацаа шаарддаг. Тиймээс бид илүү богино хугацаанд “байгаль өөрөө өөрийгөө хэрхэн тэнцвэржүүлэх вэ” гэдэг өнцгөөс харсан.

Судалж үзэхэд, үлийн цагаан оготнын хэт өсөлт нь цөлжилтийг хурдасгах нэг шалтгаан болж, нөгөө талаас оготно хэт өсөх шалтгаан  нь махчин шувууд мод, хадгүй тал хээрт үүрлэдэггүйтэй холбоотой юм байна лээ. Өөрөөр хэлбэл, экосистемийн тэнцвэр алдагдсан гэсэн үг. Тиймээс бид махчин шувуудыг үлийн цагаан оготно ихтэй, тал хээрт амьдрах өсөж үржих нөхцөлийг бүрдүүлэх шийдлийг олсон. Энэ нь асуудалтай шууд тэмцэх биш, харин байгальтайгаа зөв “хамтарч” ажилласан гэж хэлж болно.

Өмнөх жилүүдэд нь манай багийнхан хөв цөөрөм байгуулаад орон нутгаар явж байхад байгаль хамгаалагчид, малчид "Оготно устгах гэж химийн хор, ус их хэрэглэж байна. Гэхдээ үр дүн бага байна. Дээр нь шонхор, сар зэрэг махчин шувууд  цахилгааны шон дээр сууж байгаад эндэх нь ч их байна" гэж халаглан ярихтай олон таарч байсан л даа.

Тиймээс бид 2022 онд Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Багахангайд анхны туршилтаа эхлүүлсэн. Харин одоо төслөө илүү өргөжүүлж “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”-тэй хамтран, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үргэлжлүүлж байна.

зураг
 

- Гурван жилийн туршилт гэхээр нэлээд ул суурьтай ханджээ. Бодит үр дүн нь яг ямар тоогоор хэмжигдэж байна вэ? Шувууд үнэхээр тэр үүрэнд ирж байна уу?

- Үр дүн маш тодорхой гарсан. 2023 он гэхэд 25 үүрэнд маань махчин шувуу, ангаахай нийт 189  бодгаль үүрлэн бойжсон үр дүн гарсан. Энэ нь бидний хувьд том амжилт. Яагаад гэвэл нэг махчин шувуу жилд дунджаар 3000 хүртэлх мэрэгч барьж иддэг "байгалийн цэвэрлэгч" юм билээ.  Шувуу үүрлээд өндөглөсөн байгааг, бас ангаахай нь гараад нисэж сурч байгаа зэрэг үр дүнгүүдийг хараад үнэхээр баярласан шүү.

2024 онд импактаа хэмжиж үзэхэд тухайн орчны оготны хэмжээ 50 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Ердөө л шувуудын "орон сууцны асуудал"-ыг шийдээд өгөхөд байгаль өөрөө өөрийгөө эмчилж эхэлсэн хэрэг. Энэ амжилтдаа урамшаад бид 2025 оны өвөл Төв аймгийн Эрдэнэсантад 70 шинэ үүр нэмж суурилуулсан. Саяхан манай багийнхан эргэж очиход шувууд хэдийн үүрлээд, өндөглөсөн байна лээ.

Гэхдээ бид үлийн цагаан оготныг бүр мөсөн устгаж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд чинь зохистой тоогоороо байвал хөрсийг сийрэгжүүлж, өвс ургамлын гарцад сайнаар нөлөөлдөг, сайн талтай.

- Гэхдээ энэ бүхнийг яагаад өдий болтол "нууцлаад", одоо л олон нийтэд мэдээлж байгаа юм бэ?

- Бид зүгээр нэг ажил хийлээ гэж зарлахыг урьтал болгодоггүй. Эхлээд судалгаа нь зөв үү, шувууд үнэхээр ирэх үү, оготнын тоо толгой бодитой буурах уу гэдгийг баримтаар батлах хэрэгтэй байсан юм. Одоо бол бидэнд оготно цөөрсөн, бэлчээр сэргэж байгаа гэсэн бодит үр дүн, тодорхой дата байна.

Энэ төслийн хамгийн чухал ач холбогдол нь зөвхөн Юнител хийхдээ биш, малчин айл ч гэсэн өөрийн бэлчээр дээрээ хэрэгжүүлэх бүрэн боломжтойд байгаа юм. Тиймээс бид өөрсдийн туршиж баталгаажуулсан энэхүү аргачлал, ‘know-how’-аа хэнд ч нээлттэй хуваалцахад бэлэн байна. Бид хамтдаа л байгаль орчноо хамгаалж, бэлчээрээ нөхөн сэргээж чадна шүү дээ.

- Танай хэрэгжүүлдэг "Хөв" төсөл бас үүнтэй адил тэнцвэрийг хадгалах зорилготой юу? 80 гаруй байршилд зэрлэг амьтад ундны устай болсон гэж сонссон.

- Тийм ээ. Манай инженер техникийн багийнхан алслагдсан сум, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр онгон зэлүүд байгальд ажиллаж байхдаа амьтдыг усгүйдэж, харангадах аюулд орсныг өөрсдийн нүдээр харж, анх санаачилсан юм. Өнөөдрийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хамгийн шаардлагатай цэгүүдэд 80 гаруй хөв цөөрөм байгуулаад байна. Бид эхлээд өөрсдөө хийж үзээд, дараа нь хийх арга технологио байгаль хамгаалагчидтайгаа хуваалцаж, хамтарч хэрэгжүүлсэн.

Энэхүү хөв цөөрөм нь газар доогуур шургаж, урсац нь тасарсан горхи, булгийн усыг эргүүлэн газрын гадарга дээр гаргаж тогтоодог, мөн урсаад өнгөрөх үер, борооны усыг хуримтлуулдаг шийдэлтэй. Бензин шаардахгүй, мотор дуугарч амьтан үргээхгүй, байгалийн жамаараа ус тогтоодог учраас ховордсон амьтад ундаалах таатай орчин болдог. Мөн орчныхоо агаарын хуурайшилтыг бууруулж, ургамал ургах нөхцөлийг давхар бүрдүүлж байгаагаараа экосистемийн тэнцвэрт чухал нөлөөтэй.

Ер нь энэ бүхний цаана манай компанийн инженерчлэлийн ур чадвар, сэтгэлгээ явж байдаг юм. Инженерчлэлийн сэтгэлгээ гэдэг нь аливаа асуудалд хамгийн оновчтой шийдлийг эрэлхийлж, инновац нэвтрүүлдэг давуу талтай. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчны төслүүдэд ч яг ижилхэн хэрэгждэг.

"Инженерчлэлийн сэтгэлгээ гэдэг нь аливаа асуудалд хамгийн оновчтой шийдэл, инновац нэвтрүүлдэг давуу талтай. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, бүх төсөлд ижил хэрэгждэг."

- Сүүлийн жилүүдэд Юнителийн тайлангаас харахад Unitel STEAM HUB төсөл орон даяар нэлээд далайцтай хэрэгжиж байна. Орон нутгийн хүүхдүүдэд яг ямар бодит асуудал тулгамдаж байсан учраас та бүхэн энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм бэ?

- Хамгийн том асуудал бол хот, хөдөөгийн боловсролын ялгаа буюу "цахим хуваагдал" юм. Орон нутгийн хүүхдүүдэд технологийн чиг хандлагаар сурч хөгжих орчин, хүртээмж үнэхээр дутагдаж байсан. Бид энэ асуудлыг шийдэхдээ "яаж хамгийн олон хүүхдэд нээлттэй байлгах вэ" гэдэгт анхаарч, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газартай хамтран 21 аймаг, Налайх дүүрэгт нийт 22 төвөө ажиллуулж байна. Ингэснээр аль нэг сургуулиар хязгаарлахгүй, хүүхэд бүрд нээлттэй үндэсний хэмжээний хөтөлбөр болон өргөжсөн.

Бидний гол зорилго бол хүүхдүүд физик, шинжлэх ухааны хичээлийг амьдрал дээр бодитоор туршиж үзээд, юунд ашиглаад байгаагаа өөрсдөө ойлгох, аливаа асуудалд ул суурьтай, логик сэтгэлгээгээр ханддаг болох явдал. Гэхдээ одоо бол бид энэ зорилгодоо хүрч чадаж байгаа. Сурагч хүүхдүүд маань технологийг "хол зүйл" биш, өдөр тутам туршиж болдог гэдгийг ойлгож, сонирхлоо улам цааш хөгжүүлээд энэ чиглэлээр мэргэжлээ ч сонгож байна.

Сая өнгөрсөн өвөл болсон "Enjoy AI" олон улсын STEAM тэмцээнээс манай хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Энэ бол хүүхдүүд хаана байгаагаас үл хамааран боломжийг нь л олгочихвол дэлхийд өрсөлдөх авьяастайг баталж өгсөн хэрэг. Бид Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд боловсролын системийн асуудалд ийм байдлаар шийдэл хэрэгжүүлж, үр дүнд хүрч болдог юм шүү гэдгийг жишээ болгон харуулахыг хүссэн юм.

Мэдээж сорилт их байсан. Орон нутагт мэргэжлийн багш нар ховор байсан тул багш нараа  сургаж, сургалтын арга зүйг хэрэглэгдэхүүнээр хангаж, 34 ажлын байр шинээр бий болголоо. Энэ том ажлыг бид ганцаараа хийгээгүй. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сан, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар болон MonSTEAM зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан нь хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд барихад том дэмжлэг болсон юм. Монгол орон даяар энэ олон мянган хүүхдэд шинжлэх ухааны мэдлэг олгож, ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд хамтарч буй байгууллагууддаа баярлалаа.

зураг
 

Монгол хүүхдүүд хаана байгаагаас үл хамааран боломжийг нь л олгочихвол дэлхийд өрсөлдөх авьяастай

- Unitel STEAM HUB бол ирээдүй үе рүүгээ чиглэсэн маш том хөрөнгө оруулалт болжээ. Гэхдээ технологийн хурд ийм өндөр байгаа үед бусад үеийнхнийг, хүн бүрийг энэ хөгжилд ижил тэгш оролцуулах нь чухал болов уу?

- Тийм шүү, хэн ч ирээдүйд технологиос ангид байх боломжгүй. Тийм учраас бид хэнийг ч энэ хөгжлийн гадна үлдээхгүй байхыг хичээж, өөрсдийн санаачилгаар хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байна.

Жишээ нь, DNA Mongolia-тай хамтран 1200 гаруй ахмад настанд цахим хэрэглээний сургалт орлоо. Тэд  залуустайгаа зэрэгцээд интернэтээс  мэдээлэл авч, дижитал банк ашиглаж, хэнээс ч дутахгүй "smart" хэрэглээтэй болж байгаа нь бидний ажлын хамгийн бодитой үр дүн. Залуучууд ч ахмадуудаа чиглүүлж, сургалт орох үедээ тэдний хэрэгцээг ойлгож, харилцаж байгаа нь зүгээр нэг дижитал ур чадвар олгоод зогсохгүй, үе хоорондын нэгнийгээ ойлгох орон зай бас дутагдаж байжээ гэдгийг харсан.

Хэн ч ирээдүйд технологиос ангид байх боломжгүй

Үүнээс гадна бид бизнесийн байгууллагуудад зориулсан Customer Partnership Incubation (CPI) хөтөлбөрөө 2025 оноос хэрэгжүүлж эхэллээ. Бид зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, өөрсдийн технологийн туршлагаа бусад бизнесүүдтэй хуваалцаж, байгууллагадаа тохирсон дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр нь хамтран шийдэл олдог. Шаардлагатай бол инженер, IT зэрэг нарийн мэргэжлийн орон тоогүй байгууллагуудад манай мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө үзүүлэн ажиллаж байна.

Мөн сэтгүүлчдийг технологийн чиглэлээр мэргэшүүлэх TechJourno хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ нь олон нийтэд технологийн нарийн сэдвүүдийг маш энгийнээр, үнэн зөвөөр хүргэх зорилготой юм. Бид медиа компани биш ч гэлээ, ийнхүү технологийн давуу болон сөрөг тал, нарийн төвөгтэй ойлголтыг сэтгүүлчдэд мэдлэг болгож өгснөөр нийгмээрээ зөв мэдээлэлтэй болоход маш чухал гэж үзэж байгаа.

- Гэхдээ энэ бүх "ногоон" шилжилт, өндөр өртөгтэй төслүүд эцсийн дүндээ хэрэглэгчийн төлж буй нэгж, датаны үнэд дарамт болж очдог уу? Бизнесийн ашиг, нийгмийн хариуцлага хоёр мөргөлдвөл та бүхэн алийг нь сонгох вэ?

- Бид "ашиг уу, хариуцлага уу" гэж сонголт хийдэггүй. Харин "хариуцлагатай сонголт"-ийг л хийдэг. Жишээ нь, бид хэрэглэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн найдвартай технологийг хүргэх зорилгоор хуучин зэс кабелиудыг шилэн кабелиар сольж байна. Энэ нь эхэндээ  тодорхой хөрөнгө оруулалт шаардах ч, урт хугацаандаа цахилгаан ашиглалтын зардлыг бууруулж байна. Шилэн кабель нь интернэтийн хурдыг нэмээд зогсохгүй цахилгаан бага зарцуулдаг технологи. Тэгэхээр энэ бол хэрэглэгчийн халааснаас мөнгө гаргах биш, харин бизнесийг илүү ухаалаг, зардлыг илүү үр ашигтай болгож байгаа хэрэг л дээ.

Бид "ашиг уу, хариуцлага уу" гэж сонголт хийдэггүй. Харин "хариуцлагатай сонголт"-ийг л хийдэг.

- Сүүлийн тайлангаас харахад Юнител хүлэмжийн хийг бууруулах тал дээр маш нарийн тоо, тонн CO2 ярих болж. Энэ олон тоо, олон улсын хэлэлцээрүүд энгийн хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд яаж буух вэ?

- Бидний өдөр тутам ашиглаж буй гар утас, интернэт, дата төвүүд бүгд ажиллахын тулд эрчим хүч зарцуулж, байгальд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Юнителийн хувьд бид энэ нөлөөллөө яаж хамгийн бага байлгах вэ гэдэг дээр бодитоор хэмжилтүүд хийж, 2028 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 23 хувиар бууруулах зорилт тавиад байна. Үүнд хүрэхийн тулд манай ESG багаас арга зүйгээр чиглүүлж, инженер, мэргэжилтнүүд маань нийт 15 томоохон төсөл дээр ажиллаж байна.

Одоо бид техник хэрэгсэл худалдан авахдаа зөвхөн хүчин чадлыг нь биш, байгальд хэр ээлтэй вэ гэдгийг нь хамгийн түрүүнд хардаг болсон. Аливаа шийдвэрийг гаргахдаа "Байгальд ээлтэй сонголт байх" гэдэг шүүлтүүрийг заавал ашиглаж байна.

Тухайлбал:

  • Сүлжээний шинэчлэл: Бид 4G-ээс 5G рүү шилжилтийг хийж байгаа. Энэ үедээ хэмжилт хийхэд 5G технологийн ялгаруулах нүүрстөрөгчийн хий бага байгааг хэмжиж илрүүлж чадсан юм.  Гэх мэт хийж буй шинэчлэлүүддээ ч тогтмол байгальд үзүүлэх нөлөөг нь хянадаг гэсэн үг.
  • Дата төвийн зохион байгуулалт: Дата төвийн дотоод зохион байгуулалтыг сайжруулж, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжүүдээр сольж байна. Мөн байгалийн хүйтэн агаарыг ашиглан хөргөх технологи нэвтрүүлсэн нь эрчим хүчийг ихээхэн хэмнэж байгаа.
  • Сэргээгдэх эрчим хүч: Алслагдсан станцуудаа дизель түлшнээс салгаж, нарны эрчим хүч рүү шилжүүлж байна. Ингэснээр түлш тээвэрлэх ложистикийн явцад зарцуулах түлш, утааг арилгах гэх мэт шууд болон шууд бус эерэг нөлөө маш их. 

- Тэгвэл хэрэглэгч өөрөө тогтвортой байдалд хэрхэн оролцоотой, эерэг нөлөөтэй  байх боломжтой бол?

- Тогтвортой байдал гэдэг том ойлголт мэт санагддаг ч үнэндээ өдөр тутмын жижиг сонголтуудаас эхэлдэг. Хэрэглэгч ямар үйлчилгээ сонгож байна, хэрхэн ашиглаж байна, мэдээлэлд хэр шүүмжлэлтэй хандаж байна гэдэг нь өөрөө оролцоо юм.

Бидний хувьд хэрэглэгчдэд үйлчилгээ санал болгохоос илүү тухайн үйлчилгээг ойлгож, өөртөө тохируулж ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг. Нэг хэрэглэгчийн зөв ойлголт, нэг жижиг шийдвэр, хариуцлагатай сонголтууд нийлээд илүү том өөрчлөлтийн эхлэл болдог.

Харин бизнесийн байгууллагын хувьд авч үзвэл олон улсад ESG буюу Байгаль орчин, Нийгэм ба Засаглалын үзүүлэлт нь нийгмийн хариуцлагаас илүүтэйгээр бид өдөр тутамдаа, үйл ажиллагаандаа хариуцлагыг хэрхэн шингээж чадсан, түүгээрээ бид нийгэмдээ юу өгч чадаж байгааг дүгнэх нэгэн чухал үзүүлэлт юм. Юнителчүүдийн хувьд, бид ESG гэдэг ойлголтыг бий болохоос өмнө эдгээр зүйлсийг хэрэгжүүлсээр ирсэн гэдгээ бардмаар бөгөөд бахархалтайгаар хэлж чадна. 

Бид хэнийг ч орхихгүй, хамтдаа тогтвортой ирээдүйг бүтээхийг зорьж байна.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Юнител группийн 2025 оны Тогтвортой байдлын тайлантай энд дарж танилцаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.