Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн тойргийн өмнөх зарим ОНЦЛОХУУД
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатны сүүлийн тойрог эхэллээ. Сүүлийн тойрогт нэг хэсгийн багууд ижил цагт тоглох хуваарьтай. Тухайлбал Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 25-ны Пүрэв гарагт А, B, C хэсгийн тоглолтууд зэрэг болох юм.
Одоогийн байдлаар хэсгийн эхний хоёр тоглолтод хожсон багууд шигшээ 32-ын эрхээ аваад буй. Тэд бол Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб. Талбайн эзэн Мексик, АНУ, Герман, Аргентины шигшээ баг хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон байна.
Колумб хэсгээ тэргүүлэхийн тулд Португалитай, Франц, Норвегийн тоглолтын үр дүнгээс шалтгаалан хэн нь толгойлох нь шийдэгдэнэ. Бусад хэсгээс гурван багт хэсгээ тэргүүлэх боломж бий гэсэн үг.
Харин Хаити, Турк, Тунис, Йордан, Панамын шигшээ баг хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй. Харин бусад хэсгийн багууд сүүлийн тойргийн үр дүнгээс хамаарах аж.
Хэсгийнхээ гуравдугаар байранд жагсаж буй 12 багаас найм нь тэмцээнээ үргэлжлүүлнэ. Одоогоор Ардчилсан Конго, Эквадор, Босни ба Херцеговин, Сенегалын шигшээ баг авсан оноо, оруулсан, алдсан гоолынхоо зөрүүгээр улаан бүсэд явна.
Одоогийн байдлаар 98 тоглогч эсрэг багийнхаа хаалгыг мялаажээ. Мэргэн буучдын жагсаалтыг өнөөдөр 39 нас хүрч буй Леонил Месси таван гоолтой тэргүүлж байгаа бол араас нь тус бүр дөрвөн гоол оруулсан Францын Кильян Мбаппе, Норвегийн Эрлинг Халанд нар нэхэж яваа. Канадын Жонатан Дэвид, Германы Денис Ундав нар тус бүр гурван гоолтой.
Харин Криштиану Роналду тэргүүтэй 20 тоглогч нэр дээрээ хоёр гоол бичүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
