Украины ерөнхийлөгч Зеленскийг нутаг дэвсгэртээ хүлээж авсан Армени улсыг Оросын эрх баригчид зэмлэн буруушаав
Энэ долоо хоногийн эхээр Армени улс Европын дээд хэмжээний уулзалтыг нийслэлдээ зохион байгуулахад Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон нь Оросын эрх баригчдыг бухимдуулжээ.
ОХУ-ын гадаад хэргийн яамны долоо хоног тутмын хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүнийг зэмлэн буруушаасан юм.
“Бидний нөхөрсөг харилцаатай, ахан дүүс гэж үздэг Армени улс хэнд үйлчилж байгааг хараад Оросын нийгэм гүнээ эгдүүцэж, гайхаж байна. Хэнд гээч? Террорист этгээдэд” гэж Захарова хэлжээ.
2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн өдөөснөөсөө хойш Оросын эрх баригчид Зеленскийг “террорист”, Киевийн засгийн газрыг “террорист дэглэм” хэмээн цоллох болсон юм.
“Одоогийн хууль бус Киевийн дэглэм манай ард түмний ариун өдөр болох тавдугаар сарын 9-ний өдөр Москвад довтлохоор заналхийлж байна. Гэтэл Арменийн удирдлагаас хэн ч Зеленскийг зэмлэсэнгүй. Тэгэхээр та нар түүхийн аль талд байна вэ?” гэж Арменийн удирдагчдыг Захарова “загнасан” байна.
Өчигдөр Арменийн ерөнхий сайд Никол Пашинян сэтгүүлчидтэй уулзахдаа “2022-2023 оны үед Украины асуудал дээр бид Оросын холбоотон биш гэдгээ нэгэнт мэдэгдсэн” гэж хэлжээ.
Дараа нь тэр энэ Бямба гарагт Москвад болох ялалтын баярын арга хэмжээнд оролцохгүй, зургаадугаар сарын 7-нд болох парламентын сонгуульд бэлдээд завгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Армени улс, Европын Холбооны гаргасан хамтарсан мэдэгдлийг Захарова бас хатуу шүүмжилжээ.
“Ереваны эрх баригчдын ийм хандлага нь тус улсыг эрт орой хэзээ нэгэн цагт Оросын эсрэг Брюсселийн чиг шугамд эргэлт буцалтгүй нэгтгэж, улмаар Арменийн улс төр, эдийн засгийг ноцтой үр дагаварт хүргэх болно” гэж тэр анхааруулсан юм.
Уламжлалт холбоотон Армени, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудаад байгаа.
Гурван сая хүн амтай Өвөр Кавказын энэ улс 2024 оноос Оросын тэргүүлсэн батлан хамгаалах эвслийн үйл ажиллагаанд оролцохоо зогсоосон бол өмнөх жил нь Уулын Карабахын бүс нутгийг Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслаагүйд Оросын эрх баригчдыг буруутгаж байлаа.
Өнгөрсөн онд Армени улс Европын Холбоонд гишүүнээр элсэх хүсэл эрмэлзлээ албан ёсоор хуульчилсан нь Кремлийн эрх баригчдыг хилэгнүүлсэн юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Пашинянтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улс Европын Холбоо, Москвагийн удирддаг Евразийн Эдийн Засгийн Холбооны аль алиных нь гишүүн зэрэг байх боломжгүйг анхааруулж байлаа.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

