SpaceX-ийн хувьцааны уналтын улмаас Илон Маск их наядтаны статусаа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Америкийн технологийн салбарын бизнесмэн Илон Маск дэлхийн анхны их наядтан болсноосоо хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа уг статусаа алджээ.

Тэрбээр сансрын технологийн SpaceX компанийнхаа хувьцааг олон нийтэд арилжаалж эхэлсний дараа ийм статустай болж байв.

Тэгвэл Мягмар гарагт Америкийн хөрөнгийн зах зээл дээр технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан нь SpaceX-ийг тойроогүй юм.

Үүний улмаас хоёр долоо хоногийн өмнө $1.11 их наядад тооцогдож байсан Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $957 тэрбум орчим болж буурчээ.

SpaceX-ээс гадна Маскийн үүсгэн байгуулсан Tesla компанийн хувьцааны ханш унасан нь хиймэл оюуны салбарын урт хугацааны ашигт ажиллагаанд хөрөнгө оруулагчид эргэлзэж, оруулсан хөрөнгөө татсанаас болсон юм.

Гэсэн хэдий ч Илон Маск дэлхийн хамгийн баян хүн хэвээр, арын өрсөлдөгчөөсөө хол илүү баян хэвээр байна.

Зургаадугаар сарын 12-ны өдөр SpaceX-ийн IPO (Initial Public Offering) хэрэгжихэд нэгж хувьцааны ханш $135-аас эхэлж байв.

Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа $225.64 болж өссөн юм.

Энэ үед Маскийн цаасан дээрх хөрөнгийн хэмжээ $1.32 их наядад хүрээд байв.

Гэвч технологийн салбарын уналтыг дагаад SpaceX-ийн хувьцааны ханш оргил үетэйгээ харьцуулахад 30 гаруй хувиар унаж, $156 орчимд хүрээд байна.

SpaceX-ийн ойролцоогоор 42 хувийг Маск эзэмшиж байгаа. Тэр бас цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla-ийн 12 орчим хувийг эзэмшдэг.

Долдугаар сарын сүүлээр компанийн ажилтнууд хувьцаагаа зарах эрхтэй болох тулд SpaceX-ийн ханшийн уналт цаашид үргэлжилж болзошгүй юм.

Гэхдээ ханшийн багахан өсөлт, тухайлбал 6 хувийн өсөлт Илон Маскийг дахин их наядтаны түвшинд хүргэхээр байна.

 

Эх сурвалж: BBC