Украины агаарын цохилтын улмаас эзлэгдсэн Крымийн хамгийн том хотыг харанхуй нөмрөв

Т.Давааням, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины агаарын цохилтын улмаас эзлэгдсэн Крымийн хойгийн хамгийн том хот Севастопольд цахилгааны хангамж тасарсан тухай тус хотын захирагч Михаил Развожаев өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд Севастополийн гол цахилгаан станцыг оносон юм байна.

Украины зэвсэгт хүчин Оросын эрх баригчдыг энхийн яриа хэлэлцээний ширээнд суулгахын тулд оны эхнээс эрчим хүчний дэд бүтцүүдэд нь байнга довтолж байгаа.

Энэ цохилтууд 2014 онд булаан эзлэгдсэн Крымийн хойгийг бас хамарч байна.

Севастополь бол ложистик, стратегийн хувьд чухал байршилтай боомт хот юм.

“Бид гэрэл цахилгаангүй байхаас айхгүй. Бид үүнээс ч илүүг туулсан бөгөөд энэ удаа ч тэсэж үлдэх болно. Дайсан аймшигтай цохилтоороо биднийг ердийн орчинд амьдрах нөхцөлгүй болгож, айлгахыг хичээж байна” гэж Телеграм хуудсандаа Развожаев бичжээ.

Тэрбээр хотын эрчим хүчний байгууламжуудад “тусгай дэглэм” тогтоож, хохирлыг үнэлэх ажил үргэлжилж байгааг мэдээлсэн байна.

Севастополийн оршин суугчдад дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах, далд ажилладаг аппликэйшнүүдийг хаах замаар гар утасны батарейн ашиглалтыг багасгах зэрэг эрчим хүч хэмнэх арга хэмжээнүүдийг зөвлөжээ.

Агаарын температур Цельсийн 30 хэм хүрч буй энэ үед хөрш зэргэлдээ амьдардаг ахмад настнуудад анхаарал тавихыг бас зөвлөсөн байна.

Украины Нисгэгчгүй Системийн Хүчний командлагч Роберт Бровди өнгөрсөн шөнө дронууд Крым дэх цэргийн 48 байгууламжид довтолсныг мэдээлжээ.

Энэ үеэр Севастополийн гол цахилгааны дэд станц цохилтод өртсөн юм байна.

Крым даяар одоо бензин шатахууны ноцтой хомсдол үргэлжилж байгаа нь Украины тал тус бүс нутгийг Оросын эх газраас тусгаарлах зорилготой ажиллагаануудыг явуулж байгаатай холбоотой юм.

Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов бензин шатахууны худалдааг бүрэн зогсоож байгааг Ням гарагт зарласан.

Бензинээс гадна иргэд хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх болсноор өргөн хэрэглээний барааны хомсдол эрчимжсэн байна.

Энэ өдөр Украины тэнгэр ч бас тайван байгаагүй гэнэ.

Лхагва гарагийн шөнө Оросын талаас нийт 101 дроноор довтолсны 95-ыг нь аюулгүй болгосноо Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC