Засгийн газар инфляцыг 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалахаар тооцоолжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:28 2026/05/08

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

10:35 2026/05/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал "Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт болон макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг харьцангуй тогтвортой түвшинд хадгалж ирсэн хэдий ч гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, шинэ сорилтууд нэмэгдсээр байна. Геополитикийн нөхцөл байдал хурцдаж, ялангуяа Ойрх Дорнодын бүс нутаг дахь тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээл, тээвэр, логистик, хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээ, импортын үнийн дарамт, экспортын орлого, валютын ханш, инфляцад эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ийм нөхцөлд төсвийн бодлогын тэлэлтийг хэт нэмэгдүүлэх нь инфляц, зээлийн хүү, валютын ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.  

Эдгээр хүчин зүйлсийг харгалзан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг оновчтой удирдах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогын хүрээнд боловсруулсан болно.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд мөн боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна.

Нөгөө талаас Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, улмаар үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлнэ.

Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагыг ханган боловсрууллаа. Тухайлбал:

  • Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. 
  • Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна. 
  • Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.
  • Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0  хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн танилцуулав.

ШУУД ҮЗЭХ: 

14:28 2026/05/08

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

ШУУД ҮЗЭХ: