Эпштейний амиа хорлохоосоо өмнө бичсэн зурвасыг АНУ-ын шүүгч олон нийтэд ил болгожээ
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсны амиа хорлохоосоо өмнө бичсэн гэх зурвасыг АНУ-ын холбооны шүүгч өчигдөр олон нийтэд ил болгожээ.
Тэрбээр шалгагдаж байхдаа 2019 оны наймдугаар сард Манхэттэний шоронд нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг нь амиа хорлолт гэж тогтоосон юм.
Эпштейний гараар бичсэн зурвасыг түүнтэй хамт хоригдож байсан хүн амины гэмт хэрэгтэн, цагдаагийн албан хаагч асан Николас Тартальоне олсон гэнэ.
Тартальонегийн хэргийг хариуцаж буй АНУ-ын холбооны шүүгч Кеннет Карас уг зурвасыг Нью Йорк Таймс сонины хүсэлтээр ил болгожээ. Өнгөрсөн долоо хоногт тус сонин ийм зурвас байгаа талаар анх мэдээлж байв.
Тартальоне нь хар тамхитай холбоотой хүн амины хэргээр бүх насаар хоригдох ял сонссон хүн юм.
“Аль ч тал зурвасыг нууцлах ямар нэг үндэслэл олоогүй” гэж шүүгч гаргасан шийдвэрээ тайлбарласан байна.
Тартальоне нь 2019 оны долдугаар сард хоёр долоо хоногийн турш Эпштейнтэй нэг камерт хамт хоригдож байжээ.
“Тэд намайг нэг сарын турш шалгаад ЮУ Ч ОЛООГҮЙ!!!. Тиймээс 15 жилийн өмнөх ялаа дахин тулгаж байна. Баяртай гэж хэлэх цагаа сонгох боломжтой байгаа нь сайн хэрэг юм” гэж уг зурваст бичээд сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байгааг илэрхийлсэн (Watcha want me to do - Burst out cryin!! NO FUN - NOT WORTH IT!!) хэлц үгээр дуусгажээ.
Эпштейн 2008 онд Флоридад насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэхээр ятгасан хэрэгт шийтгүүлэхдээ буруугаа хүлээсэн үндэслэлээр богино хугацаагаар шоронд хоригдох ял сонсож байсан юм.
2019 оны долдугаар сард дахин баривчлагдахдаа Нью Йорк, Флорида мужуудад насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт буруутгагдаж байжээ.
Эпштейн Манхэттэний шоронгийн өрөөнд хүзүүндээ сорвитой нас барсны дараа уг зурвас номын завсраас олдсон юм байна.
Тартальоне энэ зурвасын талаар өнгөрсөн онд нэг подкаст ярилцлагад орохдоо анх дурдаж байсан бол өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Нью Йорк Таймс сонин мэдээлснээр олны анхаарлын төвд оржээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

