Дөрөвдүгээр сард олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 14,104 удаагийн зөрчил бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард нийт 840,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Бүртгэгдсэн зөрчлийн
- 89.3 хувь нь нийслэлд
- 10.7 хувь нь орон нутагт гарчээ. Үүнээс 99.6 хувийг цагдаагийн байгууллага, 0.4 хувийг гааль, татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.5 хувийг газар дээр нь, 1.1 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн
- 76.4 хувь нь эрэгтэй,
- 23.6 хувь нь эмэгтэй,
- 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 7.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад,
- Танхайрах зөрчил 1,229 бүртгэгдсэн нь 24.8 хувиар,
- Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2,920 бүртгэгдсэн нь 24.6 хувиар,
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 595 бүртгэгдсэн нь 18.5 хувиар,
- Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 4,209 бүртгэгдсэн нь 9.1 хувиар тус тус буурсан бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 14,104 бүртгэгдсэн нь 25.8 хувиар өссөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

