Поп од Шакира 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг танилцууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Колумбын поп од Шакира өчигдөр орой 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууг танилцуулжээ.

“Whenever, Wherever”, “Hips Don’t Lie” зэрэг хит дуунуудын эзэн 49 настай тэрбээр энэ зун АНУ, Мексик, Канад улсууд хамтран зохион байгуулах уг арга хэмжээний “Dai Dai” нэртэй сүлд дууг дуулсан юм байна.

Шинэ дуу тавдугаар сарын 14-нд албан ёсоор цацагдах бөгөөд Шакира өчигдөр өөрийн Инстаграм хуудсанд дууныхаа нэг минутын урт танилцуулга дүрсийг нийтэлжээ.

Уг хэсгийн дүрсийг Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд авсан юм байна. Шакирагийн дуунд бас Нигерийн дуучин Бурна Бой оролцож байгаа ажээ.

Колумбын супер од өмнө нь Өмнөд Африкт болсон 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-г дуулж байсан юм.

Бас 2014 онд Бразилд болсон тэмцээний хоёр дахь сүлд дуу  “La La La”-г амилуулж, Рио Де Жанейро хотод болсон хаалтын ёслолын ажиллагаан дээр нь “амьдаар” дуулж байв.

Испанийн шигшээ баг, Барселона клубийн хамгаалагч асан Жерард Пикегийн хоёр хүүг төрүүлсэн Шакира мөн 2006 онд Германд болсон тэмцээний хаалтын ажиллагаан дээр “Hips Don’t Lie” хит дуугаа дуулж байжээ.

Түүний эх орон Колумбын шигшээ баг зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээнд оролцох 48 багийн нэгээр шалгараад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC