Гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын дарга томилогдох хүртэл түр хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны гуравдугаар сарын 9-нд өргөн барьсан "Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан билээ. 

Гэвч хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Хууль санаачлагч Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр аман байдлаар түр хойшлуулж өгөөч гэсэн. УИХ-ын шинэ дарга томилогдохоор ярилцаж хэлэлцэх зүйл байна гэж хэлсэн учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасаж, түр хойшлуулж байна" хэмээн алх цохив.

Ийнхүү УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын дарга томилогдох хүртэл түр хугацаанд хойшлуулж байна. Хэрэв өнөөдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бол энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдах байсан юм.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна, 
  • УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.