Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Батсайхан: Оюутан үеийн тэр жижиг наймаа миний ирээдүйн бизнесийн эхлэл байжээ

ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 9 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2004 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон Шунхлай Группийн Ерөнхийлөгч П.Батсайханы илтгэлийг хүргэж байна.

 

2005.05.14 

Хувийн хэвшил ба түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг

Орчин үеийн эдийн засгийн сонгодог загварыг анх 1776 онд Адам Смит томьёолжээ. Үүнээс өмнө олон мянган жилийн туршид хүн төрөлхтөн ердөө л өдрийн хоолоо олох гэж тэмцдэг байлаа. Зөвхөн алт мөнгө л үндэсний баялгийг бүтээнэ хэмээн хүмүүс итгэж, зөвхөн алт мөнгийг олохын төлөө дайн байлдаан хийж, улсын сангаа арвижуулахыг зорьдог байжээ. Нийт ард түмэн ядуу зүдүү амьдарч, цөөхөн язгууртан хэсэг тансаг хангалуун амьдардаг дүр зураг нийтлэг, дасал болсон байв. Гэтэл энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж, нийт хүмүүс тэр дундаа жирийн дундаж иргэд хангалуун сайхан амьдарч чадах гол гогцоог Адам Смит олж нээжээ. Тэр өөрийн загварыг “Жам ёсны эрх чөлөөний тогтоц” гэж нэрлэсэн.

Товчхон хэлэх юм бол Адам Смит хүмүүст эдийн засгийн эрх чөлөө олгохыг хамгийн гол зүйл гэж харсан байдаг. Эдийн засгийн эрх чөлөө нь хүн бүрийн эдэлбэл зохих хамгийн суурь эрх мөн хэмээн Адам Смит үзэж байлаа. Тэрээр бичихдээ “Хүн төрөлхтнийг өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийхийг, эсвэл өөрсдийн хөрөнгө, үйлдвэрлэлийг өөрсдөдөө хамгийн ашигтай гэж үзэж буй байдлаар ашиглахыг хориглох нь хүн төрөлхтний хамгийн ариун нандин эрхийг илэрхий зөрчсөн хэрэг мөн” гэж байлаа. 
 
Хувь хүмүүс өөрийн гэсэн хувийн өмч хөрөнгөтэй байж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, солилцох эрхээ эдэлж, зах зээлийн өрсөлдөөнд чөлөөтэй оролцох нь эдийн засгийн сонгодог загварын гол тулгын чулуу гэж тэр тодорхойлсон байдаг. Хэрэв үүн дээр 17-р зууны сүүлчээр Францын бизнесүүд төр засагтаа хандаж хэлсэн алдарт “Laissez Faire” /Лэс Фэр/ буюу биднийг зүгээр л зөнд нь орхичих гэсэн үгийг нэмбэл үндсэндээ хувийн хэвшлийн ажиллах, хөгжин дэвших үндэс суурь болох байх гэж би боддог. 
 
 

Энд нэг зүйлд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Аливаа эдийн засгийн тогтолцооны гол төвд хувь хүн, түүний сонирхол, идэвх санаачилга, хариуцлага байвал энэ нь хамгийн зөв тогтолцоо болно гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх юмсан. Учир нь хувь хүн бол: 

  • Аливаа баялгийг бүтээгч
  • Түүний үр дүнг хэрэглэгч 
  • Нийгмийн амьдралын аливаа өөрчлөлт шинэчлэлийг санаачлагч бөгөөд хэрэгжүүлэгч байдаг. Ийм ч учраас хүн бүр тэгш эрхтэй, өөрийн язгуур эрх, эрх чөлөөтэй байдаг. Хувь хүний улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн  эрх чөлөөг хэрхэн хангаж байгаагаас тухайн орны хөгжлийн түвшин шууд хамаардгийг олон судалгааны дүн  харуулдаг. 
Канадын эрдэмтэн Ж.Гвартней, Р.Лаусан, В.Влок нар дэлхийн 100 гаруй орны эдийн засгийн эрх чөлөөний хэмжээг тодорхойлж жагсаалт гаргажээ. 1975-1995 онд хийсэн энэ судалгааны дүнд эрх чөлөөний түвшин өндөр байх хэрээр нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ /GDP/ болон амьдралын стандарт өндөр байж хөгжлийн хурдац нь илүү байгааг гаргасан байдаг. /М.Скаузен, Эдийн засгийн ухаан эдүүгээчлэгдсэн замнал. 2004 30-31х/

Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалан хөгжүүлэх асуудалд хуулийн засаглалын үүрэг чухал байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Бид ихэнх тохиолдолд хуулийн засаглалыг олонхийн засаглал мэтээр хэт хялбарчлан ойлгодгоос олон бэрхшээл зовлонг өөрсдөдөө бий болгодог юм шиг надад санагддаг. 

Хувь хүний эрх чөлөө- хувийн өмч- хуулийн засаглал гэсэн энэ холбоос үргэлж цуг байж л сая амьдрах чадвартай болно. Энэ холбоос хэр зэрэг сайн ажиллаж байгаагаас нийгмийн тогтолцооны эрүүл саруул байдал, хүнд суртал, хээл хахуулийн багасалт, бизнесийн үр ашиг, эцсийн дүндээ хүн амын амьдралын түвшингийн өсөлт хамаарах болно. 

Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжил ба “Шунхлай” компани

Монголчууд бидэнд арав гаруйхан жилийн өмнө хувийн хэвшлийн тухай ямар нэг системтэй ойлголт байгаагүй. Тэгвэл одоо тус салбарынхан Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа билээ. Энэ тоон үзүүлэлт цаашдаа улам бүр өснө гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Хувийн хэвшлийг нийгэмд ийм том үүрэгтэй болоход 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал үнэлж баршгүй хувь нэмрээ орууллаа. 
 
Тэгэхээр ардчилсан хувьсгал иргэдэд улс төрийн эрх, эрх чөлөөг олгоод зогсоогүй эдийн засгийн маш том эрх олгосон юм. Үүнийг энэ үүднээс харах юм бол эдийн засгийн хувьсгал гэж хэлэхэд хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин энэхүү хувьсгалын үр дүнд бий болсон эдийн засгийн эрх чөлөө, боломжийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож ашигласан байх юм. Тухайн үед ардчилсан хувьсгалаар олдсон боломжийг зөв ухаарч ашиглаж чадсан олон хүн хувийн хэвшлийн нийгэмд гүйцэтгэх үүргийг өндөрт өргөж өнөөдрийн төвшинд хүргэжээ.
 
Тэдний гүйцэтгэсэн үүрэг мөнгө, төгрөгөөр хэмжигдэшгүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн эрх чөлөөний гол баталгаа, өөрөөр хэлбэл өмчтэй болох, түүнийгээ өсгөн үржүүлэх нөхцөл боломж нээгдсэнээр өнөөгийн манай шилдэг бизнесменүүд төрөн гарсан юм. Гэхдээ тэдний туулсан зам гарт орсон өргөс авахтай адил байгаагүй. Үүнийг бие, сэтгэлээрээ мэдэрч амссан хүний хувьд хэлэх нь зүйтэй болов уу. Эдийн засгийн хувьсгалын үр дүнгийн эхэн үе нь ганзагын наймаа байсныг олон хүн мартаагүй байгаа. Өнөөдрийн томоохон бизнесменүүд ч тэндээс гараагаа эхэлсэн билээ. Түүнээс өөр зам тэдэнд байгаагүй. Түүнийг өнөөгийн түвшинээс харах юм бол их шалгаруулалтын жилүүд байжээ гэж би боддог. 
 
Төрийн зүгээс эдийн засгийг либералчлах, системтэй олон талын арга хэмжээ авч, төрийн нэртэй хэний ч биш өмчийг хувьчлах шийдвэр төрөөс гарч, өмч хувьчлах үүрэг бүхий функц Засгийн газрын бүтцэд орж ирсэн нь хувийн хэвшил эргэлт буцалтгүй болсныг нийгэмд мэдрүүлсэн анхны том алхам байсан. Ганзагын наймаагаар тулгын чулуугаа тавьсан хувийн хэвшил өмч хувьчлалаар эрчээ авсан гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй санагдаж байна. Ингэж төр, иргэний идэвх санаачилгаар хувийн хэвшил нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэх эхлэл тавигдсан юм. 
 
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд иргэдийн идэвх санаачилга, төр засгийн олон арван шийдвэрүүдийн эцсийн үр дүнд Монголын хувийн хэвшлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг улам бүр тодорхой болж үүнээс итгэл авсан ард түмэн өнөөдөр хүчээ аваад байгаа хувийн хэвшлийг бий болгожээ. Энэ бүхэн Монголчууд бидний хамтын бүтээл гэдгийг хэлэхэд нэн таатай байна.
 
Хувийн хэвшлийнхэн өнөөдөр нийгмийн өмнө онцгой үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь маргааш түүхийн өмнө хүлээх хариуцлага билээ. Ийм учраас хувийн хэвшлийнхэн үүсэж болох зовлон бэрхшээлийг урьдчилан харж, бартаа саадыг эрсдэл багатай даван туулах хэрэгтэй болж байгаа юм. Энэ бол бидэнд өгч байгаа нийгмийн захиалга гэдгийг мартаж болохгүй. 
 
1990 онд эдийн засгийн хувьсгал өрнөснөөр “Шунхлай” компани мэндлэх нөхцөл бүрдсэн. Тэгэхэд би Бүгд Найрамдах Социалист Чехославак Улс /БНСЧСУ/-д суралцаж Авто тээврийн инженер-эдийн засагч мэргэжилтэй болоод ирж байлаа. Мэргэжлээрээ Тээврийн Институтэд нэг жил ажилласан. Энэ салбартаа ажиллах уу, хувийн хэвшилд шилжих үү гэдэг сонголт миний өмнө тулгарч байсан. Түүнээс би хувийн хэвшилд шилжих сонголтыг тухайн үед хийсэн юм. Тэр үед хийсэн сонголт зөв байжээ гэдэг нь өнөөдөр бүр тодорхой боллоо. Хувийн хэвшлийн хөгжлийг би “Шунхлай” компани, бизнесийнхээ өсөлтөөр төсөөлдөг. 
 
Анх оюутан байхдаа наймаа хийж эхэлж байлаа. Социализмын үеийн оюутан бидэнд сургалтын төлбөр гэх бэрхшээл байгаагүй. Бид сурч байгаагийнхаа төлөө төрөөс стипенди буюу тэтгэлэг авдаг байлаа. Энэ бол одоогийн оюутнуудаас бидний үеийн оюутнуудын гол ялгарах онцлог. Гэхдээ гэр орон, аав ээжээсээ хол амьдарч байсан бидний хувьд тэтгэлэг маань оюутны амьдралд бүрэн хүрэлцдэггүй байсан юм. Аав, ээж маань ердөө 750 төгрөгийн цалинтай. Түүнээс өөр орлогын эх үүсвэргүй. Түүгээрээ гэр бүлээ хооллоно, хувцаслана. Аав, ээжээсээ өөртөө дутагдсан бүхнээ авна гэвэл бүр утгагүй. 
 
Хүний нутагт өөрөө өөрийгөө авч явах зайлшгүй шаардлага гардаг байлаа. Энэ бол ганцхан надад тохиолдсон бэрхшээл биш. Тэр үеийн гадаадад сурч байсан бүх оюутнууд энэ бэрхшээлийг амссан гэж хэлж болно. Тэтгэлэгтээ нэмэр болгох үүднээс ихэнх оюутнууд өөр өөрийнхөө боломжоор жижиг наймаа хийдэг байсан. Тэр үеийн Чехэд сурч байсан оюутнууд Польш Чехийн хооронд наймаа хийдэг байлаа. Зун нь амралтаараа нутагтаа очих гэж элчингээс визээ авдаг байлаа.
 
Тэгээд л Польш руу гарсан тамгынхаа тоогоор торгууль төлж визээ авдаг байлаа. Нэг тамгад 800-гаад кроноор торгодог байсан санагдана. Тэр нь бидний нэг сарын стипендитэй тэнцдэг. Ямар ч байсан 7-8 тамганы торгууль төлчхөөд визээ аваад Монгол явчихдаг байсныг бодоход овоо л ашигтай байж дээ. Хүн наймаа арилжаа хийгээд хэдэн төгрөг олвол урамшдаг юм билээ. Оюутан үеийн тэр жижиг наймаа миний ирээдүйн бизнесийн эхлэл байжээ. 
 
Тухайн үед ийм төрлийн бизнесийг “дамын наймаа” гэж адладаг байлаа. Харин сургуулиа төгсөөд ирэхэд ардчилсан хувьсгал өрнөж чөлөөт эдийн засагт шилжсэнээр “дамын наймаа” гэх ойлголт үгүй болж оюутан байхдаа олж авсан жижиг наймааны эв дүйгээ ашиглан бизнес хийж эхлэх боломж бүрдсэн нь миний хувьд маш том олз байжээ гэж би боддог.
 
Эдгээрийг энд сэргээн санаж, хөндөж байгаа маань жижиг зүйлээс том зорилтын эх тавигддаг гэж хэлэхэд зориулагдаж байгаа юм. Тэгэхээр манай “Шунхлай” компани анхны эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр оюутан ахуй цагт тавигджээ. Тэнд хуримтлагдсан мөнгөөр бусдын адил ганзагын наймаанд явсан. Эхлээд Бээжин-Улаанбаатар-Москвагийн хооронд өргөн хэрэглээний бараа зөөлөө. Наймааны энэ урсгалаа хоёр талтай болгож ОХУ-ын зах зээлээс автомашин оруулж ирж зарж эхэлсэн нь бидний өргөн хэрэглээний барааны наймаа автомашины худалдаа болон өргөжиж энэ нь гадаад, дотоод худалдааны “Шунхлай “ компани болж хүрээгээ тэлсэн.
 
Нэгэнт зах, зээлд автомашин нийлүүлж борлуулах болсон бидний хувьд засвар үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болох нь ажиглагдсан. Засвар үйлчилгээний төв нээх нь нийтэд тустайн дээр бизнесээ тэлэх нэгэн боломж болох нь харагдаж байлаа. Эндээс “Шунхлай автосервис” төрж худалдааны бизнес маань үйлчилгээ болон өргөжсөн нь бизнесийн хүрээгээ тэлсэн нэгэн алхам байлаа. Ингэж гараагаа эхэлж байсан манай компани одоо нефтийн бүтээгдэхүүний худалдаа, банк, даатгал, харилцаа холбоо, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Групп болон ажиллаж байна. 
 
Жижиг зах зээлийн онцлогийг харгалзан олон салбарт үйл ажиллагаа явуулахыг зорьж хэд хэдэн салбарт хөрөнгө оруулалт хийсэн маань биднийг өнөөгийн ажилтанд хүргэсэн юм. Бас нэгэн чухал хүчин зүйл бол өмч хувьчлал байлаа. 
 
2002 онд АПУ компанийн төрийн мэдэлд байсан 51 хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахад энэ дуудлага худалдаанд манай Группийн оролцоотой консорциум ялагчаар тодорч худалдан авсан юм. Дуудлага худалдаа болж байх үеийг би сайн санаж байна. Тухайн үед төрийн өмчийг давуу эрх, өөртөө ашигтай, улсад ашиггүй аргаар авах гэсэн сонирхолтой хүмүүс цөөнгүй байлаа. Үүнийг тухайн үеийн Засгийн газар зөв мэдэрч, дуудлага худалдааг зохион байгуулсан нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр байсан юм. 
 
Өөрөөр хэлбэл Засгийн газар, өмчийг хувьчлах хамгийн шударга аргуудын нэгийг сонгож авснаар “АПУ” ХК-ны хувьчлал буруу зам руу ороогүй юм. “Шунхлай групп” шударгаар өрсөлдөж үйлчилгээнээс үйлдвэрлэлд шилжсэн түүх энэ билээ. Гэхдээ бидний хоёр жилийн өмнө хүлээж авсан АПУ компани гэдэг бол техник, технологийн хувьд хоцрогдчихсон, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол нь өнөөгийн хэрэглэгчдийн шаардлагад нийцэхгүй болчихсон байлаа. Харин бид хөрөнгөө оруулсны хувьд богино хугацаанд чанар, бүтээгдэхүүнийхээ өнгө төрхийг бүрэн өөрчилж чадсан гэж ойлгодог.
 
Шунхлай групп, АПУ компанийн үйлдвэрлэлийн техник, технологийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, сайжруулах үүднээс өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрийг бүхэлд нь шинэчилж дууслаа. Эдгээр нь бидний өөрийнхөө болон нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том үүрэг байлаа. АПУ компани богино хугацаанд өнгө төрхөө өөрчилж чадсанаар улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Нэг үгээр хэлбэл тус компанийн урьд жилүүдэд улсын төсөвт төлж байсан татварын хэмжээ нэмэгдлээ. Үйлдвэрлэгч болсноор нийгмийн өмнө хүлээх үүргийн хүрээ тэлдэг. Худалдаанаас үйлчилгээнд шилждэг. Үйлчилгээнээс үйлдвэрлэлд шилждэг нь бодит үнэн гэдэг нь бидний туулсан амьдралаас харагддаг. Тус группд ийм өсөлт гарсан нь Монгол улсад хувийн хэвшил хөгжиж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ. Цааш нь энэ мэт олныг дурдаж болох боловч та бүхний цагийг хэмнэж илтгэлийнхээ энэ хэсгийг өндөрлөе.

Хувийн хэвшлийн хөгжлийн цаашдын чиг хандлагын тухай

Энэ талаар ярилцахад дэлхий нийтийн болон өөрийн орны хөгжлийн гол хандлагуудтай холбон авч үзэх нь зөв байх. Гол хандлагуудыг зөв тодорхойлж чадвал хүмүүс өөрсдийн ажил мэргэжлээ сонгох, амьдрах газар, бизнес, хөрөнгө оруулалтын сонголтоо хийх, хүүхдийнхээ боловсролын чиглэлийг тогтоох зэрэг амьдралын олон чухал асуудлаа шийдвэрлэх, баримжаатай болохоос гадна хүн үзэл бодлоо сонгох, бусадтай харилцах, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрээ тодорхойлоход ч чухал үүрэгтэй. 21-р зууны эхний 10-15 жилийн хөгжлийн гол хандлагуудыг тодорхойлсон олон судалгаанууд байдаг юм байна.
 
Би үүнээс хамгийн их давтагдаж байгаа гол хандлагуудыг нэрлэхийг хүсч байна.
 
1. Даяарчлагдсан эдийн засгийн эрс үсрэлт Эдийн засгийн ач холбогдол улс төрөөс илүү өндөр болно. Дэлхийн худалдаа улам бүр чөлөөтэй болж худалдааны чөлөөт бүсүүд олноор бий болно. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Байгалийн нөөцийн хүртээмж харьцангуй сайжирна. Байгаль орчныг хамгаалах талаар шинэ хандлага бий болно. 
 
2. Урлаг соёлын дахин сэргэлт Урлаг соёлын салбар улам бүр бизнесийн шинжтэй болж, мэргэжлийн менежмент, маркетинг, зар сурталчилгааны албатай болж байна. Телевиз, интернет, видео техник, гэрийн кино театр, CD, DVD энэ бүхэн урлагийг түгээх, танин мэдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хүмүүсийн чөлөөт цаг урлагтай холбогдох нь улам бүр ихэснэ. 
 
3. Хүмүүсийн амьдралын хэв маяг улам бүр даяарчлагдаж, энэ хирээр үндэсний соёл сэтгэлгээг дээдэлнэ Дэлхийн эдийн засаг даяарчлагдан, мэдээлэл цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ бий болж, аялал жуулчлал, харилцан солилцоо өсөхийн хирээр хүмүүсийн хэрэглээ ижил төстэй болж, амьдралын хэв загвар ойртож байна. Ялангуяа хоол хүнс, хувцас, гэр ахуй, сонсох хөгжим, үзэх кино, чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэр улам бүр адил болж байна. Судлаачдын тогтоосноор дэлхийд 40 фирм энэ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Үүнд: Кока Кола, АйБиЭм, Сони, Макдоналдс, Хонда зэрэг фирмүүд ордог юм байна. Англи хэл улам бүр түгээмэл болж байна. Энэ үйл явцтай зэрэгцэн үндэсний соёл, хэл, заншил, шашин, уран зохиолоо дээдлэх хандлага хүчтэй болж байна. 
 
4. Номхон далайн бүс нутгийн эдийн засаг цэцэглэнэ Өнөөдөр дэлхийн эдийн засаг, худалдааны төв Атлантын далайгаас Номхон далай руу буюу Нью-Йорк, Парис, Лондонгоос Токио, Сидней, Бээжин рүү шилжиж байна. Энэ бүсэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь амьдарч, эдийн засгийн хөгжил хамгийн өндөр хурдацтай байна.
 
5. Биологийн шинжлэх ухаан тэргүүлнэ Биологийн болон био технологийн эрин эхэлнэ. Мэдээлэлд тулгуурласан, өөрийгөө удирддаг, зохицох чадвар сайтай, микро түвшингийн загварууд голлох болно. Био технологи компьютероос ч илүү ач холбогдолтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Ургамал, амьтан, хүн дээр хийж байгаа туршилтууд, тэдгээрийн үр дүн нь хүн төрөлхтнийг гайхшруулж байна. 
 
6. Шашны дахин сэргэлт Хувь хүмүүс хүчирхэгжиж, тэдний дотоод хяналт, ухамсрын үүрэг нэмэгдэх хирээр шашны эзлэх байр суурь улам өсөж, хүмүүсийн сүсэг бишрэлийг хүндэтгэх хандлага хүчтэй болно. Шинжлэх ухаан, шашны хоорондын маргаан улам бүр багасна. Даяарчлал ч мөн адил шашны хөгжлийн хандлагад өөрийн нөлөөгөө үзүүлнэ. 
 
7. Түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэнэ 18-р зуун нь хувь хүний хөгжлийн үед хамгийн оргил үе байсан гэж түүхчид үздэг юм. Энэ зуунд нийтийг хамарсан дайн байлдаан болоогүй, соёл урлаг, шинжлэх ухаан дахин сэргэж, орчин үеийн техник технологийн үндэс тавигдсан гэж үздэг. Хувь хүний хөгжлийг хүлээн зөвшөөрч, дээдэлсэн зуун бол 21-р зуун болох ёстой гэж судлаачид үзэж байна. Эдийн засаг даяарчлагдах хирээр хувь хүн улам хүчирхэгжиж, мэдээлэл сонголт хийх эрх нэмэгдэж байгаатай энэ холбоотой. 
 
Энэ хандлагуудаас харахад ойрын ирээдүйд хаана ч гэсэн хувь хүний хөгжил, хувийн хэвшил голлох байр суурийг эзлэх шинжтэй байна. Ийм учраас Монголд хувийн хэвшлийг хөгжүүлэх чиг бодлогоо үүнтэй уялдуулан тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Мэдээж үүнд олон арга зам боломж байгаа. Би өөрийн чухал гэж бодсон зарим асуудлаар байр сууриа илэрхийлье.
 
Улс орны хөгжилд хувийн хэвшил, түүнийг бий болгож бүрдүүлэгч хувь хүний хүчин зүйлийн үүрэг роль өсөн нэмэгдэж байгаа энэ нийгэмд хувийн хэвшил, хувийн өмчийн өсөлтийг дэмжих, шударга татвар төлөлт, түүний үр ашигтай зарцуулалтын механизмыг боловсронгуй болгох, авилгал, хээл хахууль, хүнд суртал зэрэг хөгжлийн хурдцыг сааруулагч хүчин зүйлүүдийг үгүй болгох хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн орчинг бий болгох зайлшгүй шаардлага байна.
 
Хэрвээ татварыг хувь хүн, аж ахуйн нэгж бүр шударга төлдөг болгоё гэвэл эхний  ээлжид татвараа төлсний дараах ашгаараа бизнесээ өргөжүүлж, амьдралаа сайжруулах боломжтой татварын эрүүл саруул тогтолцоог бий болгох ёстой. Энэ нь нөгөө талдаа далд эдийн засаг хөгжих, авилгал, хээл хахууль ихсэх, хүнд суртал, дарамт шахалт нэмэгдэхээс сэргийлэх болно. 
 
Хувийн хэвшил эрчимтэй хөгжиж, улам хүчирхэг болохын хирээр хөгжлийн төлөөх шударга өрсөлдөөний талбар бий болгох шаардлагатай. Түүнээс биш бизнесийн амжилтаараа өрсөлдөгчөө гүйцэхгүй болохоороо өөрийгөө түүнээс илүү болгохын төлөө шударга ажиллахын оронд түүнийг өөр шигээ болгохын төлөө ажиллах нь буруу юм. 
 
Мөнгө бол бизнесийн маш том чухал хүчин зүйл боловч энэ нь хоёрдугаар зэргийнх. Мөнгө бол бизнесийн амьдралын цусны эргэлтийг хангагч систем мөн боловч үүнээс илүү өндөр зорилготой байж л бизнес цаашид амьдарч, бэрхшээлийг даван гарах чадвартай болдог. Энэ үүднээс бид өөрийн группийнхээ уриа, философийг тодорхойлсон. 
 
Манай хамт олны “Хөгжлийн төлөөх Хөдөлгүүр бүрийг тэжээнэ” гэдэг уриа нь улс орон дэлхий нийтийн хөгжлийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа бүгдийг дэмжиж, хамтарч ажиллах сэтгэлийн уриа юм. 
 
Харин бидний “Компанийн хөгжилд хүрэх зам нь бидний харилцагчдын дэвшилд оршино” гэсэн философи нь хувийн хэвшлийн бүхий л салбар эрчимтэй хөгжсөнөөр Монгол орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал сайжирч, үүнтэй уялдан бидний үйл ажиллагаа ч өсөн дэвжинэ гэсэн томьёолол юм. Тухайлбал бидний шатахуун нийлүүлдэг уул уурхай, газар тариалангийн компаниудын бизнес сайжирч, манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдын бодит орлого өндөр байж, худалдан авах чадвар нь сайн байх нь бидний хөгжилд хүрэх зам гэсэн үг. Хувийн хэвшил эрчимтэй хөгжсөнөөр эх орон маань хөгжиж дэвжинэ гэж би боддог.
 
Тиймээс, бидний болон та бүгдийн бизнес амжилттай байж хөгжлийн хүчин зүйлийг дээдэлсэн, өндөр технологитой хөгжлийн эринд Монгол эх орноо дэлхий нийттэй хөл нийлүүлэн авч явахыг та бүгдэд уриалж байна.
 
2004.05.14