Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баяртсайхан: Манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 45 мянган ам.долларт хүрэх боломж бий

ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 8 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2000 оны нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы илтгэлийг хүргэж байна.

 
2001 он

Бид мэдээлэл, дэвшилтэт техник, технологи хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж, дэлхийн эдийн засаг жам ёсоороо даяаршин хөгжиж буй мэдээлэл, техник технологийн XXI зуунд амьдарч байна . 1990 оноос хойш даяаршил/ глобалчлал гэсэн нэр томьёо дан ганц эдийн засаг, нийгэм, улс төрийн академик хүрээнд бус хэвлэл, мэдээлэл, бодлого боловсруулагчдын хүрээнд ч өргөнөөр яригдах болсон. Хүн бүр даяаршиж буй дэлхийд амьдарч буй дээр санал нэгддэг хэдий ч даяаршлыг тодорхойлох, энэ нь тухайн нэг улсын хувьд сайн хандлага уу эсвэл сөрөг нөлөөтэй юу гэдэг дээр харилцан ялгаатай үзэл бодолтой явж ирсэн. 
 
Девид Хендерсон (1999) даяаршил хэд хэдэн үндсэн хэлбэрээр илэрч байна хэмээн тодорхойлжээ:
  • Дэлхий ертөнц бүхэлдээ нэг эдийн засаг, нэг зах зээл болж, интеграцчлах үйл явц бүхнийг хамрах болсон.
  • Олон улсын холбоо харилцаа нэн хүчтэй өргөжиж, интернет дэлхий даяарыг холбосон тор сүлжээ болон хувирсан. 
  • Нэг орны хязгаараас давсан асуудлууд үүсэж тухайлбал, олон улсын терроризм, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, өлсгөлөн, халдварт өвчин, дайн дажнаас сэргийлэх зэрэг асуудлыг дэлхийн бүх улс орон хамтран шийдэх чиг хандлага хүчтэй бий болсон.
  • Улс орнуудын нийтээр хүлээн зөвшөөрөх ерөнхий зарчим, үнэт зүйлс улам бүр ижилсэх болж, энэ чиглэлээр гарсан олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм журмыг улс орон бүр чанд мөрдөн биелүүлэх шаардлага гарсан хэмээн үзжээ.
Даяаршлын гол илрэл нь мэдээлэл технологийн салбараас гадна олон улсын эдийн засгийн хүрээнд тод ажиглагдаж байна. Тухайлбал:
  1. Том аж ахуйн нэгжүүд нэг улсын хил хязгаараас давж, улс үндэстэн дамнасан санхүү, эдийн засгийн тогтолцоо бүхий үйл ажиллагаа явуулах болсон.
  2. Улс орнууд хөгжин дэвшихийн тулд зөвхөн өөрийн мэдлийн төдийгүй дэлхий дахины нөөц, баялгийг дайчлан ашиглахыг эрмэлзэх болсон. Тухайлбал, сансрын уудам, далай тэнгис, буурай хөгжилтэй орны байгалийн баялаг, хөдөлмөр, оюун ухааны нөөцийг эргэлтэд оруулах болсон.
  3. Олон улсын түвшинд хуримтлал, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн түргэсч, эдийн засаг, технологийн интеграцийн үйл явц хүчтэй өрнөж байна. Үүнтэй холбогдон олон улсын хүрээнд мөнгө, санхүүгийн бодлогыг зохицуулах эрх зүйн нэгдмэл орчин бүрдүүлэх үйл ажиллагаа идэвхжих болсон.
  4. Мэдээллийн технологийн хөгжил нь дэлхийн аль ч улс оронтой асар богино хугацаанд холбоо харилцаа барих бодит боломж бүрдүүллээ. Ингэснээр цаг хугацаа, орон зайн тухай уламжлалт ойлголт өөрчлөгдөн мэдээ, мэдээлэл солилцоход амар хялбар болж байна.
     
 

“Дэлхий бол хавтгай: Хорин нэгдүгээр зууны товч түүх” номын зохиогч Томас Фридман (2005) даяаршил нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг алга болгож, хүн бүр дэлхийн хаанаас ч өөрийн ажлаа хийх боломжийг олгож байгааг онцолсон. Тэрээр өөрийн номдоо сүүлийн 30 жилд дэлхийг хавтгай болгож буй 10 бүтцийн өөрчлөлт/ хүчин зүйлсийг нэрлэсэн. Тэрээр мэдээлэл, технологийн салбарын үсрэнгүй хөгжил нь эдгээр өөрчлөлтийг бий болгож,  дэлхийн өнцөг булан бүрийг холбон (имэйл, гүүгл зэрэг хайлтын систем, онлайн харилцааны аппликейшн гэх мэт) даяаршлыг улам хурдасгаж, дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна хэмээн үзсэн. Mакмиллан болон бусад (2014) нар даяаршил нь улс орнууд хоорондын технологи шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэж, бүтээмжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн процессыг илүү үр ашигтай болгосноор эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулж, эдийн засгийн өсөлт нэмэгдэхэд эерэг нөлөөтэй болохыг эмпирик судалгаагаар харуулсан. 

Эсрэгээр нь дэлхий бол “хавтгай” биш буюу глобалчлал нь дэлхийн засгийг “хавтгай” болгох бус, харин ч тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна гэсэн үзэл баримтлал мөн түгээмэл бий. Тэдний үзэл баримтлал нь дараах баримтад тулгуурладаг (Кристоферсон болон бусад 2008).

  1. Нийгэм-эдийн засгийн бүх бүлгүүд эсвэл хотоос алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүс мэдээлэл, технологийн дэвшлийг ижил тэгш хүртэж, ашиглаж чадаагүй хэвээр байна.
  2. Хэдийгээр мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах тэгш боломжтой байлаа ч компаниуд, ажилчид, бүс нутгууд болон улс орнууд нь харилцан ялгаатай үр дүнтэй ашиглаж байна.
  3. Мэдээлэл, технологиос бусад баялгийг бүтээхэд шаардлагатай үйлдвэрлэлийн хүчин зүйлс (капитал, авьяас чадвартай ажиллах хүчин, инновацийн чадавх) нь улс орнуудын хувьд харилцан тэгш бус тархсан хэвээр байна.
  4. Эдийн засгийн үйл ажиллагаа (бизнесүүд, чадвартай ажиллах хүчин, шинэ санаачлага, инноваци)-ны төвлөрөл нэмэгдэж, глобал эдийн засаг нь цөөн хэдэн мега хот, бүс нутгуудад тулгуурлаж байна зэрэг юм.

Гэхдээ Жаумотти болон бусад (2013) нар 1981-2003 оны хоорондын 51 орны тоон өгөгдлийг судлаад улс орнуудын орлогын ялгаатай байдал нэмэгдэхэд даяаршлаас илүүтэй технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж буй байдал нь голлон нөлөөлж байгааг харуулсан. Ялангуяа тэд худалдааны даяаршил нь орлогын тэгш бус байдлыг бууруулах нөлөөтэй бол санхүүгийн даяаршил (гадаадын шууд хөрөнгө оруулалт) нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Иймд эдгээр эсрэг нөлөө нь даяаршлын нийт нөлөөг бууруулж байгааг онцолсон.  

Дэлхий ертөнц нэгдмэл эдийн засаг, нэг зах зээл болж байгаагийн тодорхой илрэл бол санхүүгийн даяаршил юм. Дэлхийн санхүүгийн 2008-2009 оны хямрал нь санхүүгийн даяаршлын эрсдэлийг сануулсан. Ихэнх хурдацтай хөгжиж буй орнуудад хөрөнгийн орох урсгал 2000 оны эхээр нэмэгдсэний дараа хямралаас шалтгаалж 2008 оны сүүлээр маш их хэмжээний хөрөнгийн гадагшлах урсгал бий болсон.

Үүний зэрэгцээ олон улсын санхүүгийн холбоо, хэлхээ нь өндөр хөгжилтэй орны санхүүгийн хүндрэл нь бусад орон руу хурдан шилжих гол суваг болсон. Эдгээр баримтууд нь санхүүгийн даяаршлын хөгжиж буй оронд бий болгох давуу тал, түүний эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийн талаарх маргааныг эрчимжүүлээд байна. Кози болон бусад (2010) нар санхүүгийн даяаршилтай холбоотой хоёр гол ажиглалтыг онцолсон.

  1. Дэлхийн санхүүгийн хямрал улс орнуудад ялгаатай нөлөөлсөн байдлыг харахад санхүүгийн нээлттэй байдлаас гадна тухайн улс орны эдийн засгийн бүтцийн онцлог, хямралын өмнөх бодлогын сонголт зэрэг нь хямралын тухайн оронд үзүүлэх нийт нөлөөг тодорхойлдог.
  2. Тус хямралын үед хурдацтай хөгжиж буй орнууд хөрөнгийн урсгалд хяналт тогтоох арга хэмжээг бус, харин өөр бусад бодлогын арга хэмжээг илүүтэй ашигласан. 

Дэлхийн улс орнууд даяаршин хөгжиж буй өнөө үед өөрийн орны байр суурь гэдэг явцуу хандлагаар бус, харин Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн нэг хэсэг гэсэн зарчмын агуулгаар хөгжлийнхөө философийг тодорхойлох нь чухал байна. Энэ хүрээнд дараах асуудлуудад онцгой анхаарах бодит шаардлага хэвээр байна:

  • Даяаршлын талаар бодитой тодорхой үзэл баримтлалтай болох
  • Даяаршлын нөхцөл дэх дэлхий дахины болон үндэсний ашиг сонирхлоо зөв тодорхойлох
  • Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, улс орноо хөгжүүлэх тодорхой үзэл баримтлал боловсруулан мөрдөх зэрэг юм. 

Улсын Их Хурлаар 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчмын 1.2.6-д “Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байна” гэж зааснаас өөрөөр манай орны хөгжлийн бодлого, зарчмын баримт бичигт  даяаршлын асуудлыг тусгаагүй хэвээр байна. 

Монголчууд бид даяаршлын үзэл санаа, зарчмаас хол хөндий байх бололцоогүй бөгөөд харин ч түүний зүй тогтлыг таньж мэдэх, оролцох өөрийн байр суурьтай болохыг эрмэлзэх нь өөрийн орны хөгжлийг түргэтгэх нэг хөшүүрэг болох ёстой. Монгол Улс жижиг орон учраас дэлхий ертөнцийн хөгжлийн хандлага, зүй тогтлыг байнга ажиглаж, соргогоор мэдэрч байх хэрэгтэй. Их гүрнүүд хөгжлийн хандлагыг бүхэлд нь тодорхойлдгийг өөрийн орны хөгжлийн бодлогод харгалзахгүй байж болохгүй юм.

Монгол улсад даяаршил хэрхэн нөлөөлөх вэ? Энэ асуудал бидний анхаарлын төвд байх учиртай. Эерэг утгаар нь авч үзвэл:

  • Хүн төрөлхтний сонгодог үнэт зүйлс, туршлагыг дээд зэргээр авч тусгасан өөрийн орны онцлогт тохирсон тогтолцоо, хөгжлийн загварыг боловсруулж хэрэгжүүлэх боломж олгох
  • Бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, улмаар иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх 
  • Төр, улсаа бататган хөгжүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэх, ардчилал, хүний эрхийг ханган хадгалах найдвартай үндэс бий болох зэрэг нийтлэг асуудлууд багтана.

Монгол оронд даяаршил зөвхөн эерэг сайнаар нөлөөлнө хэмээн үзэж бас болохгүй юм. Мэдээж сөрөг нөлөөлөл ч бас бий. Гэхдээ улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг бууруулах, үндэстний дархлааг бий болгосноор сөрөг нөлөөллийг бага байлгах боломж бидэнд бий. Түүнчлэн Монгол Улс өөрийгөө дэлхий ертөнцөд хэрхэн нээж таниулах вэ? Дэлхий ертөнцийн бусад улс оронд хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг асуулт бас урган гарна. Бид цагтаа дэлхий ертөнцийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлж байсан үе бий.

Энэ бол бид бүхний бахархал юм. Тэгвэл өнөөдөр Монголын талаарх гунигтай, гутранги үзлээс бид өөрийн хүчээр ангижрах учиртай. Өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжиж буй Монгол орныг дэлхий ертөнцөд бодитойгоор таниулах нь та бидний эх орондоо оруулж буй бодит хувь нэмэр яах аргагүй мөн.

Монгол улс өөрийн боломж, давуу талаа зөв оновчтой ашиглах, сул тал, сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг хязгаарлан саармагжуулах замаар улс орноо хөгжүүлэх учиртай. Тэгвэл бидний давуу тал юу вэ? Энэ нь:

  • Хүн амын боловсролын харьцангуй өндөр түвшин
  • Бараг бүхэлдээ онгон төрхөөрөө байгаа өргөн уудам нутаг
  • Уламжлалт нүүдлийн аж төрөх ёсны өвөрмөц хэв маяг, соёл иргэншил
  • Эрдэс түүхий эдийн олон төрлийн баялаг, нөөц
  • Хил залгаа Орос, Хятад улсыг холбох, цаашилбал Ази, Европыг холбох газар зүйн таатай байршил
  • Хурдацтай хөгжиж буй дэлхийн хоёр том эдийн засагтай хил залгаа байдал
  • Манайд үндэстэн, ястны зөрчил, хагарал байхгүй нь улс орон тогтвортой хөгжих чухал хүчин зүйл болно.

Хэн ч хүлээн зөвшөөрөх эдгээр давуу талын зэрэгцээ хөгжилд саад болж буй сул тал, сөрөг нөлөөлөл ч бас цөөнгүй байна:

  • Хөрөнгө оруулалтын дотоод нөөц бололцоо хязгаарлагдмал
  • Эдийн засгийн бүтэц нь төрөлжөөгүй буюу эрдэс баялгийн салбараас хэт хараат
  • Засаглал, институц бүрэн төлөвшиж, бэхжээгүй
  • Хүн амын тоо харьцангуй цөөнөөс шалтгаалсан хөдөлмөрийн нөөцийн хүрэлцээгүй байдал
  • Шинжлэх-ухаан технологийн хөгжлийн харьцангуй хоцрогдол
  • Эдийн засаг, ялангуяа, дэд бүтэц, логистикийн хөгжлийн сул дорой байдал
  • Олон улсын гол зам харилцаанаас алслагдсан, далайд гарцгүй газар зүйн байршил
  • Эрс тэс уур амьсгал, түүнээс эдийн засаг нь хамаарах хараат байдал
  • Байгаль орчны тэнцвэрт харьцаа алдагдаж, ингэснээр цөлжилт, хөрсний элэгдэл, усны нөөц, биологийн төрөл зүйлс хомстож байгаа зэрэг сөрөг нөлөөллийг нэрлэж болно.

Эдгээр нь давуу талаа ашиглан, сул талаа засаж сайжруулсан байдлаар Монгол оронд үйлдвэрлэл, аж ахуйгаа эрхлэн хөтлөх арга ажиллагааг өөрчлөн шинэчлэх шаардлагатай болж буйг харуулж байна.
Ийм учраас аль болох байгаль, цаг агаараас хараат бус эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл болон уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох том сорилт тулгарч байна. 

Монголын ард түмний өмнө хөгжлийн шинэ зуунд шинэ санаа, шинэлэг арга барилаар ажиллаж, үр өгөөжийг нь иргэн бүр хүртэж байх эдийн засгийн өндөр өсөлт бүхий оюунжсан нийгэм байгуулах, улс орныхоо хөгжлийн түвшинг дэлхийн өндөр хөгжсөн улс орнуудын хөгжлийн түвшинд ойртуулах томоохон зорилт урган гарч байна.

Эдийн засгийн хөгжлийн стратеги нь дараах хоёр үе шатыг дамжин хэрэгжинэ гэж томьёолж байна:

  • 2017-2026 он буюу Ардын хувьсгалын 105 жилийн ой хүртэл
  • 2027-2036 он буюу Ардын хувьсгалын 115 жилийн ой хүртэл

Эхний үе шатанд буюу 2017-2026 онд эрчимтэй хөгжлийн тэргүүн ээлжид шийдвэрлэх зорилтуудыг тодорхойлж байна. Дараах хэдэн зорилтыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна:

  1. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, нийгмийн чухал баялаг нь газар нутаг юм. Энэхүү баялгаа үр ашигтай ашиглах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах замаар иргэдийн амьжиргааг өөд нь татах том боломж бий. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж түүний үр ашгийг хүртэх учиртай.
     
  2. Монгол улсын эдийн засаг зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж, одоо эрчимтэй хөгжлийн үе шатанд ирсэн гэдэгт би хувьдаа итгэдэг. Харин эрчимтэй хөгжлийг хангахад эдийн засгийн одоогийн бүтэц хоцрогдсон хэвээр байна. Эдийн засагт өсөлт бий болж байгаа боловч, уг өсөлт нь тогтворгүй, алт, зэс, нүүрс гэсэн цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс шууд хамаарч байна.

    Нэгэнт бий болсон эдийн засгийн явцуу бүтцийг өөрчлөх шаардлага эрчимтэй хөгжлийн бодит захиалга болж байна. Ийм учраас эдийн засгийн тогтвортой, олон тулгууртай өсөлт бий болгох оновчтой бүтцийг цаг алдалгүй бий болгох шаардлагатай байна. Үүний тулд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай, үр ашигтай, нэмүү өртөг шингээсэн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит хэрэгцээ бий болж байна. Энэ зорилгоор зарим бүс нутгийг үйлдвэрлэлийн бүс болгон төрийн цогц бодлогоор дэмжин хөгжүүлэх хэрэгтэй байна. 
     
  3. Монгол орны өмнө экспортыг төрөлжүүлэх том сорилт тулгарч байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засгийн уул уурхайгаас хараат байдал улам нэмэгдэж, бид хөөсрөлт-хагаралтын мөчлөгтэй нүүр тулсаар өдийг хүрлээ. Мөчлөг сөрсөн макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, уул уурхайн салбараас орж ирэх төсвийн орлогыг баялгийн санд байршуулж, зөв удирдах зэрэг нь эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах түр зуурын арга хэмжээ билээ.

    Харин хөөсрөлт-хагаралтын мөчлөгөөс бүр мөсөн салах гол арга зам нь экспортыг төрөлжүүлэх явдал болохыг олон улсын туршлага харуулдаг. Экспортыг төрөлжүүлэх нь амаргүй, цаг хугацаа шаардсан, хамгийн гол нь эдийн засгийн хөгжлийн харилцан уялдаатай бодлого, түүний тууштай хэрэгжилт шаардсан том сорилт билээ. Иймд уул уурхайн салбараас бий болох орлого, үр өгөөжийг уул уурхайн бус экспорт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглүүлэх хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна. Экспортын төрөлжүүлэлтийг бий болгоход одоогийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, өргөжилт чухал үүрэгтэй. Эдийн засаг ч тогтворжиж, урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлд анхаарлаа илүү хандуулах цаг хугацааны боломж ч одоо бүрдэж эхэлж байна.

    Бид эдийн засгийн хувьд олон хүндрэлтэй байсан 2017 оныг амжилт арвин үдэж байна. Шил шилээ дарсан гадаад өрийн төлбөрүүд шийдлээ хүлээсэн, эдийн засгийн тодорхой бус байдал ч өндөртэй жил байсан хэдий ч Засгийн газар, Монголбанкны зоримог шийдвэрүүд амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, өсөлтийн замдаа ороод байна. Цөөн хэдэн баримт дурдахад 2017, 2018 онд төлөхөөр хүлээгдэж байсан Засгийн газар, Монголбанкны гадаад төлбөрийн асуудлыг эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөгүйгээр амжилттай шийдвэрлэсний дээр, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, гадаад валютын албан нөөц 2.3 тэрбум ам.долларт хүрч өсөөд байна.
     
  4. Хэдий баялаггүй ч, бусдын баялгийг ашиглаж нэмүү өртөг бүтээж буй туршлага дэлхийн олон оронд бий. Энэ нь хүнийхээ хөгжилд тулгуурлаж хөгжиж байгаагийн бодит жишээ юм. Хүнийг өөрт нь эрт таниулж, мэдлэгтэй, чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй болгож, түүндээ тулгуурлан хөгжиж байна. Тухайлбал, Япон улсыг эрчимтэй хөгжихөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь өндөр боловсролтой, сайн зохион байгуулалт, сахилгатай ажиллах хүчнийг бэлтгэсэн явдал юм. Ингэхдээ хоёр зүйл дээр анхаарсан байна. Юуны өмнө, нийгмийн өмнө хүлээх хариуцлагын сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал хэмээн үзсэн.

    Өөрөөр хэлбэл, хүн бүр нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулахын тулд дээд зэргээр хичээн ажиллах ёстой гэсэн ёс суртахууны хүмүүжлийг бий болгосон байна. Ийм хүмүүжлийг гэр оронд нь эцэг эхчүүд, сургуульд нь багш нар, ажлын байранд удирдлага нь олгодог байна. Япончууд ёс суртахуунтай байх сэтгэлгээг бүх төвшинд төлөвшүүлэх нь Азийн хөгжлийн философийн чухал үнэт зүйлс гэж үздэг. Гэхдээ хүн зөвхөн ёс суртахуунаар амьдардаггүй. Хүнд материаллаг сонирхол гэж бас бий. Энэ хоёрыг хослуулах ёстой. Энэ нь монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлогын нэг чухал хэсэг байх учиртай. 
     
  5. Эрдэмтэн, судлаачид ирээдүйн хөгжлийн хандлагыг тодорхойлох дэвшилт техник, технологийг хугацаа алдахгүй нэвтрүүлэн нутагшуулах шаардлагатай байна. Технологийн дэвшлийг бий болгохгүйгээр бүтээмжийг нэмэгдүүлэх боломж хомс билээ. Бүтээмжийн өсөлт нь цалингийн орлогыг нэмэгдүүлж, улмаар өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө. Өрхийн худалдан авах чадавх сайжрахын хэрээр дотоод зах зээлийн багтаамж томорч, дотоодод үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжих суурь нөхцөл бүрдэнэ. 
     
  6. Эдийн засгийн хөгжлийн бодит дүр зураг санхүүгийн салбарын хөгжлөөс шууд хамааралтайг бид мэднэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуваарилалт, ашиглалтын үйл явц санхүүгийн харилцаагаар дамжин нийгмийн практикт биеллээ олдог. Ийм учраас бодит эдийн засгаа дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн төрийн мөнгө, санхүү, зээлийн бодлого маш чухал, энэ нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндсэн гарц байх учиртай. Үүний тулд төсөв, мөнгөний бодлого нь макро эдийн засгийг тогтвортой байдлыг хангах, улмаар эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангахад харилцан уялдах шаардлагатай.

    Энэ зорилт нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлаар дамжин зээлийн хүүний бууралт, санхүүгийн хүртээмжтэй, үр ашигтай зуучлалаар бодит үр дүнгээ өгөх учиртай. Одоо Монголбанкийг удирдаж буйн хувьд мөнгө, ханшийн бодлого, банкны хяналт, шалгалтын бодлого, төлбөрийн системийн бодлого болон санхүүгийн хүртээмжийг дэмжих бодлогуудаар дамжуулан эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалын өртгийг бууруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгоход түлхүү анхаарч ажиллана.
     
  7. Ардчилсан нийгэмд хуулийн шударга ёс, баялгийн шударга хуваарилалт, нийгмийн шударга ёс зэрэг нь хөгжлийн баталгаа болдог. Монгол Улсад эдгээр шударга ёсны зарчмууд сонгомол утгаараа үйлчлэхгүй байна. Эдгээр зарчим зүй ёсоор үйлчилдэг болгоход иргэд, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн үүрэг, роль асар их юм. Төрийн институцийг бүрдүүлэх, засаглалыг төлөвшүүлэх асуудал юу юунаас илүү чухал болж байна. 
     
  8. Япон улс XXI зууны хөгжлийн хөтөлбөртөө хувийн секторыг бодитой хөгжүүлэхийг тэргүүлэх зорилт болгон тавьсан. Өнөөдөр Монгол улсад хувийн секторыг хөгжүүлэх хууль эрх зүйн нэн таатай орчныг төрийн зүгээс бүрдүүлэх бодит шаардлага хэвээр байна. Тэр дундаа эдийн засгийг төрөлжүүлэх зорилттой нийцтэй стратегийн чухал салбаруудыг төрийн цогц бодлогоор дэмжих нь чухал байна. Ингэхдээ нэг салбар доторх компаниудыг өрсөлдөгч бус, харин үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох үндсэн зорилтын доор нэгдэн хамтран ажиллаж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлэх орчныг бүрдүүлэх нь зүйтэй байна. 

    Дэд бүтцийг нутаг дэвсгэрийн бүсчилсэн хөгжилтэй холбон хөгжүүлэх нь эрчимтэй хөгжлийн чухал зорилтын нэг юм. Дэлхийн улс орнууд аялал жуулчлалын салбарыг нефть, автомашины үйлдвэрлэлийн дараа орох чухал ач холбогдолтой салбар мөн хэмээн тодорхойлсныг харгалзан үзэж, бид аялал жуулчлалыг экспортын үйлдвэрлэлийн хэмжээнд авч үзэн эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх хэрэгтэй байна. Жуулчид дан ганц онгон төрхөөрөө байгаа өргөн уудам нутаг, уламжлалт нүүдлийн аж төрөх ёсны өвөрмөц хэв маяг, соёл иргэншлийг харах гэж ирэхгүй тул аялал жуулчлалын салбарыг үйлчилгээний салбартай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай байна.

    Жуулчин ая тухтай аялж, амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэхтэй холбоотой бүх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж чаддаг болсноор ирсэн жуулчид дахин ирж, ирээгүй жуулчид ирэхийг хүсдэг газар болох учиртай. 
     
  9. Эрчимтэй хөгжлийн үе шатанд Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх шинэ төмөр замын бүтээн байгуулалт, түлшний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг боловсруулах, жижиг оврын атомын цахилгаан станцыг барих, ард иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах, нар салхи, усны эрчим хүчийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь бодит шаардлага болж байна. Эдгээр суурь дэд бүтцийг бий болгож, аж үйлдвэржилтийн эхлэлийг тавьснаар дотоод зах зээл тогтворжиж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засаг эрчимтэй хөгжих суурь бүрдэх юм.

    Энэхүү бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Эдгээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хувийн секторт түшиглэн гүйцэтгэнэ. Ингэхдээ Азийн дэд бүтэц, Хятадын нэг бүс, нэг зам санаачлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж буй санхүүгийн байгууллагуудын хямд эх үүсвэрүүдийг түлхүү ашиглах нь чухал байна. Төрийн зүгээс шаардагдах хөрөнгө оруулалт, түүний баталгаа нь байгалийн баялгаас олох орлого байх учиртай. 

Хэрэв манай улсын эдийн засгийн чадавхыг бүрэн дайчилж, дээрх зарчмуудыг хэрэгжүүлж чадвал эдийн засаг жилд дунджаар 15-аас доошгүй хувь өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 20000 ам.доллароос дээш гарах боломж бий.  Хоёрдугаар шатанд буюу 2027-2036 онд харьцангуй бие даасан, хөгжсөн эдийн засгийг бий болгох, бүс нутаг болон дэлхийн түвшинд өрсөлдөх шинэ давуу талтай болох явдал чухал юм. Үүний тулд:

  • Мэдээллийн технологи, электроникийн үйлдвэрлэл хөгжүүлэх
  • Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох
  • Дэлхийн болон бүс нутгийн мөнгө, санхүүгийн зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, мөнгөний урсгалыг бий болгох
  • Дэлхийн аялал жуулчлалын нэг гол төв бүс нутаг болж хөгжих
  • Хими, нано биотехнологийн үйлдвэрлэл хөгжүүлэх
  • Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд биотехнологийг өргөн хэрэглэж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал олж авах
  • Дотоодын авто замын сүлжээг бүхэлд нь бий болгож Ази, Европын зам харилцааны сүлжээнд нэгдэх
  •  Дэлхийн болон бүс нутгийн интегралчлалын үйл явцад идэвхтэй оролцож өөрийн байр суурьтай болох
  • Дотоодын хадгаламж, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг хурдасгах хүчин зүйл болгох хэмээн тус тус томьёолж байна.

Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтад гадаадын зээл тусламж чухал нь мэдээж боловч аливаа улс орны хөгжлийн эх сурвалж нь дотооддоо байдаг. Эхний үе шат амжилттай хэрэгжсэний дараа иргэдийн орлого нэмэгдэж, дотоодын хадгаламж бүрдсэнээр хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг дотоод хуримтлалаар хийх боломжтой хэмээн үзэж байна. Хөгжлийн зарчим болоод арга замыг зөв тодорхойлж чадвал 2037 он гэхэд манай улсын эдийн засаг жилд дунджаар мөн 15 хувиас доошгүй өснө.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 45 мянган ам.долларт хүрэх боломж бий. Бидэнд өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнол, бие даасан улс орон маань байна. Асар их нөөц бүхий өргөн уудам газар нутаг маань байна. Ухаалаг зөв бодолтой, уужим сайхан сэтгэлтэй ард түмэн байна. Эрдэм ном сурч, юм үзэж нүд тайлан өсөн өндийж байгаа залуу шинэ үеийнхэн байна. Хэзээ ч биднийг өлсгөхгүй хоол ундтай байлгах буянт мал сүрэг маань байна.

Энэ бүхнийг нэгтгэн оновчтой зөв зохион байгуулж, улс орноо хөгжүүлэхийн төлөө идэвх, санаачилга гарган ажиллацгаая. Эдийн засгийн одоогийн хүрсэн түвшнээс  урагш дэвшин хөгжиж XXI зуунд цэцэглэн хөгжсөн, хүн ард нь аз жаргалтай улс орон болоосой. Энэ бол миний туйлын хүсэл эрмэлзэл билээ.

Манай улс мянга мянган жилийн буурал түүхэндээ мандан бадрах, уруудан доройтохын аль алиныг амсаж байсан хэдий ч газар нутаг, төрт ёс, хэл соёл, монгол хүн ардаа хамгаалсаар өнөөг хүрсэн юм. Энэ аугаа их түүхтэй улс орноо хүндэтгэн хөгжүүлж, шинэ зууны ололт, сорилт, даваа нугачааг амжилттай даван туулахын төлөө ажиллахыг уриалж байна.

Монгол Улс хөгжин цэцэглэж, мандан бадрах сайхан ирээдүйтэйд би эргэлздэггүй.

2001 он