Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Олон намыг устгах одоо цагийн төлөвлөгөө

ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 6 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1998 оны улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн илтгэлийг хүргэж байна.

 

1999 он

Арван жилийн өмнө бид олуулаа нийлж АРДЧИЛЛЫН МОДыг тарьж ургуулсан билээ. Энэ түүхэн үйл явдлын эхлэл дээр зогсож байсан олон хүн энэ модыг ургуулж өндөр сайхан болгохын төлөө зүтгэж, хайрлан хамгаалж байсан ард түмэн маань өнөөдөр өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг бахдан харж, ямар сайхан мод ургуулсанаараа бахархан баярлах эрхтэй, бас хувь тавилантай болжээ.

Тэр цагаас хойш 10 жилийн дараа бид олон зүйлийг олсноо мэдэж авлаа. Ургасан модоо арчлан тойлж, үндэс суурь нь гүн бат бэхжсэнийг мэдлээ. Ямар ч шуурга, гай гамшигт эл мод олон зуун жил үр жимсээ өгөх нь тодорхой боллоо. Хатсан мөчир, хорхойтсон навчис унаж гээгдэх байгаль ертөнцийн жам ч энэ модыг тойроогүйг бас мэдэж авлаа. Үр жимс нь таатай хөрс, тааламжтай орчны нөлөөгөөр үндэслэж, эх модныхоо ойролцоо, түүнийхээ нөмөр нөөлөгт бэхжин ургаж, ардчиллын бяцхан төглийг бий болгож эхэлжээ. Байгаль ертөнцийн их жам ёсоор, зөв замаар торниж буй Ардчиллын төглийн тухай энэ амжилтыг монголчууд, төдийгүй дэлхий ертөнц ч соёрхон таалж байна. 

Нийтийн, нийгмийн энэ үр шимт модыг хайрлан хамгаалах хүмүүс байхад зөвхөн өөрийн гэрийн гадаа яг ийм модтой болох гэсэн богино санаатнууд ч олон байдгийг мэдлээ. Басхүү энэ модны мөчрөөс нь хуга татан авч, таарч тохирохгүй орчинд аваачин, хөрөнгө мөнгөөр зодон, хиймэл бордоо, хийсвэр сэтгэхүйгээр сэргээш хийн мод ургуулж буй дүр эсгэгчид цөөнгүй гарч ирснийг бас мэдэж авлаа. Байгалийн хөрсөнд зөнгөөр ургасан мод, байрны гадаа хүчээр ургуулсан модонцорыг ялгаж чаддаггүйгээ ч бид мэдэж авлаа. Хувийн ашиг хонжоо, эсвэл ердөө л атаа хорслоор энэ төглийг устган сүйтгэж байгааг, сүйтгэхийг хүсч байгаа бүлэглэл байгааг мэдрэх тусам энэ тухай хэлэх, анхааруулах, энэ бүгдээс сэргийлэх зөн, хүсэл, тэмүүлэл төрж байгааг нуух юм алга аа.

Тужийн нарсаа төдийгүй холын агь хөвчөө хаягдмал тахир эврээр, хэдэн халтар зоосоор солихын тулд галдан устгаж, гардан хөрөөдөж буй өнөөдрийн бодит байдал дээр Ардчиллын нялх төглийн хувь заяа уураг тархины бөмбөлөг дотор минь аюул, түгшүүр, эр зориг, эрс тэмцлийн дохиог харангадан бүрээдэж байна. 
Бодит аюул, бодит үйл ажиллагаа сэтгэхүй, сэтгэлгээ, оюун ухааныг дарангуйлах харанхуй цаг үе байдгийг мартах ёсгүйг та бидэнд сануулж байна. Уураг тархи цэлмэг байж, цэцэн шударга үйл хөдлөлөөр бид муу бүхнээс сэргийлэх ёстой, муу бүгдийг гэтлэх учиртай. Ийм ч учраас үзгээ барин санаа бодлоо буулгаж, үгээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. 

Ардчиллын тухай энгийн ухагдахуун ухаарлыг бид цагаан толгой шигээ мэдэж мэдэрсэн ард түмэн. Тийм учраас юун ой төгөл яриад байгаа, яагаад хайрлаж хамгаалах, асран тордох шаардлагатайг хэлье ээ. Мод, төглийн тухайд бол миний бяцхан зүйрлэл, халил юм. Үндэс мөчир, хайрлан хамгаалахын тухайд бол зүйрлэл ч биш, зүүд ч биш, харин бодит сануулга, илэрхий заналхийллийн тухай яриа юм. Юуны өмнө энэ яриаг илүү сонирхолтой болгох үүднээс хоёр гол дүрийг тодорхойлъё. Нэг нь  тэд, нөгөө нь бид гэе. Тэд нь хэн, Бид нь хэн байх нь гол биш ч Тэд, Бид гэх энэ нөхдүүд хоёр өөр зүйл хийдэг, эсрэг тэсрэг баатрууд боллоо. Энэ бол Монголын орчин үеийн улс төрийн бодит баатрууд юм. Үүнийг бид ойлгож мэдэх ёстой, үр удамдаа үлдээж ярих учиртай.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сайн цагийн эхэнд, 10 жилийн өмнөхөөс урьд цагт тэд ноёлж байлаа. Тэд өөрсдийнхөөрөө сайхан амьдарч байлаа. Хүн төрөлхтний гэрэлт ирээдүй бол бүх хүн тэгшхэн амьдрах орчин. Тэр өөд бусдыгаа дагуулна гэж тэд үргэлж ярьдаг байлаа. Үүний төлөө хүн бүр хүч чадлынхаа хэрээр зүтгэж хөдөлмөрлөх ёстой гэж номлож байв. Тэд нам гэдэг бүхнийг шийддэг, шүүдэг, шийтгэдэг байгууллагыг байгуулж, түүний нэрийн өмнөөс хувь хүний, айл гэрийн амьдралыг  ч зохицуулдаг байв. Тэд айл бүхэн, хүн бүхнийг адилхан амьдарч, нэг ижил зүйл нэг адил хэмжээгээр идэж ууж, нэг ижил утгатай зүйлийг нэг адил үгээр яриулж байв. Тэд өөрсдөө дэлхийн газар оронд сэм аялан, амьдралын болоод ахуйн таашаалыг өөрсдийнхөө дээд хэмжээнд хүртэж байлаа. Тэд гадаа гарахаараа дийлэнх олонхтой адилхан эгэл дүрийг эсгэж, хүн бүрт өөрөөсөө илүүг устгах, сөнөөх, матах хорон санаа, хорслыг нэвширтэл шингээн сурталчилж байв. Нийгмийн баялаг нэрийн дор бүх эд баялаг, үйлдвэрлэлийг намын ивээлдээ авч өөрсдийн төлөөллөөр дамжуулан ард олны хүч хөдөлмөрийг ховх сорж байв. Нэг загвар, нэгдмэл хувилбар бүхнийг эзэлж, тэд ба бусад нь гэсэн хоёрхон давхарга байдаг байлаа. 

Ийм амьдрал удаан үргэлжлэх боломжгүй, өөрөө өөрийгөө устгах дотоод зөрчилтэйн улмаас нэгэн сайн жилийн нэгэн сайхан өдөр Тэд аргагүйдэн туйлдаж Бид хэмээх шинэ үеийнхэндээ буулт хийхээс аргагүй болсон юм. Дийлэнх олонхийн түр зуурын ч болов өргөн дэмжлэг дээр суурилсан Биднийхэн бүх зүйлийг шинээр эхлэх, нуран унасан систем, цогцолборын оронд өөрөө хөгжих чадвартай, дотоод зөрчил нь хөдөлгөөний эх үүсвэр болдог зарчмыг тогтоох хэрэгтэй болжээ. Үүний төлөө Бид бүтэн арван жилийнхээ амьдрал, тэмцлийг зольж, зориулжээ. Энэ тэмцлийн үр дүнд зөвхөн өөрсдөдөө сайн үр дүнд Бид хүрч байгаагүй боловч нийгмийг, олны амьдралыг тэр чигээр нь өөрчилж чаджээ.

Энэ арван жилд Бид юу хийв?, Энэ арван жилд та бидний амьдралд ямар өөрчлөлт гарав. Зарим нэгнээс нь эргэн санацгаая.Юуны өмнө бид хэдхэн хоногийн дараа болох Октябрийн Социалист их хувьсгалын ойн баяраар жагсахгүй. Ер нь бид Октябрийн баяр, Майн баяраар жагсахаа болиод 10 жил болов. Цаашдаа ч жагсахгүй биз ээ. Бурхан тахилаа нуух шаардлагагүй боллоо. Мэгжид Жанрайсаг бурхнаа бүтээж заллаа. Мөн “Үнэн” сониноос өөр сонин, өөр үнэн байдгийг мэддэг боллоо. Сургууль төгссөн эхнэр, нөхрүүд хөдөө хөөгдөж тусдаа амьдрахгүй болов. Гар утас гангараа биш  бодит хэрэглээ боллоо. Газар сайгүй ТҮЦ, үйлчилгээ дэлгэрэв. Орон сууц өөрөө үйлчилгээний төв болов. Дэлгүүр бүр бараагаар дүүрэв. Хотын зам машинаа даахаа болив. Нэгдлийн дарга нарын унадаг 69-ыг малчид унах болов.

Гадаадад явсан хүмүүс оросын “цагаан” бохь, хятад 25-ын сумтай үзэг бэлэглэхээ болив. Урт дараалал устаж үгүй болов. Телевизор авах гэж шөнөжин дугаарлаж зогсохоо болив. Хилээр хэдэн рубль нууж авч гарах гэж оролдох шаардлагагүй болов. Сэхээтнүүд намд орох гэж улайран гүйх шаардлагагүй боллоо. Маханд очерлохоо болив. Улаанбаатар хот руу мах чөлөөтэй орж ирдэг, тэр ч байтугай намрын намарт малчид өөрсдөө малаа тууж ирээд зардаг боллоо. Жилдээ ганц удаа 12 дугаар сарын 31-нд орос сувгаар үзүүлдэг гадаадын эстрадын хөгжмийн нэвтрүүлгийг үзэх гэж нойр хасах шаардлагагүй болов. 24 цагийн турш бүх төрлийн телевизийн сувгийг үздэг болов. Мөн Монголын дуучид гадаадад бичлэг хийлгэж электрон пянзаа дурсгах болов. Өвөл болохоор бүгдээрээ ижилсэн оросын драпан хар пальто өмсөхөө болив. Эрдэмтдийн тоо эрс олшров. Электрон бараа, компьютер хэрэглээ болов. Ингэж яриад өнөөдөр дуусахгүй. Эд барааны төдийгүй эрх чөлөө, эрх зүй, уураг тархины их шинэчлэл хийгджээ.

1990 оны гуравдугаар сард тэр үеийн Үндсэн хуулинд байсан “Төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” гэдэг заалт хүчингүй болов. Монголд анх удаа МАХН-аас өөр нам байгуулагдаж эхлэв. Энэ үйл явцыг МоАХ, АСХ, ШДХ, Оюутны холбоо эхлүүлж улмаар МоАН, МСДН, МҮДН зэрэг намууд байгуулагдав. Ингэж Монголд олон намын тогтолцооны суурь тавигдав. Улс төрийн ардчилал ялав. Ингээд эхний хоёр жил бид тэдэнтэй нийлж, шинэ амьдралын үндсэн суурь хуулиудыг баталж гаргаад анхны ил тод халз сонгуульд оров.

1992 онд УИХ-ын сонгуулиар олон шинэ намууд ялагдал хүлээв. Ялагдлын дараа нэгдэн нийлж Шинэ Үндсэн Хуулийн Нам байгуулахыг оролдов. Бид өөрсдийн цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байлаа. Энэ үед хууль тогтоох байгууллагад Тэд үнэмлэхүй олонх болсон боловч шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч ард олноо дайчлах, хөгжлөө хурдасгах боломжийг огт ашиглаагүй юм. Ялагдлын дараа нэгдэх шаардлагатай, хамтарч ажиллах шаардлагатай болохыг ойлгосон намууд эвсэн ажиллаж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. 

Энэ эрчээрээ явсаар 1996 оны УИХ-ын сонгуульд эвсэн орж шинэ намууд анх удаа УИХ-д олонх болов. Үүнд ард олон идэвхтэй оролцжээ. Бид 4 жил Засгийн эрхийг барив, бодлогоо хэрэгжүүлэв. Гэвч өмнөх нөхдүүд шиг дийлэнх байсангүй. Асуудлыг шийдвэрлүүлэхгүй байхад хангалттай тооны суудлыг тэд авчээ. Ийнхүү бидний зовлон эхэлсэн ч бидний засгийн газрууд айхтар сайн ажиллаж байлаа. Тэдний учруулсан эсэргүү байдал, аранга хавханд байнга өртөж, бэрхшээл олон байсан ч шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч чадсанаар нийгмийн амьдрал засарч зөв гольдролдоо орж  байв. Тэдний тархинд бүү хэл, зүүдэнд нь ч орж ирэхгүй их шинэчлэлүүдийг бид хийж байлаа. Хамгийн харамсалтай нь нэг манлайлагчийнхаа амийг хэрцгийгээр алдав.

Ард олон шуугин босч ирэхэд алуурчдыг бидний дотор байгаа гэсэн ямар ч нотолгоогүй үг яриаг нийгэмд тэд тарааж байлаа. Бид улам л ил тод ажиллахад шамдан, өөрсдийн эгнээнээс гадаадын хүнээс мөнгө, төгрөг авсан байж болзошгүй хэмээсэн гурван ч нөхрөө бас л дуугүй харж суусаар шоронд баталгаа нотолгоогүйгээр илгээв. Гагцхүү бид үнэхээр ил тод ажиллахыг хүсч байсан юм. Үнэндээ бол энэ хэрэг гэгчид тэд ч бас холбогдсон боловч нөгөө шүүдэг, хянадаг хүмүүс нь хэрэгсэхгүй болгосныг одоо болтол ард олон гайхдаг биз ээ. Шууд хянадаг хүмүүсийн толгойд тэдний манлайлагч байсан нэг хүн суудаг болохоор ч тэр юм уу, бүү мэд.
Ээлжит сонгууль дөхөөд ирэхээр хэн нэгэн мөнгөтэй хүнийг ч юмуу, аль эсвэл нэр нүүрээ барсан овилгогүй нэгэн этгээдийг хамтатган нам байгуулж биднийг муулуулах арга хэмжээг өргөн зохиодог байлаа. Монголд шинээр байгуулагдаж байгаа олон намууд нийгэмд олон ургалч үзлийн илэрхийлэл байхаа больж, хэлбэр төдий, захиалгын шинжтэй болов. Энэ бүгдийн цаана тэд, тэдний урт гар үргэлж байдаг байлаа.

Энэ бүгдийг тааж мэдсэн юм шиг, ялалт байгуулснаас 2 жилийн дараа МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж, МСДН-ын дарга Р.Гончигдорж нар хоёр нам нэгдэхийг уриалсан боловч уриалга дэмжигдсэнгүй. Харин үүнээс хойш хоёр жилийн дараа энэ хоёр нам УИХ-ын сонгуульд бие дааж тус тусдаа оролцов. Байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа энэ намууд дахин ялагдал хүлээв. Ийнхүү яг найман жилийн дараа Тэд мөн л засгийн эрхэнд гарч дахин үнэмлэхүй олонх болов. Тэд миний ярьж буй үлгэрээс ч аймаар үлгэрийг ярьсаар, амласаар, залуу үеийнхнийг сонгуульд оролцуулахгүй боож хаасаар 2000 оны сонгуульд ялжээ. 
Нэг үе олон жижиг нам байгуулахыг дэмжиж байсан тэд цөөн тооны том намд үйлчлэх журам боловсруулж, цаг үргэлж тоглоомын дүрмээ өөрчилж байна. Тэр ч байтугай нийт сонгогчдын гуравны нэг нь л сонгуульд оролцоход хангалттай, өөрсдийгөө ялна гэх маягийн юм ярьж эхлэв. 

Олон намд бутарсан бид хийсэн алдаа оноогоо дэнсэлж, ирээдүйн хувь заяагаа шийдэж суугаа нь орчин цаг, өнөө үеийн дүр төрх. Энэ цаг үеийг хүртэл бид ба тэд үргэлж эсрэг тэсрэг юм ярьж, тэрсэлдэж тэмцэлддэг, мэтгэлцэн тулалддаг байлаа. Магадгүй, энэ хоёр өнөөдөр нэг ижил үйл хийхийг хүсч, нэг ижил зүйлийг ярьж байна. Энэ бол олон жижиг намыг устгах хүсэл юм. Эцсийн хүсэл, үр дүн нь ижил боловч хүрэх арга, зорилго нь хэзээний өөр ажээ.

Тэдний боловсруулсан төлөвлөгөө бол олон жижиг намыг улам олон болгон хүчийг нь тарамдуулж мөхөөх төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгжиж байна. Ноолуурын, алтны наймаачдыг өөгшүүлж мөнгөөр, худал амлалтаар зэвсэглэн уураг тархигүй намуудыг байгуулж байна. Энэ намуудад нам гэх нэрээс өөр юу ч байхгүй, харин өөрсдийнх нь удирддаг ямар нь мэдэгдэхгүй хувийн пүүсүүдийн хэмжээнд улс орныг төсөөлөгчид л байна. Улс төр гэхээр зөөлөн суудал, даргын ямбыг зүүдэлдэг, тэр зүүдэндээ төөрөгсөд л тэнд байна. Жижигхэн даргын суудлыг мөрөөдөгч болгон нэг нам байгуулж тэдний төлөвлөгөөг хэрэгжүүлсээр байна. Газар бүр, цэг бүр дээр тэд өөрсдийн хүмүүсийг томилж, сонгуулийг будлиантуулж, өөрсдөө хэмжээгүй эрхт засаглал тогтоохыг мөрөөдөж сууна. Өнөөдөр зарим нь аль нэг намыг хагарч бутарч байгаа мэтээр харуулахын тулд нам байгуулж байна. Зарим нь аль нэгэн намын дарга болохын тулд, дарга байхын тулд намчирхаж байна. Сонгуульд нэр дэвшигчээ ялуулахын тулд биш, хэн нэгний саналаас санаатай хуваах гэж нэрээ дэвшүүлж байна. Нэр дэвшсэн нэр зүүж мөнгө халааслан, тэр тоогоор нэрээ татан жүжиглэж байна. Тэд ийм төлөвлөгөөтэй байна.

Бид харин ямар төлөвлөгөөтэй байна вэ? Ард олондоо амьдралынхаа төлөө өөрсдөө тэмцэх чадварыг олгосон бид юу хийх вэ? Тэд биднийг нэг нэгээр нь устгах төлөвлөгөөг хувь ширхэг бүрээр тооцож гаргаад суугаа энэ үед яах вэ? Нэгийгээ алсан гэж баримтгүй гүтгэн гүжирдэж байгаа тэднийг яах вэ? Тэд бүх л зүйлд хяналт тавьж байгаа атлаа ард олонд тийм зүйлийг хийгээгүй мэтээр ухуулж мэдэн будлисаар байгаа энэ цаг үед яах ёстой вэ? Улс орны хөгжил, ард олны аж амьдралд дорвитой шинэчлэлт хийгдэхгүй, худал хоосон амлалт, яриа сонсох энэ дөрвөн жилийг бид яаж үдэж, юу хийх вэ? Олон жижиг нам үүсч, хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед бид юу хийх ёстой вэ?

Бид ганцхан төлөвлөгөөтэй. Бид олон жижиг намыг нэгтгэж, хүчтэй, нэгдмэл нэг нам байгуулах төлөвлөгөөтэй. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дараа намын удирдах байгууллагууд хоёр нам нэгдэж нэг нам болох нь зүйтэй гэж үзээд дахин уриалга гаргалаа. Энэ хоёр намын нэгдэхийг дэмжиж, өөр хэд хэдэн нам нэгдэн нийлэхээр шийдвэрлэв. Энэ бол дээр дурдсан бүх асуултад хариу өгөх үйл ажиллагаа, үр дүн юм. Бидэнд ноёны суух суудал чухал бус, ноёны хийх нүүдэл нь чухал юм. Иймийн учир бид нэгдэж байна. Ийм нэгдэл өөрөө шинэчлэлийн чухал алхам, их амжилт байх болно.

Бид тэдэн шиг нэг намын ноёрхол, намын залхаан цээрлүүлэлтийн үйл ажиллагаагаар улс орныг удирдахгүй. Нам бол нам хуйвалдаж, сэм үгсэхийн нэр бус. Улс орны хувь заяа, хөгжил, шинэчлэлт бидний нэгдлийн, манай намын суурь зарчим байх болно. Тэд өөрсдөө шинэчлэлт өөрчлөлтийг хийх чадваргүйгээ мэдрээгүй байна, дөрөв хүрэхгүй жилийн дараа тэд мэдрэхгүй ч ард олон мэдсэн байх болно. Тэр цагт бид ялна. Тэр цагт бид ард олондоо шинэчлэлт, өөрчлөлтийн шинэ давлагаа, эрчимтэй хөгжлийг авч ирэх болно.
Бид өнөөдөр намаа байгуулж байна. Бид маргааш улс орноо хөгжил цэцэглэлтийн эрчимтэй замд хөтлөх болно. Энэ бүгдийг Та бүхэн 2001, 2004, 2005, 2008 онуудад харах болно. Тэр үед ч би түүхэн үлгэрээ гүйцээж ярих болно. 

1999 он

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.