Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр: Үйлдвэрлэл явуулахын өмнө ухаан байх хэрэгтэй

ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран та бүхэндээ цувралаар хүргэхээр бэлдлээ. 

Хамгийн сүүлээс нь буюу 2014 онд оны шилдэг улстөрч болсон УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Гантөмөрийн илтгэлийг хүргэж байна. 

 

Үйлдвэрлэл явуулахын өмнө ухаан байх хэрэгтэй

...Өнөөдөр ажил хийдэг хүмүүс бүгдээрээ л өдрийн хоолыг гадуур иддэг болсон байна. Тэр нь хангалттай мөнгөтэй байна гэсэн үг биш. Цаг үеэ дагаад хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөж байна гэсэн үг. Бидний өсвөр үед машин гэж байхгүй. Бензин шаардлагагүй. Тийм дарамтгүй байлаа. Гэтэл орчин үед айлын дарамт машинаа яаж бензинтэй байлгах вэ? гэдгээс эхэлж байна.  Машиндаа бензин хийхийн тулд оюутан залуудаа машинаа өгч явуулаад аль вэ чи жаахан халтуур хийгээдэх, миний машинд бензин хийгээд аваад ирээрэй гэнэ. Хэдхэн жилийн өмнө ийм асуудал байгаагүй шүү дээ. 

Юу хэлэх гээд байна вэ гэхээр шинжлэх ухааны ололт амжилт , түүн дээр суурилсан технологийн өөрчлөлт хүн төрөлхтөнд цоо шинэ эдийн засгийг авч ирсэн. Үүнийг бид хэд хэд хувааж, нэрлэж ирсэн.

1960-1990 оны үеийг Аж үйлдвэрийн эдийн засаг гэж нэрлэсэн. Үйлдвэржилт гэж дэлхий даяар явагдсан.

Дараагийнх нь чөлөөт зах зээлийн эдийн засаг. Зах зээлийг чөлөөлөх тусам эдийн засаг хүчирхэг болно гэдэг зарчим ажилласан. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд монопол боломж олгохгүй, бүгдэнд нь үйлдвэрлэх боломж олгосон байна. Тэгээд харилцан худалдаа хийх боломжтой болсон. Энийгээ зах зээлийн эдийн засаг гэж нэрлэж буй.

Гэтэл 2000 он гарснаас хойш дэлхий дахинд нэг мэдээлэл маш хүчтэй түгэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Мэдлэгийн эдийн засаг”. НҮБ бүх улс оронд анхааруулсан. Мэдлэгийн эдийн засаг руу шилжлээ шүү, бэлтгэлээ хийгээрэй гэж. Мэдлэгийн эдийн засаг гэхээр ямар эдийн засаг  санаанд орж байна? Та бүхэн тунгаагаад бод доо. Янз бүрээр л санаанд орж байгаа. Мэдлэгийн эдийн засгийн нийгмийг мэдлэгийг мэдээлсэний дараах нийгэм гэж  томьёолж байгаа. Хүн төрөлхтөнд мэдээлсэн. Мэдээлсэн гэдэг нь дэлхий хавтгай боллоо, глобалчлал явагдлаа, даяарчлал явагдлаа, хил хязгаар үгүй боллоо, харилцан бараа бүтээгдэхүүн солилцдог боллоо, урсгал эргэлтэнд орлоо. Үүний дараах нийгэм, магадгүй мэдлэгийн даяарчлал гэдэг.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэгэхээр мэдлэгийн нийгэм нь ямар нийгэм юм бэ?

Бид Ардчиллыг нэг юм баримжаалаад байна. Социализмыг бол энд байгаа залуучууд мэдэхгүй. Гэхдээ ардчилсан нийгмийг ойлгочихсон. Зах зээлийн эдийн засгийг ойлгоод байна тийм ээ? Бизнес эрхлэх эрх чөлөө байх хэрэгтэй гэж байна. Гэтэл энэ мэдлэгийн эдийн засаг гэж яг юу юм бэ? Мэдлэгийн нийгэм гэж яг ямар нийгэм байх юм бэ? Сүүлийн 10 жилийн үйл явдал, хүмүүсийн хэрэглээг анзаарахад  аж үйлдвэрийн нийгэм яагаад халагдаж байгаа вэ?  Уг нь бид бол үйлдвэржсэн орон болно гээд зорилго тавиад урагшаа тэмүүлээд байгаа биз дээ. Гэтэл хүн төрөлхтөн аж үйлдвэрийн нийгэм дуусчихлаа шүү гэж зарлаад байдаг... 

Би хуучин хэдэн жишээ хэлье.

УАЗ 469  гэдэг орост үйлдвэрлэдэг машин байдаг. ЗИЛ 130 гэдэг машиныг миний аав барьж байсан. УАЗ 469 гэдэг машиныг ямар олон жил унав аа. Өөр машины тухай ойлголт байхгүй. 40, 50, 60 жил уналаа. 2000 оноос хойш хэдэн төрлийн машин орж ирэв?. Эксел орж ирлээ, бүгдээрээ эксел авлаа. Эксел аваад явж байтал Элентра орж ирлээ. Тэрийг нь аваад уналаа. Тэрний араас Соната орж ирсэн. Соната яасан гоё машин бэ гээд аваад явж байтал нэг жилийн дараа Соната 2, дахиад нэг жилийн дараа Соната 3 орж ирсэн.

Land Cruiser гэж гайхалтай том жийп байдаг юм байна гээд 80 орж ирэхээр нь аваад уналаа. Төд удалгүй 100 нь орж ирсэн. Арай гэж хөдөлмөрлөсөөр байгаад Ланд-100 -г нь аваад унасан  төд удалгүй 200 нь гарсан. Гэр бүлээ дайчилж, дайчилж байгаад 200-г л аваад уначихвал аз жаргалтай болчих гээд байдаг.  Нөгөө 200-г нь арай гэж аваад унасан чинь Lexus 570.

Одоо энийг авах гэж уралдаж байгаа хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэрний дараа үе нь удахгүй бид нарын гар дээр ирэх нь байна шүү. Үйлдвэрлэл яагаад ард үлдсэн бэ гэхээр технологи бол хил хязгааргүй зүйл. Газар нутаг харгалзахгүйгээр хүн төрөлхтөн шинэ технологи гаргадаг болчихлоо. Технологи маш богинохон хугацаанд нэвтэрдэг боллоо. Одоо И.Ньютоны амьдарч байсан цаг үеийг эргээд харъя. Ньютон анхныхаа онолыг гаргаад тэрийгээ гэр бүл, найз нөхөддөө ярьж өгсөнөөс хойш  бараг 10 жилийн дараа  тэр улс орон ойлгож, мэдэж эхэлсэн. 20 жилийн дараа тив нь ойлгосон. 50 жилийн дараа хүн төрөлхтөн дөнгөж сонсч эхэлж байгаа.

Хуучин бол мэдээлэлжээгүй байсан учраас үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн өөр ард түмэнд шилжиж иртлээ цаг хугацаа зардаг байсан. Мэдээлэл нь иртлээ цаг хугацаа зардаг байсан. 50, 100 жилийг зардаг байв. Мэдээлэлжсэн нийгэм ирсний үр дүнд сайн бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэж байгаа мэдээлэл хил хязгааргүй  7 тэрбум хүнд хүрдэг болсон.

 Үйлдвэрлэл гэдэг энэ асуудал ямар томьёололд орсон бэ гэхээр юу үйлдвэрлэх вэ?  Жишээлбэл үйлвэрлэл явуулж байгаа хүн юу хүсч байгаа, үйлдвэрлэсэн бараагаа яах гэж байгаа  вэ? Зарж ашиг олохын тулд үйлдвэрлэл хийж байгаа. Баян болохын тулд үйлдвэр байгуулж байгаа. Яаж баян болох вэ гэвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарна. Зарахгүй бол дампуурна биз дээ. Дампуурахаар баян болох биш эсрэгээрээ ядуу болно. Тэгэхээр үйлдвэр анхдагч байна уу, юуг хэнд зарах вэ гэдэг нь анхдагч байна уу гээд эргээд харахаар үйлдвэрлэсэн бараа чинь давтагдашгүй, хаана хэнд зарах вэ гэдгээ мэдэж байж үйлдвэрлэл рүү орж ирэх хэрэгтэй болж байна. Үйлдвэрлэл явуулахын өмнө ухаан байх хэрэгтэй.

Яагаад мэдлэгийн эдийн засаг хүн төрөлхтөнд бүгдэд нь хамаатай болчихов оо гэдэг асуултын хариултыг одоо хамтдаа олъё. 

Бид 40 доллар зарж байж гаргаж ирсэн нүүрсээ хэдээр зарж байна гээч? 41 доллараар зарж байна. Бид үйлдвэрлэсэн бараагаа 10%-ийн ашигтай гадагшаа зараад гадаадаас 1,000%-ийн ашигтай бараа худалдан авч байна. Энэ зөрүүн дээр эдийн засаг эрүүл байх уу? Энэ зөрүүн дээр төгрөг үнэтэй байх уу? Байх ямар ч боломжгүй. 

2050 онд дэлхийн эдийн засаг 380 триллионд хүрнэ. Дэлхийн эдийн засаг 5 дахин томроход үнэ цэнэтэй бараа, өөр бусад Хятадад, Орост хийж чадахгүй бараа, шинжлэх ухааныг төрүүлэхгүйгээр бид амар амьдрахгүй. Энэ худалдааны зөрүүн дээр бид ялагдагч байсаар байна. Бидэнд бусдаас өөр бүтээгдэхүүн хийх чадамж хэрэгтэй. Тэрийгээ үнэлж сурах хэрэгтэй.

Мэдлэгийн нийгэм гэж юу вэ? гэвэл үнэ цэнэ тогтоох чадварыг хэлнэ. Үнэ цэнийг бий болгох чадамж энэ ард түмэнд суух нь мэдлэгийн нийгмийг авч ирэх үндсэн ажил байх болно. Тийм учраас 2012 оноос эхлэн яавал ийм чадамжтай ард түмнийг төрүүлэх вэ? Гэдэг бодлого явуулж эхэлсэн.  Эдийн засаг, төрийн үйлчилгээ, боловсрол, санхүү, технологи ямар байх гээд олон зүйл бий. Хамгийн чухал нь хүн. 10 жилийн дараа Монголд амьдрах тэр залуусыг гаргаж ирэхийн тулд боловсролын салбарт шинэчлэл хийсэн.

 Зорилго нь, Монгол оронд мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгэм ирэхэд түүнийг дааж гардаг ард түмэнтэй болох. Мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгэм гэдэг бол сонголтгүй. Ардчилсан нийгмийг бол бид сонгосон. Дарангуйлагчдыг бид сонгож болно. Энэ бол сонголттой. Мэдлэгийн эдийн засаг гэж яриад байгаа хүн төрөлхтний даяарчлалд харин сонголт байхгүй.

Монгол өөрөө мэдлэгийн эдийн засаг, энэ чадамжийг өөртөө бий болгоно гэсэн итгэл төгс байх юм бол хэнээс ч айхгүйгээр амьдарч чадна. Мэдээж бид хүнээс сайн юмыг нь авна. Хариуд нь сайн юмаа зарна. Энэ харилцаа гарцаагүй л явагдана. Энэ харилцаан дээр ялагч болж чадаж байгаа нь Солонгос, Япон, Америк. Ялагдагчид нь Монгол, ...

Ялагдагчид үнэ цэнэ тогтоох бараа үйлдвэрлэх чадавхийг бий болгох бодлогыг хэрэгжүүлж чадаагүйн гай. 

Тийм учраас бид сургуулийн өмнөх боловсролын зорилгыг өөрчилсөн. Цэцэрлэгийн насны хүүхдийг өмнө нь сургуульд бэлддэг байсан. Одоо хүний хөгжлийн суурь үе гэж үзэж байна. 

Бага ангийн хүүхдүүдэд чадваруудыг өгөхийн төлөө явж байгаа. Сонсох, ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар. Өөрөөр хэлбэл мэдлэгийг бүтээж чаддаг хүнд байх чадамжыг өгөх нь боловсролын зорилго. Гэхдээ бид зорилгоо яаж тавьсан бэ гэхээр нэгийг ч орхилгүй хүүхэд бүрт өгье гэж зорьсон.

Боловсрол = мэдлэг + хөгжил гэж өөрчлөгдсөн. Үр дүнд нь чаддаг хүн. Мэддэг хүнээс илүү чаддаг хүн чухал байна. Агуулга дээр суурилсан боловрсол одоо чадамж дээр суурилж байна. Бага ангид чадвар, дунд ангид арга барил, ахлах ангид бие даан суралцах чадамж өгнө.

Хүмүүжил гэдэг ойлголтыг дандаа буруу тодорхойлж ирсэн. Хүүхэд төрөхдөө хүмүүжилгүй төрөх үү? Хүмүүжилгүй байдал яаж бий болж байна вэ гэвэл биднээс би болж байна.Хүмүүжлийг хэн өгч байна вэ? Гэдгийг анхаарах хэрэгтэй.

Залуу аав ээжүүдэд нэг зүйлийг анхааруулж захимаар байна. Хүүхдийнхээ хажууд хүн битгий муул. Сургуулийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд багшийг нь муулж болдоггүй юм шүү. Ном сурах хүүхэд ямар хүүхэд байдаг вэ? гэвэл багшдаа хайртай, багшийнхаа өмнө баатар болохыг хүссэн, эцэг эхдээ хайртай, эцэг эхийнхээ өмнө баатар болохыг хүссэн хүсэл дээр ном сурах процесс явагддаг. Багш нь аав ээжийг нь муулаад байвал нэг хүсэл нь алга болно, аав ээж нь багшийг нь муулаад байвал хоёр дахь хүсэл нь алга болно. Нийлээд бүгдийг муулвал хүн төрөлхтнөөс залхана. Хүүхэддээ ном суралцахыг заахаас илүү , миний хүүхэд яаж суралцах вэ? гэдгийг бодоорой.

Суралцахуй гэвэл зөндөө байна. Хүн дуурайдаг, ухамсартайгаар сурдаг, уншиж сурдаг, бодож, харж сурдаг. Янз бүрийн суралцахуй байна. Энэ олон зүйл дотроос хамгийн мундаг сурдаг зүйл нь тоглоом. Яагаад сониохолтой байгаа юм бэ? Гэвэл өөрөө хийдэг учраас сонирхолтой байна. Өөрөө жинхэнэ оролцогч нь учраас сонирхолтой байна. Аливаа зүйлийг сурна гэдэг бол өөрөө хийнэ гэсэн үг. Бүх шинжлэх ухаан адилхан. Чи өөрөө л хийхгүй бол тэр чинийх болохгүй, сурахгүй.

Хүн суралцана гэдэг бол өөрөө хийхийг хэлнэ.

Шинжлэх ухаан хүн болгон хөгжих боломжтойг нотолсон.

Тархийг судалсан. Тархи 8 талбараас бүрдэж байна. Үүнд,  бодох, сэтгэл хөдлөх, ойлгох, сонсох, харах, бодох, хөдөлгөөн , харилцааны талбар байдаг . Тархины удирдагч бол бодох талбар. Бусад талбартайгаа харилцан хамааралтайгаар харилцан хамтарсны үр дүнд ажилладаг. Эрдэмтэд хүний тархи бүх насан туршид нь хөгжиж болно гэдгийг баталсан.

30-40 нас бол тархины хөгжлийн хамгийн оргил үе. Яагаад гэвэл тархины хөгжлийн 8 талбар наймуулаа ажиллаж эхэлдэг. Ямар нэгэн шинжлэх ухааныг ойлгохгүй бол таны тархины ямар нэгэн хэсэг унтаж байна гэж ойлгоорой. Хүүхдүүд тухайн насандаа ямар нэгэн юмыг чадахгүй байна гэвэл аль нэг хэсгийнх нь хөгжил хүүхэд насанд нь, сургуульд орохоос нь өмнө орхигдсон байна гэсэн үг. Ямар аав ээжтэй байв аа гэдгээс нь шалтгаалан өөр байна. Тийм учраас бид нар хүүхдийнхээ онцлогийг тодорхойлоод, зөв оношлоод хүүхдийнхээ ахиц амжилтыг үнэлж чадах юм бол энэ 8 талбарын цаана 8 чадвар байгаа. Энэ чадвар, чадамжаар нь дамжуулаад хүүхдүүдээ хөгжүүлж болно.

Тархи хөгжүүлэхэд хамгийн анхаарах шаардлагатай зүйл бол тархинд өөрийнх нь зуршил байгаа. Би сонсголгүй, солгой хоолойтой гээд ойлгочихсон. Бүр хамгийн хэцүү нь “би ийм юманд дуртай” гэх хатуу ойлголт. Энэ бол тархийг жинхэнэ унтуулдаг. Тийм учраас дургүй зүйлээ хийж үз.

Бид бол хүүхэд бүрийг хөгжүүлэхийг зорьж яваа. Гэхдээ бидний хамгийн их хүсээд байгаа зүйл бол эрүүл хүүхэд. Асуудлыг томоор харах чадвартай хүүхэд. Өөртөө итгэлтэй хүүхэд. Дээр нь мэдлэгийн эдийн засгийг бий болгохын тулд гарцаа байхгүй өөрөөр сэтгэж чаддаг хүн.

Бидэнд асар их боломж бий. Дээд боловсролын салбарт яагаад зээл аваад 1,000 инженерийг Японд сургая гэж байгаа вэ? Энэ бол түүхэн шийдвэр. Өөрөөр хэлбэл Монгол өөрөө технологитой орон болохын төлөө энэ тэмүүллийг хийж байгаа. Яагаад бид Германы технологийн сургуулийг энд байгуулсан юм бэ? Герман технологийг Монголд бий болгох. Яагаад бид их дээд сургуулиудад 20, 30 сая төгрөгийн лаборатори нийлүүлээд байгаа вэ. Яагаад гэвэл судалгаа хийх чадвартай болох гэж зориулагдсан . Одоо бид дэлхийн номер нэг сургууль “МIT” буюу Массачусэтсийн технологийн институттэй 11-р сард гэрээ байгуулах гэж байна. MIT гэдэг сургууль бусдаас юугаараа өөр вэ гэвэл  25,000 компани төрүүлсэн. Зөвхөн нэг сургуулийн төгсөгчдийн хийдэг бизнес дэлхийн 11 дэх эдийн засаг болж байна.

Яагаад тэд ийм байгаа вэ? Өөрөөр сэтгэж байгаа учраас. Өөр юмыг хийж чадаж байгаа учраас тэр. Хүний хийж байгааг дуурайдаггүй, дуурайхыг эрс хориглоод бусдаас өөр байхыг оролддог. Тийм учраас бид нар MIT-тай нийлээд мэдлэг бүтээдэг шинжлэх ухааныг Монголд бойжуулахыг зорьж байна. 

Шинжлэх ухааны хөгжлийг урсгал голоор зүйрлэе л дээ. Бид нар эрч хүчтэй гол дээрх завинд суугаад сэлүүрдье гэж байгаа бол ундарга нь шинжлэх ухаан байх болно. Гарцаа байхгүй. Энийгээ мэддэг ард түмэн бол өнөөдөр айхаа болино. Ирээдүйн Монгол улс 100 мянган эрдэмтэнтэй болно. 100 мянган технологийн компанитай болно гэсэн алсын хараагүй болохоор өнөөдрийн зовлонд унаад байна.

1 сая 500 мянган км кв газар нутагтай байж 50 км газар нутаг дээр чөлөөт бүс байгуулъя гэхээр ямар их эмзэглэж байна. Айдас, зүгээр л айж байна, санаа зовж байна. Зовлонгоо даадаггүй, алсын хараагүй болохоор өнөөдрийн зовлон дуусдаггүй юм байна. Одоо эдийн засаг уналаа , өрөндөө баригдлаа л гэнэ. Энэ бол зүгээр л сорилт . Харин алсдаа яах вэ? Бид нарын гол айдас тэр байна. Монгол ирээдүйд ямар орон болох вэ? 

2015.10.31 Төрийн ордон,