Д.Ундармаа: Горхи-Тэрэлжийг түшиглэн 2 га газарт “Nomadic Complex” цогцолбор байгуулж, тавдугаар сараас тогтмол арга хэмжээ зохион байгуулна
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон есөн дүүргийн удирдлагууд, НЗДТГ Налайх дүүрэгт Өв соёлын цогцолбор байгуулах талаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах зэрэг асуудлыг өчигдөр хэлэлцэв.
Энэ үеэр Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах “Nomadic complex” төслийг танилцуулсан юм.
Төслийн талаар Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр “Өнгөрсөн онд Налайх дүүргээр 550,000 орчим жуулчин дамжин өнгөрсөн судалгаа гарсан. Үүний 400 мянга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон байна. Улсаар нь авч үзвэл нийт жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байсан.
Олон улсад нэр хүндтэй “Physical Asia” шоунд манай улсын тамирчид амжилттай оролцож эх орноо сурталчилсан тул энэ жил жуулчдын тоо ихээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймд жуулчдын голлон зорьдог зүүн бүсэд энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна” гэв.
Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Зуны саруудад Налайх дүүргийн 2 га газарт “Nomadic Complex” өв соёлын цогцолборыг байгуулж, тавдугаар сараас тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар ЖДҮ эрхлэгчдийн орлого нэмэгдэх, жуулчдад зориулсан цогц төв бий болох, Монгол өв соёлыг сурталчлах зэрэг ач холбогдолтой.
Энэ жил Налайх дүүрэгт олон улсын математикийн олимпиад, олон улсын таеквондогийн тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд болж, гадаадын зочид, дотоодын аялагчид олноор ирэх учир тус цогцолборыг байгуулах шаардлагатай" хэмээв.
Тус үйл ажиллагааг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
