Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Зөв сэтгээд, зүтгэж чадвал Монголдоо юуг ч хийж болох юм байна гэдгийг ойлгосон

ikon.mn
2017 оны 12 сарын 24
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 10 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1994 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илтгэлийг хүргэж байна.

 
1995.11.16
 
Намайг бага байхад миний аав “Хүү минь өглөг бол авлагын үүд юм шүү” гэж хэлдэг байв. Тэр үедээ энэ үгийн утгыг ухаж ойлгодоггүй байж. Хожим бодож байх нь өгөө, аваагүй юм гэж орчлонд байдаггүйг хэлснийг ухаарч билээ. Та бид социализмын үед өсөн өндийсөн, хүнд юм өгчхөөд хариу нэхэх, аваад хариу болгож юм өгөх гэсэн ухамсрыг наймаа панзын сэтгэлгээ гэж ойлгодог, нийтээрээ жигшин зэвүүцдэг үед ухаан суусан улс. Тэр үед би бусдын л адилаар дэлгүүрээс даавуу авч, хувцас оён зах дээр зарах мэтээр оюутны тэтгэлгээ арвижуулах гэж оролддог байсан. Дараа нь тамирчин болж хилийн дээс алхаж үзээд тухайн үед суртал нэвтрүүлгээр байнга муулагддаг байсан хөрөнгөт ертөнцийг анх үзэж амьдрал бидний төсөөллөөс огт өөр байдаг болохыг ойлгосон.
 
Нэг тохиолдол одоо болтол миний санаанаас гардаггүй юм. 1986 онд Франц улсад самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэр үед өдөн куртка залуу хүн болгоны гангараа болж байсан цаг. Шагналынхаа мөнгөөр ганц өдөн куртка аваад буцна даа гэж бодож байтал шагналын мөнгө минь өдөн куртканы үнийн талд нь ч хүрсэнгүй. Гэтэл тэндэхийн ноход хүртэл өдөн курткатай гүйж явахыг хараад Монголын дэлхийн аварга Францын нохойноос дор байх ч гэж хэмээн гутарч билээ. Магадгүй тэр цагаас бизнес эрхлэе гэсэн бодлын үр толгойд минь суусан ч байж болох.
 
Гэвч социалист нийгэм хүслээрээ сайхан амьдрах бололцоог иргэддээ олгодоггүй байсныг бүгд мэднэ. Өнөөдөр бүх насаараа улс орныхоо төлөө зүтгээд эцэст нь ямар ч амьдралын баталгаагүй, үгээгүй хоосон үлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе давхарга манайд байна. Хүмүүс өөрсдийнхөөрөө амьдрах бололцоо 1990 оны ардчилсан хувьсгалын дараа л бий болсон бөгөөд гадаад паспорт өвөрлөн, ганзаганд явж эхэлсэн олон залуучууд өнөөдрийн хувийн хэвшлийн үндэс суурийг тавьсан билээ. Хамгийн гол нь 1990 он бидэнд бололцооноос өөр юуг ч олгоогүй бөгөөд хувийн компаниуд өөрсдийн нөр их хөдөлмөрийн дүнд манай орны нийгмийн нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг үйлдвэрлэх хүртлээ өсөж өндийсөн. Бид ч, манай компани ч гэсэн тэдний л нэг.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

Бизнесийн замнал минь анх нөхөрлөлөөс эхэлсэн юм. Компани гэж байсангүй, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэрээр аж ахуй эрхлэх боломжтой болсон үе байлаа. 1986 онд улсын шигшээ баг Канадад тэмцээнд оролцох үеэр би хэдэн үнэгэн малгай хилээр нууж гараад зарж, видео тоглуулагч гэж юм худалдан авлаа. Тэр үед видео приставка гэж ярьдаг, Монголд нүдний гэм байлаа. Нутагтаа ирээд “Урлан” гэж нөхөрлөл байгуулаад, билет хэвлүүлэн видео кино үзвэрийн бизнес эрхлэв. Билетийн үнэ 30 төгрөг. Өдөртөө 3,000 орчим төгрөгийн ашиг олно. Тухайн үедээ л чамлалтгүй мөнгө байв. Гэхдээ л хавчлага хяналт ихтэй, хөдөлмөрийн бус орлогоор мөнгө олж байна гэж гоочлуулдаг байснаас нэг их удалгүй болиход хүрсэн.

1990 оноос хэдэн найз нартайгаа нийлээд бусдын жишгээр ганзаганы наймаанд явж эхэллээ. Анх жижиг сажиг наймаа хийж, ашиг орлого ч гавихгүй байв. Тэр цагт бусад улсын бөхчүүд өрсөлдөгчдийнхөө барилдааныг видео камераар бичлэг хийн, судалдагийг хараад ямар ч байсан видео камертай болъё гэсэн бодолтой л байсан юм. Тэгээд Сингапурт очиж үзлээ. Манай бизнесийнхэн хэдийнээ Сингапураас бараа ачуулдаг болчихсон байв. Халаасандаа ердөө л 400 доллартой хүн, камер авах л мөрөөдөлтэй болохоор баригдаж байгаа байшинд хоночхоод, бусдын ачуулж байгаа барааг өдрийн 25 долларын хөлсөөр баглаж, хоолны мөнгөтэй залгана. Тэгээд нэг юм камертай болж аваад буцлаа. 
 
Санасандаа хүрсэн болохоор хачин баяртай байдаг байлаа. Аав ээжийнхээ зургийг авна. Бөхчүүдэд үзүүлж гайхуулна. Гэтэл нэг хүн камерыг чинь 800 доллараар авъя гэдэг юм. Зарахад хайран санагдсан ч дахиад авчхаж болно гэсэн бодол төрөөд зарчхав. Олсон мөнгөн дээрээ хэдэн доллар нэмж олоод Сингапурыг ахин зорилоо, нислээ. Ингээд зөөх камер маань хоёр, дөрөв, найм гээд өсөж эхлэв. Яваандаа Сингапур-Бээжин хоёрын хооронд байнга камер зөөдөг наймаачин боллоо. Тэгэж яваад би дөчөөд мянган доллартой болсон. Тухайн үедээ овоо л мөнгөтэй болчихлоо, одоо мөнгөө банкинд хадгалуулчхаад, эсвэл ямар нэгэн “хатуу юм” болгочхоод барилдаад байхад болно доо гэсэн шүү юм санаж байж билээ.
 
Магадгүй, тэр үед мөнгө, хөрөнгийн хоосон чанарыг ойлгоход хүргэсэн нэгэн явдал тохиолдоогүй бол би өнөөдөр энд үг хэлээд “оны залуу” болчихсон зогсож байхгүй ч байж болох юм. Аав минь бүх насаараа хуримтуулсан 11 мянган төгрөгийг хүүхдүүдийнхээ нэр дээр банкинд хадгалуулсан байжээ. Гэтэл 20 дугаар тогтоол гэгч гараад төлбөрийн чадварыг нь 2 дахин унагаад, улмаар инфляци хөөрснөөр өнөө мөнгө нь юу ч биш болж хувирав. Тэгэхэд л би аавыгаа урьд нь хэзээ ч өрөвдөж байгаагүйгээр өрөвдсөн.
 
Энэ тохиолдлоос мөнгө хөрөнгө гэдэг чинь үргэлж л хөдөлгөөнд байхгүй бол юу ч биш болдог юм байна, баян хүн нэг зуданд, баатар хүн нэг  суманд гэдэг үнэн юм байна, арвиждаг ч бай, үгүй ч бай мөнгийг үргэлж л хөдөлгөөнд  байлгах хэрэгтэй юм байна гэдгийг хатуу ойлгож авч билээ. Ер нь Монгол хүмүүсийн сэтгэхүйд бат шингэсэн нэг зүйл бол мөнгө хадгалах тэмүүлэл юм. Хуучин цагт хотынхон нь мөнгөө банкинд, хөдөөнийхөн нь хатуу эдээ авдартаа хадгалдаг байлаа. “Энэ  чинь банкинд 50,000 төгрөгтэй хүн” хэмээн нэгнийхээ тухай атаархуу өнгө аясаар өгүүлж, түүнийг баян хүнд тооцдог байв. Эсвэл машинтай хүнийг баян хүнд тооцдог байлаа. Гэтэл 20 дугаар тогтоол, инфляци нөгөө “баян” хүмүүсийг маань ердөө л гутлын мөнгөтэй үлдээж орхисон.


Хөрөнгө гэдэг чинь хадгалдаг зүйл мөн үү?

Хувийн хэвшлийнхэнд энэ асуултыг тавьбал 100 хувь биш гэхэд 90 хувь нь “үгүй” гэж хариулна. Мөнгө хадгалагдаж бус эргэлдэж байж мөнгө болдог. Хадгалах сэтгэлгээ ялангуяа хөдөөд маш тод мэдрэгддэг. 100 хонины үнэтэй гаанс, 300 хонины үнэтэй хөөрөг гэхчлэн ядрах цагт хэрэг болно гээд эд зүйл цуглуулаагүй хөрөнгөлөг айлыг олоход хэцүү. Удалгүй би хэдэн найзтайгаа нийлж “ЖЕНКО” компанийг үүсгэн байгуулсан юм. Аж ахуйн нэгж байгуулснаар татвар гэгч “айхавтар амьтантай“ танилцсан юм. 1992 онд ногоон цай ховордож нүдний гэм болж байсныг бид бүхэн мэднэ. Надад ямар цай уух нь ялгаагүй байснаас үүнийг би тоодоггүй байсан. Харин манай ээж л хятад цай ууж чадахгүй нь, ногоон цай байсан болоосой гэж үглээд байдаг байв. Гадуур явж судалгаа хийвэл ногоон цай үзэгдэхээ больжээ.
 
За, тэгэхээр нь цайг хаанаас авдгийг судаллаа. Увсынхан хөрш залгаа Тувагаас цай оруулдгийг мэдээд Тува уруу нисэв. Очсон чинь Тува жилийн нөөц цайгаа татаагүй учраас цайны нөөц ялгаагүй ховордсон байдаг юм. Тэгмэгц нэг орос дагуулаад Грузин рүү очлоо. Тэр үед Грузин- Абхазын хооронд дайн болж байсан бөгөөд хоёр цайны үйлдвэрийнх нь нэг нь бөмбөгдүүлчхэж. Нөгөө үйлдвэрээс нь Тува руу цай ачуулаад, Тувагаасаа чиргүүлтэй таван “Камаз”-аар цайгаа Монголд оруулж ирлээ. Хил дээр манай гаалийнхан надаас гаалийн татвар нэхдэг юм байна. Цай олж ирэхийн тулд 3 сар хэртэй явж явж, хамаг мөнгөө цай болгочхоод ирж байхад зовлон ойлгохгүй, “татвараа одоо төл” гэж зовоосон гаалийнханд уур ч хүрэх шиг, гомдох шиг болж билээ. Гэхдээ ногоон цай маань ердөө л долоо хоног бүрэн борлогдсон юм. Хэрэгцээг олж, хангахыг л бизнес гээд байгаа юм гэдгийг би тэгэхэд л ухаарсан бөгөөд сайн бизнес хийхийн тулд хошуучлагч байхын чухлыг ойлгож авсан.

Одоо юу хийх вэ?

Ямар учраас манай улсад албан ёсны такси байдаггүй, гадаадын бусад оронд бүгдэд нь байдаг юм бэ? Яагаад дэлхийн бүх улсад гудамж бүрд кафе, диско байдаг, гэтэл залуучуудын орон гэгдсэн Монголд ганц ч байдаггүй юм бэ? Супермаркет гэх өөртөө үйлчлэх дэлгүүр аль ч оронд бий, гэтэл манайд л байхгүй гэх зэргээр бодох болж бизнесийн шинэ санаагаа гаргадаг болсон юм. Одоог хүртэл манай бизнес эрхлэгчид “судалгаагаар бус сургаар" бизнес хийж байна. Хэн нэгэн нь цагаан будаа ашигтай байна гээд л зөөгөөд эхэлбэл бүгд араас нь хошуурна. Ер нь бизнест түрүүлж шинэ зүйлийг эхлүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Та бүхэн манай компанийг “Саятан” сугалаагаар сайн мэддэг болсон байх. Бид нарын шинэ зүйлийг эрэлхийлсэн эрэл маань сугалаа зохион байгуулахад хүргэсэн юм. “Саятан” сугалаанаас бид олон зүйлийг ойлгож авсан.
 
Ер нь хэн ч зөв сэтгээд, зүтгэж чадвал Монголдоо юуг ч хийж болох юм байна гэдгийг бид ойлгосон. Худалдаанаас өөр юм хийж яваагүй бидний хувьд бүх л улс орон даяар сугалаа зохион байгуулах нь хүндхэн даваа байсныг хэлэх хэрэгтэй. Сугалаа гаргасан зорилго маань цөөн ч гэсэн хүн, айл өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болгоё, ашгаасаа хүүхдийн сан байгуулж өнчин нойтон өвдөж ядарсан хүүхэд нялхастаа буян болъё гэсэн санаа байлаа.
 
Харамсалтай нь сугалаагаар олсон ашгийн 60 хувь, хожсон орлогын 40 хувийг татварт авч эхэлснээр дараа дараагийн саруудын Хүүхдийн санд хуримтлуулах хөрөнгө санасан хэмжээнд хүрсэнгүй. Өөрөөсөө санхүүжүүлсээр алдагдалд орж эхэлсэн юм. Сугалаагаа ядаж бүтэн жил зохион байгуулж, ашгаасаа хонжворын мөнгө, хожлын тоог өсгөхөөр төлөвлөж байсан ч аргагүйн эрхэнд зогсоосон. Бизнес гэдэг чинь зарим хүмүүсийн ойлгодог шиг 100 төгрөгөөр бараа аваад 200  төгрөгөөр зарахын нэр биш. Бизнес бол биеийн болоод оюун санааны асар их хөдөлмөр зүтгэл болохыг ойлгоосой гэсэндээ дээрх жишээнүүдийг ярьж байна.
 
Ер нь өнөөдөр манайхтай адил зүтгэж яваа пүүс компаниудын хувьд нийтлэг хэдэн бэрхшээл байна. Юуны өмнө өндөр татвар. Нэг бүдүүвч тооцоо хийе. Нэг сая долларын худалдаа хийлээ гэж бодоход дунджаар 10 хувийн л ашиг гарна. Энэ нь зуун мянга доллар гэсэн үг. Гэтэл эндээсээ бид ашгийн татварт 40 хувийг өгөхөөр ердөө л 60,000 долларын ашиг гарч байна. Гарсан зардлуудаа тооцвол бараг ашиггүй шахуу гэсэн үг. Манайд сая доллартай компани хэд байгаа билээ. Гэтэл аж ахуйн нэгж гэлгүй ганц хоёроороо яваад, ашигтайхан наймаа хийвэл 100 мянган доллароос 60 мянгын ашгийг амархан олж болно. Татвар төлөх ёстой, татвараар төсөв бүрдэж байгааг хэн хэнгүй ойлгоно. Гэхдээ татварын хувь хэмжээг бизнес эрхлэгчид ашигтай байхаар тогтоохгүй бол далд наймаа руу л түлхэх байх. Улс орныг тариачин айлтай зүйрлэвэл анжис чирдэг шар нь хувийн компаниуд юм. Гэрийн эзэн хүүхдүүдээ өлсгөхгүй гээд шараа төхөөрөөд идчихвэл нэг өвлийг гэдэс цатгалан өнгөрөөх ч хавраас турж үхэх аюултай тулна. Өнөөдөр манай төр засгийн бодлого иймэрхүү л байна. Газар хагалж тариа тариад, тээрэмдэж гурил болгоод талх барьж хүүхдүүдээ тэжээвэл урт хугацаанд тогтвортой цатгалан байлгах биш үү. Гэтэл анжисныхаа шарыг тордохын оронд идэх хоолноос нь хасаж, хүүхдүүддээ идүүлээд байна. Шар нь турсаар, хүч чадалгүй болсоор, туйлдсаар байна.
 
Татварын бодлого ухаалаг байх ёстой байх аа. Хувийн компаниудаа дэмжээч ээ, тэгвэл засгийн газарт, улсдаа илүү ашиг өгөх болно. Өглөг бол авлагын үүд гэдэг үгний утга учир энэ. Татвар бол засгийн газрын орлого юм. Бизнес эрхлэх, албан татвар авах хоёр асуудал яг адилхан өгөх-авах гэсэн зарчим дээр л тогтно. Жишээ татъя. Манай компани хэр ашиг олох нь худалдан авагчдын орлогоос шууд шалтгаална. Мөнгөтэй худалдан авагч олширвол миний бараа хурдан гүйж, ашиг ихэснэ. Үүнтэй адил орлоготой, баян компаниуд, бизнес эрхлэгчид олширвол л улсад төлөх татварын хэмжээ ихэснэ. Энэ нь нийгмийн сайн сайхан байдал, амьжиргааны түвшинг дээшлүүлж, эргээд бизнес эрхлэгчдэд ч таатайгаар нөлөөлнө.
Татвар манайд дэндүү олон бөгөөд давхардсан шинжтэй байна. Гаалийн татварыг барааны үнэн дээр тээврийн зардлыг нэмсэн дүнгээс, худалдааны татварыг барааны үнэ, тээврийн зардал, гаалийн татварын нийлбэр дүнгээс, онцгой татварыг дээрх бүх нийлбэр дүнгээс гэх мэтээр боддог.
 
Түүнчлэн татвар хэмээх нэр зүүгээгүй боловч элдвийн хураамж, шимтгэл нэртэй мөлжих тогтолцоо их байна. Бизнес хийхэд гарсан энэ бүх зардал барааны үнэн дээр нэмэгдээд эцсийн эцэст ард түмний хармаанаас гарах бөгөөд “татвараас бүрддэг цалин тэтгэмж - барааны үнэ” гэсэн битүү тойргийг үүсгэж улмаар хөрөнгийн хуримтлал үүсэхэд саад болж байгаа юм. Энэ чөтгөрийн тойргийг зоригтой задлах хэрэгтэй бөгөөд үүнийг Засгийн газар л хийх ёстой. Төр нь бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд мэдээллээр хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зангидах, үнэлж тодорхойлох систем бий болгох хэрэгтэй байгаа юм. Нэг хэсэг элсэн чихэр ховордоход олон бизнес эрхлэгчид элсэн чихэр импортолсон. Үр дүнд нь нэг хэсэг нь шатаж, нөгөө хэсэг нь хожсон.
 
Дараа нь наран цэцгийн тос ховордоход дээрх үйл явдал бас л давтагдсан. Хэрвээ мэдээлэл хангалттай байсан бол нэг хэсэг нь шаталгүй, үр ашигтай ажиллах боломжтой байх байсан. Өнгөц харахад хэдэн хувь хүн хохирсон асуудал мэт боловч эргээд банк, эдийн засгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Зах зээлийн багтаамж багатай манай оронд ижил төрлийн худалдаа, үйлчилгээ хийж байгаа компани хэд байна, эцэстээ энэ бизнес ямар үр дүнд хүргэж болох вэ гэдэг талаар наад захын судалгаа хийж олонд хүргэж байгаа газар байна уу? Үгүй гэж хариулахад болох байх.
 
Монголын бизнес орчны талаар ярихад хөндөхгүй орхиж болохгүй өөр нэг сэдэв бол газрын асуудал. Монголд хөрөнгө оруулахаар ирсэн олон хүн танайд газар худалддаг уу? гэж асуугаад “үгүй” гэхээр санаа буруулж, буцан одсон цөөнгүй тохиолдлыг би туршлагаасаа мэднэ. Газрыг худалдлаа гээд тэр газрыг аваад нүүчихгүй, хэвлийг нь нүхлээд ухчихгүй. Газар бол жирийн нэг өмчийн хэлбэр шүү дээ. Шинэ машин авсан хүн түүнийгээ яаж хямгаддаг  билээ, газар авсан хүн бас л хайрлаж гамтай, үр ашигтай эдлэх болно. Хүн газар дээр байшин, үйлдвэр, ордон байгуулдаг. Хадгалаад суухгүй нь мэдээж. Эцсийн эцэст энэ нь монгол улсад л хэрэгтэй юм. Хамаагүй, дэд бүтэц байхгүй нэг томоохон газрыг гадаадынханд худалдчих. Тэгвэл тэд газар дээрээ очихын тулд өөрсдөө зам тавих болно. Замынхаа мөнгийг яаж олохоо тэд сайн мэдэх учир бид санаа зовох хэрэггүй. Монгол замтай, Засгийн газар мөнгөтэй болно гэдэг л хамгийн чухал. Сайн сайхан амьдрахыг бүгд мөрөөдөж байгаа. Үүний тулд Монгол өөрт байгаа давуу талаа ашиглах хэрэгтэй. Нэг давуу тал маань газар юм аа. Биднийг алттай авдар дээр суусан гуйлгачин гэж нэрлэдэг. Алтаа тэвэрч хэвтсээр өлбөрч үхэх үү, эсвэл ашиглах уу гэдгээ зөв бодож шийдвэрлэх хэрэгтэй.
 
Бид гаднын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлсэн гэж үздэг ч өнөөг хүртэл мэдэгдэхүйц том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн юм алга. Үүнд 4 үндсэн саад байгаа юм.
  1. Төгрөг маань хөрвөдөггүй.
  2. Дэд бүтэц, холбоо, банкны үйлчилгээ, даатгалын тогтолцоо хөгжөөгүй,
  3. Хууль тогтоомж нь ойлгомжгүй, тогтворгүй.
  4. Өндөр татвар.
Эдгээрээс ядаж бид өөрсдөөсөө шууд хамаарах, чадах зүйлээрээ таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Одоогийн түвшнээс эргээд харахад бизнес хийж буй хүмүүс 3 үе шатыг туулдаг юм болов уу. Эхний үеийг “хоолны төлөөх үе” гэж тодорхойлж болно. Энэ үед хүмүүс яаж хэдэн төгрөгтэй болох вэ, яаж арвижуулах вэ гээд бараг өөрөөсөө ч харамлаж явдаг. Анх 1990 онд ганзагын наймаанд явсан олонх бизнесменүүд энэ үеийг туулсан.
Хоёрдугаар үеийг “ахуйн хэрэглээний төлөөх үе” гэж тодорхойлмоор юм. Энэ үед бизнес хийсэн хүн тодорхой хуримтлалтай болсон байх бөгөөд байргүй нь байртай, байртай нь түүнийгээ томсгох, тохижуулах, машинтай, гаражтай болох гэх мэтийн ахуйн эрэлтээ хангадаг. Бизнес эрхлэгчид энэ үедээ сэтгэл ханаад зогсвол хэзээ ч бизнесмен болохгүй.
 
Шинээр бизнес эрхэлж буй зарим залуусыг харахаар энэ үе дээр сэтгэл ханаж, биеэ тоох, үйл ажиллагааныхаа нь идэвхийг сулруулах байдал түгээмэл ажиглагдах юм. Хийсэн жоохон зүйлдээ сэтгэл ханах нь маш буруу гэж би боддог. Гуравдугаар үе нь “бизнес - амьдрах хэв маяг болох үе” юм. Өөр дээрээ жишээ авъя. Зарим хүмүүс “Одоо чи болоо юм биш үү, насаараа идсэн ч хүрэлцэх юмтай болсон юм биш үү. Юунд ингэж өөрийгөө зовооно вэ?” гэж хэлдэг юм. Ний нуугүй хэлэхэд надад ч бас ингэж бодогдож байсан үе бий. Манайд насныхаа хоолыг олсон бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Гэтэл тэд яах гэж улам их хөрөнгө хуримтлуулахын төлөө зүтгээд байна вэ?
 
Тэд өдөрт 20 таваг хоол идэж 200 костюм өмсөж, 10 цаг зүүхгүй нь лав. Хүнтэй л адилхан хэрэглэнэ. Энэ асуултад дэлхийд нэртэй “Фиат” пүүсийн эзний хэлснээр хариулж болно. Тэрээр “Бизнес хийх бол миний амьдрах арга, амьдралын хэв маяг учраас би орхиж чадахгүй, би түүнд сонирхолтой” гэж хариулсан. Бизнес эрхлэх нь амьдралын хэв маяг болсон манай бизнесменүүд эдийн засгийн гол ачааг үүрч, хувийн секторын яс модыг бүрдүүлж байна. Эдгээр хүмүүс улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлоход гол хувь нэмрээ оруулах болно гэдэгт би эргэлздэггүй. Монголчууд залхуу улс биш ээ. Боломжийг нь тавиад өгвөл хэн нь ч хөрөнгө мөнгөтэй болох чадвартай. Мөнгийг гялалзтал тоолж буй хужааг хараад бараг л илбэчин үзсэн юм шиг гайхдаг байсан нь саяхан. Бид одоо мөнгийг хурдан тоолж сурчээ. Тоолох мөнгөтэй ч болсон байна. Үндэсний хөрөнгөтөн төрж гарч ирэх шинж тэмдэг одоо л мэдрэгдэж байна. Тэднийг хөлд орж, бие даан явахад нь урам хайрламаар байна, тусалж дэмжмээр байна.
Монгол хүн дандаа гуйлгачин, дандаа бусад улсын халаасыг өнгийж явмааргүй байна. Хөрөнгө гэдэг бол эрх чөлөөний баталгаа.
 
Бид өөрсдөө хөрөнгө мөнгөтэй, бусдын гар хардаггүй байсан бол “түүхий ноолуур экспортлохгүй” гэсэн тогтоолоо цуцла! хэмээн гаднынханд дарамтлуулж суухгүй л байсан. Бид хөрөнгө мөнгөтэй болж, улс орондоо эзэн шиг эзэн байхын тулд, эрх чөлөөг олж авахын тулд бид сэтгэх хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй. Сэтгэдэг зүтгэдэг нэгнээ бусад нь дэмжих хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс бие биендээ, ард түмэн нь төр засагтаа, төр нь ард түмэндээ, банк нь бизнесмендээ итгэдэггүй, үл итгэх уур амьсгал манай орныг нөмөрчээ. Энэ бол туйлын аюултай зүйл. Хүмүүс бие биендээ, төр засаг нь хувийн хэвшилдээ итгэж байж, бизнес хийнэ, улс орноо хөгжүүлнэ. “Надад тулах цэг өгөөтөх” гэж Архимед хэлсэн шиг “Нөхцөлийг нь бүрдүүлээд өг. Бид Монгол орныг хөгжүүлээтхье" гэж хувийн хэвшлийнхэн төрдөө хандаж байна. Өөртөө болон эх орондоо ихийг бүтээх боломжийг бие биедээ тавьж өгье. Бизнес хийж эхэлж байх үед бидний уриа “зүтгэх, зүтгэх, зүтгэх” байлаа. Харин одоо “сэтгэх, зүтгэх” цаг болжээ.
 
Бүгдээрээ сэтгэцгээе, бултаараа зүтгэцгээе!
Бусдаас эдийн засгийн хараат бус эрх чөлөөтэй амьдарцгаая!
Хүн бүхэнд сайхан амьдрах боломж бий. Анхаарал тавьсанд баярлалаа.
 
1995.11.16