ИРГЭН: Нөөцийн үхрийн махны хүрэлцээ тааруу байна. Дэлгүүрт ирсэн ч хурдан дуусчихдаг
Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт их болжээ.
Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа "Нийслэлийн хэмжээнд 386 дэлгүүрт нөөцийн махыг жижиглэнгээр өдөр бүр худалдаалж байна. Есөн ААН нөөцийн махны түгээлтийг тасралтгүй нийлүүлдэг.
Зах зээл дээр махны үнэ өндөр байгаа ч нөөцийн хонины махыг нэг килограммыг 13,000, үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаалдаг, эрэлт ихтэй байна.
Нөөцийн мах худалдаалах найман нэрийн дэлгүүрүүдийн байршлыг сонгохдоо зах, худалдааны төвөөс хол, иргэдэд ойр байхаар шалгаруулсан" гэж мэдээллээ.
Харин иргэдийн зүгээс "Нөөцийн үхрийн махны хүрэлцээ тааруу байна. Дэлгүүрт ирсэн ч хурдан дуусчихдаг" хэмээн хэлж байна.
Энэ жил есөн аж ахуйн нэгж 5,016 тонн мах нөөцөлсний 40 хувийг үхрийн, 60 хувийг хонины мах эзэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
