"Нөөцийн махны жижиглэнгийн болон өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ"
Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас эхлэн нөөцийн үхэр, хонины махыг жижиглэнгийн 375 цэгээр, зарим үед өргөтгөсөн худалдаагаар борлуулж буй.
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага хэмжээний мах нөөцөлсөн. Тэгэхээр нөөцийн махны үлдэгдлийн хэмжээ болон худалдааг цаашид зохион байгуулах эсэх талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас тодруулахад "Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн болон өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдааг долоо хоногт хоёр өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Жижиглэнгээр буюу хүнсний дэлгүүрүүдэд өдөр бүр худалдаалж байгаа. Нөөцийн махны үлдэгдэл хангалттай бий.
Худалдааны махны үнэ өндөр, хомсдол зэргээс шалтгаалж нөөцийн махны борлуулалт сайн байгаа.
Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг маргааш гаргана. Нөөцийн махыг ченжүүдэд бус зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна" хэмээв.
Өнгөрсөн жил 8,713 тонн махыг нөөцөлж, худалдаанд гаргаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
