Э.Тамир: Төсвийн тодотголоо яаралтай хийхгүй бол эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт ажил хаяхад ойрхон байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос шинээр Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир "Бид өмнөх Засгийн газартай хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг байгуулахын өмнө засаг солигдлоо. Ингэснээр бидний хийж байсан өмнөх хэлэлцээнүүд тодорхой бус нөхцөлд орлоо.
Монгол улсын Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдоод Засгийн газрын бүрэлдэхүүнээ Улсын Их Хурал (УИХ)-аар танилцуулах үйл явц удаашралтай байна. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хүлээгдэж байгаа олон сэдэв бий.
Энэ хүрээнд өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах тал дээр олон сорилт үүссэн. Тодруулбал эрүүл мэнд болон боловсролын салбарт хийсэн хэлэлцээрийн дагуу түүхэнд байгаагүйгээр цалин хөлсийг нэмэхээр болсон. Үүний хүрээнд төсвийн тодотголыг нэн даруй хийх шаардлагатай байгаа.
Тэр тусмаа шинээр байгуулагдах Засгийн газрын нэн яаралтай хийх ажил нь 2026 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг яаралтай хийх хэрэгтэй боллоо.
Бидэнтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын төрөөс амлалт өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлэх эдийн засгийн нөөц бололцоог гаргаж өгөх шаардлагатай байна.
Одоогийн байдлаар боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөдөлмөрийн сонирхлын маргаан үүссэн. Уг асуудлыг хууль тогтоомжийнхоо хүрээнд зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа. Зуучлагч томилогдсон ч нэг шийдэлд хүрээгүй тул дээрх салбаруудад ажил хаялт зарлах эрх зүйн орчин үүсээд буй.
Бидний зүгээс улс орон тогтворгүй байгаа өнөө үед нийгмийн тогтворгүй байдал үүсгэхгүй байх тал дээр анхаарч байна. Аль болохоор зөвшилцөл, нийгмийн түншлэлийн хүрээнд аливаа асуудлыг даван туулахаар хичээж байгаа.
Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай байгааг дахин онцолъё" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
