Б.Батцэцэгийн эсрэг дайралт юу хэлээд байна вэ?
Сүүлийн өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эсрэг хэвлэл, цахим орчинд захиалгат шинжтэй дайралт эрс олширч байна. Өнгөц харахад нэг хүнийг харлуулах гэсэн энгийн улс төрийн довтолгоо мэт. Гэвч үнэндээ ийм дайралт хэзээ, яагаад огцом эрчимждэг вэ гэдгийг анзаарах хэрэгтэй.
Нэг улстөрч улс төрөөс гарч, нөлөөгүй, эргэж ирэх боломжгүй болсон бол түүний эсрэг хэн ч ийм их мөнгө, цаг, хүч, сүлжээ зарцуулахгүй. Харин эсрэгээрээ, дахин томилогдох бодит магадлалтай, суудлаа хадгалах чадамжтай, эсвэл илүү том нөлөө үзүүлж чадах хүн дээр л ийм төвлөрсөн дайралт өрнөдөг. Өөрөөр хэлбэл Батцэцэг сайдын эсрэг энэ хэмжээний зохион байгуулалттай мэдээллийн довтолгоо явж байгаа нь түүнийг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орох бүрэн боломжтой гэж олон хүн үзэж буйн нэг илрэл мөн.
Эндээс хоёр дахь дүгнэлт гарна. Манай төрийн зарим яам албан тушаалын төлөөх ширүүн тэмцлийн талбар болдог. Яагаад гэвэл тэнд төсөв байна, томилгоо байна, дотоод эрх ашиг байна. Харин Гадаад харилцааны яам бол өөр шинжтэй. Энэ яаманд мөнгө тараах, популизм хийх, дотоодын хэрүүлээр оноо авах боломж харьцангуй бага. Гэсэн атлаа нэр хүнд, олон улсын индэр, төрийн нүүр царай, стратегийн нөлөө ихтэй. Тиймээс энэ яаманд очихыг хүсэгчид үргэлж олон байдаг. Ялангуяа яам нь хэвийн, эмх цэгцтэй, олон улсын тавцанд ажил нь жигдэрсэн, гаднын түншүүдийн итгэл тогтсон үед бүр ч их болдог. Өөрөөр хэлбэл өнөөдөр Гадаад харилцааны яам руу тэмүүлэх хүмүүс олон байна гэдэг нь тэр яам муу ажиллаж байгаагийн шинж биш, харин ч сайн явж байгаагийн нотолгоо.
Гэхдээ энд бид нэг энгийн атлаа хамгийн чухал үнэнийг мартаж болохгүй. Дэлхий ертөнц тайван биш байна. Олон улсын харилцааны орчин урьд өмнөхөөсөө хавьгүй эмзэг, савлагаатай, эрсдэлтэй болсон. Их гүрнүүдийн өрсөлдөөн хурцадлаа. Дайн, хориг, худалдааны хязгаарлалт, тээвэр ложистикийн тасалдал, эрчим хүчний хомсдол, валют, санхүүгийн дарамт зэрэг нь зөвхөн их гүрнүүдийн асуудал биш болсон. Ийм үед улсын гадаад бодлого гэдэг туршилтын лаборатори биш. “Хэнийг нэг удаа үзье”, “өөр хүн очоод яахыг харъя” гэдэг тоглоом бүр ч биш. Ялангуяа хоёр их хөршийн дунд оршдог, далайд гарцгүй, эдийн засаг нь гадаад орчноос ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд гадаад бодлогын залгамж чанар, итгэлцэл, урт хугацаанд босгосон харилцааны капитал гэдэг туйлын үнэт хөрөнгө юм.
Энэ утгаар нь авч үзвэл Батцэцэг сайдын сүүлийн таван жилд босгосон хамгийн том зүйл бол зөвхөн айлчлалын тоо, гарын үсэг зурсан баримт бичгийн тоо биш. Тэр бол гадаад харилцааны капитал.
Гадаад харилцааны капитал гэж юу вэ? Энэ нь нэг талаас хувь хүний түвшинд бий болгосон итгэлцэл. Нөгөө талаас улсын нэрийн өмнөөс тогтоосон найдвартай харилцаа. Утас авахад цаана нь шууд хариу өгдөг болсон сувгууд. Хэцүү үед “Монголын талаас энэ хүн ярьж байгаа бол үндэслэлтэй” гэж хүлээж авдаг нэр хүнд. Асуудал гарахад түүнийг түргэн шийдвэрлэх боломж олгодог албан бус ойлголцол. Олон улсын тавцанд байнга харагдаж, байнга оролцож, байнга сануулж байж л босдог итгэл. Ийм капитал нэг өдөрт бий болдоггүй. Улс төрийн реклам, сошиал кампанит ажил, дотоодын уриагаар бүр ч бий болдоггүй. Түүнийг удаан хугацааны тэвчээр, алдаа гаргахгүй ажилласан сахилга, хэлэлцээний ур чадвар, хамгийн гол нь олон талаас итгэл алдралгүй авч явсан туршлагаар л босгодог.
Монгол шиг орны хувьд энэ капитал бүр илүү үнэ цэнтэй. Манай улс зөөлөн хүч, тэнцвэртэй бодлого, гуравдагч хөршийн сүлжээ, олон улсын нэр хүндээрээ л геополитикийн дарамтаа тэнцвэржүүлдэг. Бидэнд хэн нэгнийг сүрдүүлэх хэмжээний хүчирхэг цэрэг арми байхгүй. Бидэнд зах зээлээрээ дарамталдаг эдийн засгийн аварга хэмжээ алга. Тэгвэл бид юугаараа явдаг вэ? Бид итгэлцлээрээ явдаг. Нэр хүндээрээ явдаг. Үгээ даадаг дүр төрхөөрөө явдаг. Эцэст нь хүмүүсийн хооронд босгосон найдвартай харилцаагаар явдаг. Тэр бол гадаад харилцааны капитал.
Сүүлийн таван жилд Монголын гадаад бодлого олон сорилт дундуур явсан. Цар тахал, дайн, бүс нутгийн хурцадмал байдал, эдийн засгийн савлагаа, тээврийн тасалдал, улс гүрнүүдийн өрсөлдөөний хүнд орчин дунд Монгол Улс гадаад бодлогоо тогтвортой авч гарч чадсан. Улс орон бүр дотогшоо хумигдаж, эрсдэлээс айж, болгоомжилж байсан тэр цаг үед Монгол Улс харин ч олон талт харилцаагаа өргөжүүлж, гуравдагч хөршүүдтэйгээ холбоогоо бэхжүүлж, хөршүүдтэйгээ харилцааны сувгаа таслалгүй, бүс нутгийн болон дэлхийн индэр дээр идэвхтэй хэвээр үлдсэн. Энэ бол өөрөө автоматаар болсон зүйл биш. Үүний цаана сайтар босгосон итгэлцэл, олон улсын түвшний тасралтгүй ажил, хувь хүний түвшинд бий болгосон хандлага, хүлээн зөвшөөрөлт байсан.
Тиймээс өнөөдөр асуудал нь “Батцэцэг гэж хувь хүн сайд болох уу, үгүй юу” гэсэн хэмжээнд биш. Асуудал нь Монгол Улс босгосон гадаад харилцааны капиталаа хадгалах уу, үгүй юу гэдэг дээр очиж байна. Төрийн залгамж чанар гэж ярьдаг нь ердөө тамга шилжүүлэхийг хэлдэггүй. Хамгийн чухал нь итгэл шилжүүлэхийг хэлдэг. Харин зарим итгэл шилждэггүй. Түүнийг тухайн хүн өөрөө удаан хугацаанд бүрдүүлж байж л босгодог. Ийм капиталтай сайдтай байна гэдэг бол зүгээр нэг намын квот, эвслийн тохиролцоо, улс төрийн тэнцвэрийн асуудал биш, улс орны аюулгүй байдал, эдийн засгийн эрх ашиг, олон улсын байр суурийн асуудал мөн.
Ийм үед хэвлэлээр мөнгө цацан харлуулах ажиллагаа явуулж байгаа хүмүүс үнэндээ юунаас айж байна вэ? Нэг хүний нэр хүндээс үү? Үгүй. Тэд тогтсон харилцаа, баттай суваг, бэхэжсэн итгэлцэл, олон улсад танигдсан институцийн ой санамжаас эмээж байна. Өөрөөр хэлбэл гадна талд хүлээн зөвшөөрөгдсөн, дотоод талд тогтвортой, үр дүн нь харагддаг гадаад бодлогын шугам үргэлжлэх вий гэдгээс айж байна. Учир нь ийм шугам үргэлжилбэл хоосон амбиц, гэнэт тодорсон дүр эсгэлт, танил талын улс төрд зай багасна.
Гадаад бодлого бол тайзан дээр шинэ дүр гаргаж олны анхаарал татах салбар биш. Энэ бол дуу чимээ багатай ч үр нөлөө асар том талбар. Энд нэг алдаа олон жилээр төлөгдөнө. Нэг буруу үг, нэг эвгүй дохио, нэг туршлагагүй алхам хөрөнгө оруулалт, экспорт, түншлэл, виз, зээл, төсөл, аюулгүй байдлын хамтын ажиллагаа гээд олон зүйлийг гацааж чадна. Харин эсрэгээрээ нэгэнт босгосон нэр хүнд, итгэлцэл, харилцааны капитал олон хаалгыг чимээгүйхэн нээж өгдөг. Яг ийм учраас өнөөдөр Монголд гадаад бодлогын салбарт туршлага, танигдсан байдал, тогтвортой байдлыг үнэлэх ёстой.
Батцэцэг сайдын тухайд түүнийг шүүмжлэх хүн мэдээж байгаа. Аль ч улсад гадаад бодлогын сайд хүн шүүмжлэлээс ангид байдаггүй. Гэвч бодит үнэлгээ нь захиалгат мэдээллийн давлагаагаар биш, улсын эрх ашгийн хэмжүүрээр хийгдэх ёстой. Монголын гадаад харилцаа өнөөдөр эмх цэгцтэй, гол түншүүдтэйгээ шугам холбоо нь ажиллаж, олон улсын тавцанд байр сууриа алдалгүй, хөршүүд болон гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрээ хадгалж, цаашдын олон асуудлаа ярих хөрсөө хадгалж байгаа нь хамгаалах ёстой үнэт зүйл мөн.
Эцэст нь хэлэхэд, зарим хүн албан тушаалыг суудал гэж хардаг. Харин төрийн зарим алба суудал биш, хуримтлагдсан капитал байдаг. Гадаад харилцааны яам, түүний сайдын алба бол яг тийм. Тэнд томилогдох хүн зөвхөн өнөөдрийн сонины гарчигт таалагдах ёсгүй.
Маргааш утсаа авах хүнтэй, нөгөөдөр хэлэлцээ хийх итгэлтэй, ирэх жилүүдэд Монголын эрх ашгийг хамгаалах капиталтай байх ёстой. Ийм капитал босгоход амаргүй. Харин устгахад хялбар.
Тийм учраас Батцэцэг сайдын эсрэг өнөөдрийн дайралтуудыг зөвхөн хар пиарын ээлжит давлагаа гэж харах нь дулимаг. Энэ бол Монголын гадаад бодлогын залгамж чанар, итгэлцлийн үнэ цэнэ, төрийн хуримтлуулсан капиталыг хамгаалах эсэх тухай асуудал юм. Дэлхий ертөнц ийм эмзэг, ийм донсолгоотой байхад бидэнд туршилт биш, туршлага хэрэгтэй. Хүсэл биш, капитал хэрэгтэй. Шуугиан биш, шугам хэрэгтэй.
Ахмад дипломат, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар:
- Х.Бэхбат
- Л.Галбадрах
- Г.Жаргалсайхан
- Ц.Цолмон
- Л.Баттулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

