/Онцлох сэдвээс гадна өнгөрсөн оны байдлаар зөвхөн өссөн үзүүлэлттэй байгаа асуудлуудыг дурдсан болно/
Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.
Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна.
2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцаж байна.
Хүүхдийн эрхийн конвенцод оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог ДЭЭД ЗЭРГЭЭР бүрдүүлэн хангана гэж заасан байдаг.
Харамсалтай нь 2015-2024 оны статистикаас харахад, жилд дунджаар 50 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алддаг байна. ОБЕГ-ын мэдээллээр 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртжээ.
Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын 49.6%-ийг усны осол, 33%-ийг гал түймэр, 7%-ийг зам тээврийн осол, 4%-ийг үер эзэлж байгаа аж.
ЭМЯ-ны мэдээллээр 2025 онд нийт 2.2 мянган хүүхэд нохойд хазуулсан байгаа нь өмнөх оноос 207 (10.4%) хүүхдээр нэмэгдсэн байна.
Сэтгэлзүй
0-18 насны хүүхдийн сэтгэл гутралын тусгайлсан судалгаа одоогоор хийгдээгүй бөгөөд ҮСХ-ноос 2023 онд хийсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар сэтгэл гутрах болон түгших шинж тэмдэг сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд 15-24 насны залуучуудын 6.4%-д нь илэрсэн байна.
Сонирхуулахад “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлгийн үеэр нэгэн судлаач "Гэртээ байх хугацаандаа байнга утсаар оролдсон хүүхэд сургууль дээрээ очоод бодит ертөнцтэй эвлэрч чаддаггүй. Багш болон ангийнхантайгаа харилцаж чадахгүй бүгдийг утсан дээрээ үзсэн зүйлсээрээ төсөөлж эхэлдэг нь хүүхдийг сэтгэлзүйн хямралд оруулдаг" гэжээ.
Амиа хорлолт
Эрүүл мэндийн яамны 2025 оны мэдээллээр нийт 45 хүүхэд амиа хорлосон нь өмнөх оноос 17 тохиолдлоор буурсан байна. Насны бүлгээр авч үзвэл 5-9 насны 1, 10-14 насны 11, 15-19 насны 33 хүүхэд 2025 онд амиа хорлосон байна.
Нийгмийн үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгааны үр дүнгээр 15-19 насны хүүхэд, залуусын 4.1 хувь нь амиа хорлох талаар бодсон гэсэн үр дүн гарчээ. Энэ нь дэлхийн амиа хорлолтоор тэргүүлж буй улс орнуудын жагсаалтад нэгэнт орсон гэсэн үг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Үе тэнгийн дээрэлхэлт
2024-2026 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2,300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн ба дийлэнх нь 11-14 насныхан байжээ.
Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтийн 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгддэг ба дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгдөг байна. Энэ нь гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг гэдгийг холбогдох албаныхан онцолж байв.
Мөн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсгээс энэ онд хийсэн судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал гарахад эцэг, эхийн дийлэнх нь хүүхдээ өмөөрдөг гэжээ.
Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гаргах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрүүдээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна.
Хүүхдийн хөдөлмөр
Манай улс хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахыг хуульчилж, олон улсын өмнө ч уг асуудалд үүрэг хүлээсэн байдаг. Гэсэн ч ҮСХ-ны хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь аюултай хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2,049 хүүхэд байна гэх үр дүн гарчээ.
Уг судалгаа нь зөвхөн өрхөд суурилж хийгдсэн бөгөөд өрх үүсгээгүй, зорилтод бүлэгт хамаарч буй хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг болон гуйлга гуйж буй хүүхдүүдийн тоон мэдээлэл байхгүй юм.
Бэлгийн мөлжлөг
ХЭҮК-ийн 2022 оны "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаанд дурдсанаар “Биеэ үнэлэн эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон” зөрчилд сүүлийн 3 жилд насанд хүрээгүй нийт 410 хүн холбогджээ.
Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах зэрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдийн тоо өсөж, бэлгийн дарамтад өртсөн хүүхдийн тоо огцом нэмэгдсэн нь нийгмийн шинжтэй асуудал болсны цаана бэлгийн мөлжлөг явагдаж байх өндөр магадлалтай байгааг анхаарах шаардлагатай байна гэдгийг судалгаанд онцолжээ.
Хүн худалдаалах гэмт хэрэгт
ҮСХ-оос энэ онд гаргасан Монгол Улсын хүүхэд хамгааллын статистик мэдээнд дурдсанаар Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээгээр 2025 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 6 хүүхэд байна.
2025 оны байдлаар нийт 54,942 хүүхэд, үүнээс эцэг эхийн хэн нэг нь нас барсны улмаас 28,063 хүүхэд, гэр бүл салсны улмаас 15,645 хүүхэд эцэг эхийн хэн нэгэнтэйгээ амьдарч байна.
2025 оны байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт (ШШГЕГ) бүртгэгдсэн тэтгэлэг авах хүүхдийн тоо 19.7 мянга байгаа бол тэтгэлэг авч чадахгүй байгаа хүүхдийн тоо 8.8 мянга байна. Өмнөх онтой харьцуулахад тэтгэлэг авахаар ШШГЕГ-т бүртгүүлсэн хүүхэд 9.5 хувь, тэтгэлэг авч чадахгүй хүүхэд 3.1 хувиар нэмэгдсэн байна.
Эх үүсвэр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
2023 оны Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаанд хамрагдсан 14-17 насны хүүхдийн 58.8 хувь нь оршин сууж байгаа газар нь орчны бохирдол хог хаягдал ихтэй гэж үзсэн бол 38.6 хувь нь амьдрах орчны таатай нөхцөлийг хангадаггүй гэж хариулсан байна.
2025 оны байдлаар 10000 хүнд ногдох хүүхдийн зонхилон тохиолдох өвчлөлийг амьсгалын замын өвчин тэргүүлж байна. Амьсгалын замын тогтолцооны өвчлөл 2025 онд 3,038 болж, өмнөх оноос 20-иор нэмэгдсэн байна.
ЦЕГ-ын гэмт хэргийн мэдээгээр 2024 онд гэмт хэргийн улмаас дотуур байранд амь насаа алдсан 2 хүүхэд бүртгэгдсэн байна.
2025 онд нийт 18 хүртэлх насны 74 хүүхэд дээрэмдэх гэмт хэргийн, 113 хүүхэд залилах гэмт хэргийн хохирогч болсон байна. Өмнөх онтой харьцуулахад залилах гэмт хэргийн хохирогч 31 (21.5%)-ээр буурч, дээрэмдэх гэмт хэргийн хохирогч 2 (2.8%)-оор өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн 2023 оны судалгаанд хамрагдсан 14-19 насны хүүхдийн 22.5 хувь нь сүүлийн 3 жилд цахим орчны дарамтад өртсөн байна.
2025 онд 0-18 насны нийт 52,305 хүүхэд хүнсний талонд хамрагдсан нь өмнөх оноос 8,692 (19.2%) хүүхдээр өссөн байна.
Манай улсад сүүлийн 9 жилд хар тамхины хэрэгт холбогдогчдын 4% нь 13-17 насныхан байгаа ба 64 сурагч ийм төрлийн гэмт хэрэгт холбогджээ.
Түүнчлэн ЭМЯ-ны 2025 оны мэдээгээр сэтгэцэд нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэгүүд оноштой 36 хүүхэд байгаа нь өмнөх оноос 26 (3.6 дахин)-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.