Уншиж байна ...

Кристина Ховен: Дэлхий даяар 5-10 насны хүүхдүүдийн дунд амиа хорлолт нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал болсон

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сэтгэцийн эрүүл мэнд-2025" шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ долоо хоногт зохион байгууллаа. 

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын найман илтгэгч хүрэлцэн иржээ. 

Энэ үеэр "Амиа хорлох төрх үйлийн эрсдэлийн бүтцийг илрүүлэх нь" сэдвээр АНУ-ын Колумбын их сургуулийн Анагаах ухааны сургууль дахь Сэтгэцийн тархвар судлалын холбооны дарга Кристина Ховены танилцуулсан илтгэлийг хүргэж байна. 



Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь тийм амархан биш. Олон талын байгууллагын хамтын оролцоо шаарддаг цогц үйл ажиллагаа байх ёстой. 

Улс орон болгон харилцан адилгүй, өөр өөрийн өвөрмөц тусгайлсан хөтөлбөрийг боловсруулахгүй бол нэг улсад хэрэгжсэн хөтөлбөр нөгөө улсад хэрэгжихгүй байх тохиолдол бий. 

Дэлхий даяар амиа хорлолтод хамгийн их өртөж байгаа хүн ам бол ӨСВӨР ҮЕИЙНХЭН. Үүний суурь хүчин зүйлийг өнөөдрийн илтгэлээр ярилцана.

15-19 насныхны дунд амиа хорлолт хамгийн өндөр хувьтай байгааг статистик үзүүлэлтүүд харуулдаг.

"Нэг амиа хорлолтын цаана 20 оролдлого байна" гэх тоо хүртэл бий. Гэхдээ үүнийг баттай гэхэд хэцүү бөгөөд нарийвчилсан тоо байхгүйг тодотгож хэлье. 

Амиа хорлолтоор тэргүүлж буй 10 орон нийт хүн амд (2021 он) 

  1. Африкийн Лесото 
  2. Өмнөд Солонгос 
  3. Эсватинийн Хаант улс
  4. Гайана улс
  5. Уругвай
  6. Өмнөд Африк 
  7. Суринам улс
  8. Литва
  9. Орос
  10. Украин 

Монгол Улсын хувьд энэ жагсаалтын эхний аравт ороогүй. 

зураг
 

Тэгвэл бид нар яагаад Монгол Улсад анхаарлаа хандуулж байна вэ? 

Монгол Улсын хувьд 15-19 насны хүүхэд, залуусын амиа хорлолтоор нас барах эрсдэлийн тоон мэдээ 26.2 байгаа. Энэ нь дэлхийн амиа хорлолтоор тэргүүлж буй улс орнуудын жагсаалтад нэгэнт орсон гэсэн үг.

Өмнө нь Япон, Солонгос улс энэ үзүүлэлтэд багтаж байсан ч олон арга хэмжээ авсны үндсэнд тоо буурсан. 

Харин одоо Монгол Улсын хүн ам амиа хорлолтынхоо эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй бол болохгүй болжээ. 

зураг
 

Юмс өөрчлөгдөж байна. Та бүхэн 1990 онд эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүн амд байсан нас барах шалтгаануудыг 2021 оныхтой харьцуулж хараарай. 

Өөрийгөө санаандгүйгээр гэмтээх, зориудаар өөрийгөө гэмтээх болон мансуурах бодис хэрэглэх үзэгдэл өсөж байгааг дараах зураг харуулж байна. 

зураг
 

5-14 насны хүүхдүүдийн хувьд ч санаандгүй гэмтэж, бэртэж нас барах эрсдэл нэг номерт байсаар. Гэхдээ яаралтай тусламжаар машины аваарт орсон хүн хүргэгдээд ирлээ гэхэд санаандгүй осол уу, амиа хорлох оролдлого байсан уу гэдгийг бодох л асуудал. 

Хөрш улс орнуудтай харьцуулсан үзүүлэлтээс Монгол Улс хаана явааг харж болно. 

Монголд одоогоор нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны эмгэг болж байна.

Дараах график доошлох тусмаа аюултай байгааг илтгэж буй. Урьд нь Япон улс хамгийн доор байсан бол одоо хамгийн дээр орж, харин Орос улсын хүн амын эрүүл мэндийн эрсдэл хамгийн их буюу дараах графикт доод эгнээнд жагсжээ. 

Харин Монгол Улс доороосоо дөрөвт бичигдсэн. 

зураг
 

Зарим улс оронд амиа хорлолтын мэдээ баримтыг хангалттай цуглуулж байна.

Тэрхүү хангалттай цуглуулсан улс орнуудын баримт дээр тулгуурлаж харахад амиа хорлох оролдлого ба амиа хорлож нас барсан иргэдийн тоо  5-10 насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь харамсалтай. 

Үүнийг ХУДАЛ гэж хэлэх ямар ч үндэслэлгүй. Энэ насны бүлэгт амиа хорлолт ихсэж байгаа шалтгаан нь юунаас үүдэлтэйг ойлгох хэрэгтэй байна.

Өмнө нь амиа хорлолт насанд хүрсэн хүний асуудал гэж үзэх хандлага түгээмэл байсан. Одоо бүр урагшлаад 5-10 нас болчихжээ. 

Дараах баганад нас барах шалтгаануудыг өнгөөр ялгаж харуулсан. Эндээс харахад Монгол Улсад эрэгтэй хүйсэнд гэмтэл бэртэл, осол аваараас шалтгаалж амиа алдах эрсдэл илүү их байгааг анзаараарай. 

зураг
 

Жишээлбэл ногоон өнгөөр харуулсан баганад живэх, унах, өөрийгөө гэмтээх, зам тээврийн осол хэр их тохиолдож байгааг үзүүллээ.

Тэгвэл хүн уналаа гэхэд зориудаар унаад байна уу, эсвэл санаандгүй унаж байгаа юу, зориудаар живж байна уу гэх мэтчилэн энэ ослын цаана дандаа амиа хорлох болзошгүй тохиолдлууд бий.  

5-14 насны хүүхдүүдийн нас барах шалтгааныг дараах зурагт харуулж байна. Мөн адил гэмтэл бэртлийн улмаас нас барах тохиолдол их бүртгэгджээ. 

зураг
 

2030 он гэхэд сэтгэл гутрах эмгэг дэлхийд өвчний ачаалал үүсгэх тэргүүлэгч өвчлөлүүдийн хоёрдугаарт жагсах мэдээлэл бий. 

Хүүхдийн амиа хорлох шалтгаан ба хүчин зүйлс: 

  • Хүчирхийлэл, дайн байлдаан
  • Үл хайхрах байдал 
  • Орхигдох
  • Хүүхдийн хөдөлмөр зэрэг олон шалтгаан нь амиа хорлох эрсдэлд хүргэж буй. 
зураг
 

Хаанаас тусламж авах ёстой вэ гэдгийг хүүхдүүдэд танин мэдүүлж, мэдлэг боловсролоор хангах нь зүйтэй.

Мөн ялгаварлан гадуурхах нь өөрөө сэтгэцийн эмгэгийг үүсгэдэг, хүндрүүлдэг, нөхцөл байдлыг дордуулдаг хүчин зүйл. 

Амиа хорлолтын шинж тэмдгийг танин тодруулах тал дээр бусад мэргэжлийн эмч нарт боловсрол олгож, чадавхжуулах хэрэгтэй байна. Гэр бүлийн гишүүд, орон нутгийн засаг захиргааны хүмүүс, удирдлагын шатанд ч энэ асуудалтай бүгд тэмцэх нь чухал гэдгийг АНУ-ын Колумбын их сургуулийн Анагаах ухааны сургууль дахь Сэтгэцийн тархвар судлалын холбооны дарга Кристина Ховен хэллээ.