АНУ, Саудын Араб улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах томоохон гэрээ байгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улсад өөрийн цөмийн хөтөлбөр эхлүүлэх боломж олгох томоохон гэрээг АНУ тус улстай байгуулсан тухай өчигдөр албаны эх сурвалжууд мэдээлжээ.

“Энхийн зорилгоор цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэгдсэн уг бичиг баримт Америкийн компаниудад Саудын Арабын цөмийн хөтөлбөрт оролцох томоохон боломж нээж байгааг АНУ-ын эрчим хүчний яам мэдээлсэн байна.

Гэрээний талаар мэдээлэл дутмаг байгаа ч Саудын Араб улс цахилгаан станцууддаа ашиглах зорилгоор уран баяжуулах боломж үүгээр нээгдэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ нь цаашилбал цөмийн зэвсэг ч бүтээх боломжтой гэсэн үг.

АНУ-ын эрчим хүчний яам “аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ” нэмж байгуулагдсаныг мэдэгдэлдээ дурдсан байна.

“Эдгээр хоёр гэрээ нь хамтдаа олон арван жил үргэлжлэх олон тэрбум долларын түншлэлийн хууль эрх зүйн үндэс суурийг тавьж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг эдийн засаг, стратегийн хэд хэдэн зорилтуудыг урагшлуулж байгаа юм” гэж уг мэдэгдэлд тайлбарлажээ.

Саудын Арабын засгийн газрын мэдэгдэлд уг гэрээ нь “хоёр улсын эрчим хүчний салбар дахь одоогийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа” гэж тайлбарласан байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вашингтонд айлчилсны дараа уг гэрээний нөхцөлүүдийг тохиролцсон гэнэ.

Ойрх Дорнодын бүс нутагт Ираны дайн хурцдаж байгаа цаг үед энэхүү шинэ гэрээний тухай мэдээлэл анх удаа ил болж байна.

Саудын Арабын нутаг дэвсгэрт АНУ-ын хэд хэдэн цэргийн бааз байрладаг. Хоёр хоногийн өмнө Йемен дэх Ираны холбоотон Хуситууд тус улсын эсрэг тэнгисийн бүслэлт зарласан юм.

Ингэснээр Улаан тэнгисээр дамждаг Саудын Арабын газрын тосны тээвэрлэлтэд аюул учраад байгаа.

Цөмийн мэргэжилтнүүд болон Ойрх Дорнод дахь АНУ-ын гол холбоотон Израилийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс уг гэрээ Саудын Араб улсад цөмийн зэвсэгтэй болох боломж олгож магадгүй хэмээн санаа зовнилоо илэрхийлжээ.

Гэхдээ олон шинжээч уг хөтөлбөр хэдэн арван жил үргэлжилж, олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарна гэж үзэж байна.

“АНУ хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй, бид хэзээ ч өөр улсад өөрийн нутаг дэвсгэр дээрээ уран баяжуулдаг болоход нь тусалж байгаагүй. Хэрвээ тухайн улс цөмийн түлшээ үйлдвэрлэдэг болчихвол цөмийн зэвсэг бүтээх илүү том эрсдэл бий болно” гэж АНУ-д төвтэй Defense Priorities судалгааны төвийн Ойрх Дорнодын хөтөлбөрийн захирал Розмари Кеаланик хэлжээ.

Гэхдээ Трампын баталсан гэрээг одоо Конгресс хянаж, зөвшөөрөл өгөх ёстой.

Трампын Бүгд Найрамдах нам Конгрессын хоёр танхимд олонх болдог ч хоёр намын аль алины гишүүдийн дотор гэрээг эсэргүүцэгчид байгаа юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио цөмийн зэвсэг бүтээх боломжийг үгүйсгэсэн байна.

“АНУ цөмийн зэвсэг дэлгэрүүлэхэд хүргэх ямар ч гэрээг ямар ч улстай байгуулахгүй” гэж тэр Филиппинд хийж буй айлчлалынхаа үеэр мэдэгджээ.

АНУ, Израилийн одоо Иранд явуулж буй дайн нь Техраны цөмийн хөтөлбөрийг устгах үндсэн зорилготой гэгдэж байгаа.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2018 онд CBS News сувагт өгсөн ярилцлагадаа “манай улс цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөгүй. Гэхдээ Иран улс цөмийн зэвсэгтэй болбол бид аль болох хурдан ижил арга хэмжээ авах болно” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: BBC