Эпштейнтэй холбоотой байсан Францын моделийн агент нас барсныг Парис дахь гэрээс нь олжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй ойр дотно холбоотой байсан гэгддэг моделийн агент Парис хотын гадна оршдог гэртээ нас барсныг олсон тухай Францын прокурорын газар өчигдөр мэдээлжээ.

69 настай Даниэл Сиад нь Эпштейнд эмэгтэйчүүдийг худалдаж, зуучилсан үйлдэлд буруутгагдан шалгагдаж байсан Францын хэд хэдэн иргэний нэг юм.

“Үхлийн шалтгааныг тогтоох мөрдлөгийн ажил Даваа гарагийн орой цогцсыг олсны дараа эхэлсэн” гэж Францын прокурорын албаныхан мэдээлжээ.

Сиадын өмгөөлөгч Менья Араб-Тигрин үйлчлүүлэгч нь нас барахаасаа өмнө өөрийн гэм буруугүйг илэрхийлж байсныг ярьсан байна.

“Хэрвээ тэр зүрхний шигдээсээр нас барсан бол тэвчихийн аргагүй хүлээлт, дарамт, өдөр бүр туулж байсан айдас түгшүүр нөлөөлсөн нь гарцаагүй” гэж тэр хэлжээ.

зураг
 
Даниэл Сиад

Эпштейн 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэргээр шалгагдаж, шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд нас барсан юм.

Францын эрх баригчид 2020 онд өөр нэг моделийн агент Жан Люк Брюнелийг мөн адил Америкийн тэрбумтанд эмэгтэйчүүдийг зуучилдаг байсан хэргээр баривчилж байв. Тэр 2022 онд шоронд нас барсан юм.

Сиадын нэр АНУ-ын хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний баримтуудад 1,000 гаруй удаа дурдагдсан байдаг.

Нэг баримтад тэр өөрийнхөө ажлыг загас барихтай зүйрлэж байжээ.

“Энэ бизнест би заримдаа өөрийгөө загасчин шиг төсөөлдөг. Заримдаа олзтой, заримдаа хоосон” гэж тэр 2014 онд Эпштейнд илгээсэн имэйлдээ бичсэн байв.

Сүүлд Сиад байцаалтын үеэр Эпштейн “түүний итгэлийг ашигласан” гэж мэдүүлж байжээ.

Гэхдээ хохирогчдын нэг, Францын загвар өмсөгч асан Жюлиет Г. тэдний харилцаа холбооны талаар анх гэрчилсэн юм. Сиад түүнийг 2004 онд ажилд авсныхаа дараа Нью-Йорк хотод Эпштейнтэй уулзуулж байжээ.

Сиад бас хүчингийн хэрэгт шалгагдаж байсан юм.

Одоо тавь орчим настай Шведийн модель асан Эбба Карлссон өнгөрсөн хоёрдугаар сард өөрийг нь 20 настайд хүчиндсэн хэргээр Сиадын эсрэг шүүхэд гомдол гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP