"Төрийн болон хувийн зарим цэцэрлэгийн барилгыг хотхоны бага сургууль болгож 2,200 гаруй хүүхдийг хамруулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2026-2027 оны хичээлийн шинэ жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо өсөх төлөвтэй байна хэмээн Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэв.

Түүний танилцуулснаар боловсролын салбарт нийт 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 20 сургууль (12,300 суудал), 23 цэцэрлэг (4,030 ор), долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (1,960 хүүхдийн хүчин чадалтай), хоёр спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу өөрчлөн "Хотхоны бага сургууль" болгон ашиглаж, 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөж буйг тэрбээр танилцуулав.

Энэхүү төсөл нь "Гэрт ойрхон сургууль - Сайн сургууль" концепцыг хэрэгжүүлэх, анги, бүлгийн ачааллыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэлээ.